Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн олборлолт явуулж буй Газрын тосны 19, 21 дүгээр талбайд монголчуудын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна, монголчуудын хийж байсан ажлыг хятадууд хүчээр булааж авч ажлын байргүй болголоо, бүр цаашлаад айл өрхүүдийг хоолноос нь салгаж байна гэх мэдээлэл гарсаар байгаа билээ. Өнгөрсөн өдрүүдэд АМГТГ-ын Ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн 19, 21 дүгээр талбайд ажиллаж, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн охин компани болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, заримд нь шаардлага өгч, зөвлөмж хүргүүлжээ.
19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байгаа “Цагаан хэрэм” охин компанийн туслан гүйцэтгэгч “Нөмрөг ээл” гээд компани нь Хятадын 100 хувь хөрөнгө оруулалтай, хятад эзэнтэй, 10 гаруй монгол ажилтантай аж. Тиймдээ ч Монгол Улсын хууль дүрэмд захирагдана гэж байхгүй. Хуулийг уландаа гишгэж, шаардлага тавьсан албаныхныг нохой хуцсан дайны боддог гэнэ. Ингэж л даварч, төрийн толгойд болон Монгол Улсын хуулийн магнайд гарсан хятад хүнд газар нутгаа дээрэмдүүлж цөлмүүлж байна гэсэн сумын иргэд болон ажлын байраа булаалгасан иргэд эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна.
“Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийн охин компани болох “Цагаан хэрэм” нь шингэн хагалбар болон өрөмдлөгийн ангитай. Тус анги нь ачаа тээврийн үйл ажиллагаагаа 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай “Дорнын их гэгээ” компаниар гүйцэтгүүлж байгаад 2014 онд гэрээгээ цуцлан, “Нөмрөг ээл” хэмээх Монголд бүртгэлтэй, хятад эзэнтэй компанийг туслан гүйцэтгэгчээр авсан байна.
Лю овогт Фэншуань анх газрын тосны талбайд туслах ажилтнаар ажиллаж байгаад 2014 онд компани байгуулан, том оврын тээврийн тэрэг оруулж ирээд “Цагаан хэрэм” шингэн хагалбарын компанийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөдөг болсноор асуудал үүсчээ. Анх 8 машинтай үйл ажиллагаагаа эхэлж байсан жижиг компани өнөөдөр хүрээгээ тэлж хоёр талбайд нийт 20 гаруй машинтай болжээ.
Хамгийн гол нь монголчуудын хийж чадаж байсан ажлыг булааж, тусгай зориулалтын бус машиныг хилээр оруулж ирэн замын хөдөлгөөнд оролцуулж эхэлжээ. Монгол Улсад зориулалтын бус машин замын хөдөлгөөнд оролцохыг хуулиар хориглодог. Мөн Хятадаас оруулж ирж байгаа машин Монголд байхад байхгүй мэт ойлголтыг төр болон холбогдох газруудад ойлгуулж, машины зураг, мэдээлэл үзүүлж яг л ийм машин оруулж ирнэ хэмээн итгэл үнэмшил төрүүлж байгаад зөвшөөрлөө авдаг аж. Гэвч бодит байдал дээр огт өөр маркийн машин оруулж ирээд хийц загварыг нь өөрчилж замын хөдөлгөөнд оролцуулдаг байна.
Ийм байдлыг нь тэвчихгүй, бас гаргаж байгаа үйлдэлийг нь эсэргүүцэж монголчууд тэмцэж суулт зарлаж эхэлжээ. Тэд тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход ч бэлэн байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, энэ сарын 23-нд Матад сумын ажилгүй иргэд болон ажлын байраа булаалгасан хүмүүс “Цагаан хэрэм” шингэн хагалбарын ангийн гадаа гэр барьж суулт хийж эхэлсэн. Тэд Хятадын тал буюу “Цагаан хэрэм” түүний туслан гүйцэтгэгч “Нөмрөг ээл” компанийг ямар нэгэн шийдвэр гаргатал, гэрээ буулгаж, суултаа зогсоохгүй гэж байв.
Гэтэл ажлын байраа булаалгасан 20 гаруй залуус дээрх компанийн үүдэнд гэр барьж, суулт хийж эхлэнгүүт “Цагаан хэрэм” компанийн хятад ажилчид цагдаад мэдэгдэж, харин туслан гүйцэтгэх компани болох “Нөмрөг Ээл”-ийн хуулийн зөвлөх нь тэдгээр залуустай ярилцаж ойлголцол зөвшилд хүрье гэж утсаар ярьсан юм. Тэрбээр “Одоогоор ажилгүй байгаа ямар иргэд байна. Хэчнээн том машин байна түүнийг нь авч ажиллуулах талаар нухацтай ярилцъя. Тиймээс кэмпийн үүдэнд барьсан гэрээ буулгаач” гэв. Харин тэмцэгчид энэ удаагийн тэмцэл ямар нэгэн үр дүнд хүрч эхэллээ гэсэн юм.
Хэдийгээр ажилгүй иргэд тэмцсэний эцэст “Нөмрөг Ээл” компанитай ярилцаж нэг шийдэлд хүрлээ гэж бодлоо гэхэд тус компани хоёр машин оруулж түрээсээр ажиллуулах боломжоор хангахаас өөр юугаар ч хангахгүй байх гэж харж бас хардаж байна. Тиймээс цаашид Хятадын тал буюу дээд толгой компани болох “Петрочайна Дачин тамсаг” түүний охин компани “Цагаан хэрэм” компанитай нь ярилцаж гэрээ хэлэлцээр хийж ажиллаж гэмээнэ асуудал нэг талдаа шийдэгдэнэ гэж үзэж буй.
Газрын тосны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11.2.5-д заасан “Өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох” гэсэн заалт бий. Энэ заалтыг хятад компаниуд овжиноор ашиглаж, өөр хоорондоо хуйвалдан, Монгол Улсад компани байгуулж, давхар туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажилладаг аж. Ингэснээрээ үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийг хөдөлмөрийн зах зээлээс шахан зайлуулж, Монгол Улсад орж ирэх төгрөгийн болон валютын их хэмжээний урсгалыг өмнөд хөршрүү зөөсөөр байна.
Бид “Цагаан хэрэм” болон “Нөмрөг Ээл” компанийн хятад эзэдүүдтэй уулзах гэсэн боловч байсангүй. Улаанбаатараас ажлын хэсгийнхэн шалгалт хийж явна гэсэн сургаар зугтааж хил гараад явсан байв. “Нөмрөг ээл” компаний хятад захирал Ванжий хилээр гараад явсан гурав хоногийн дараа ирнэ гэжээ. Түүний кэмпээр орох гэсэн боловч эзэнгүй, үүдээ баавгай шиг хоёр том эрлийз нохойгоор мануулсан байв. Ванжийг нохдоо хооллохын тулд зээр агнаж ирдэг гэсэн яриаг ч нутгийн иргэд үгүйсгэсэнгүй.
Сэтгэгдэл (3)