Өрнө дорнын түүхэнд цуутай Хотулун гүнжийн тухай “Хотол цагаан гүнж” романы тухай 24 баримтыг уншигч нараа хүргэж байна.
Баримт 1. Өрнө дорнын түүхэнд хамгийн том ул мөрөө үлдээсэн Хотол цагаан Ажуруг гүнжийн тухай бие даасан анхны роман.
Баримт 2. Хотол цагаан гүнж нь Италийн суу билэгт хөгжмийн зохиолч Пуччиний “Турандот” дуурийн баатар юм.
Баримт 3. “Шүүдэр” продакшны хэрэгжүүлж байгаа “Хотулун гүнж” кино зохиолоосоо сэдэвлэн роман нь бичигдсэн.
Баримт 4. Ид шид, үлгэр домгийн дүрслэлийг бодит түүхтэй сүлэлдүүлэн бичсэнээрээ онцлог. “...Шибкан хатнаас үхтлээ айдаг Борголж шивэгчний хэд хэдэн удаа харснаар наран мандахын өмнөх үүрийн гэгээнээр нярайг боосон улаан алаг ямааны арьсан бөөдийгөөс ухаа шаргал гэрэл цацарч байжээ...”
Баримт 5. “Хотол цагаан гүнж” романы хавтасны зургийг монгол зургийн аргаар бүтээлээ туурвидаг зураач Л.Хонгорзул зуржээ. Романы хавтасны зураг дээр Хотулун гүнжийг, кино төсөлд зориулан хийсэн тулааны дээлтэй нь зуржээ.
Баримт 6. Хотулун гүнж нь Диснейн гүнж нарын багт орох боломжтой үндэстний 10 гүнжийн нэгд тооцогддог.
Баримт 7. Америкийн Netflix компанийн бүтээл “Марко Поло” цувралын нэг гол дүр нь Kuthulun Princess юм. Энэ энэ дүрд Солонгосын модель, жүжигчин Клаудиа Ким тогложээ. Гэвч америкчууд алтан ургийн Хотулун гүнжийг Марко Полотой гадаа үүлэн борооны ажил үйлдэж буйгаар үзүүлсэн байна.
Баримт 8. Хотол цагаан гүнж нь бодит түүхэндээ өөрийнхөө сонгосон хүнтэй ураглах соёрхлыг эцгээсээ хүртсэн анхны гүнж юм. Энэ тухай Персийн түүхч Рашид Ад дин тэмдэглэн үлдээжээ.
Баримт 9. Марко Пологийн тэмдэглэлд Хотулун гүнжийн тухай “...Хотол цагаан гүнж нь дайсан өөд морьтой довтлон ороод ямар ч баатрыг олзлон авчирдаг байсан. Тэдний агт морьд сургуультай, аль жолоо залсан зүгт алавхийн давхина...” гэж бичжээ.
Баримт 10. Өрнийн түүхчдээс анх 18-р зуунд Францын эрдэмтэн Франсуа дө Ла Круа Чингис хааны түүхийг судалж байх ялдамд Хотулун гүнжийн тухай баримт олж, түүнээс сэдэвлэн үлгэр бичиж хэвлүүлсэн байна. Тэгэхдээ Хятад дахь Монголын Алтан хааны гүнж Турандоттой гэрлэх эрчүүд таахад бэрх гурван оньсогын хариуг хэлэх сорилгод ордог. Тааж чадаагүй эр цаазлуулдаг гэсэн зохиомжоор бичжээ.
Баримт 11. Энэ үлгэрээс сэдэвлэн Италийн зохиолч Карло Гоцци драмын жүжиг бичиж, жүжгийг Германы Веймар хотод тоглуулж байжээ.
Баримт 12. Хожим 1926 онд энэ жүжгээс сэдэвлэн Италийн суут хөгжмийн зохиолч Пуччини “Турандот” дууриа бичиж сонгодог урлагийн алтан сан хөмрөгт орсон билээ.
Баримт 13. Оросын нэгэн судлаачийн бичсэнээр, Пуччинийн азийн сэдвээр бичсэн хоёр дуурийн нэг нь Япон бүсгүй, нөгөө нь Монгол бүсгүйн тухай. Япон бүсгүй Чио Чио сан амраг эрдээ хаягдан хохирсон бүсгүй бол Монгол бүсгүй Турандот эрчүүдийг эрхшээлдээ оруулж, цаазаар авдаг эрэлхэг баатар байдаг.
Баримт 14. “Хотол цагаан гүнж” романд Хубилайн үр хүүхэд хатад, Зүчийн үр хүүхэд хатад, Цагадайнхны үр садыг бодит түүхээр нь нэрлэн баримт, уран сайхан, үлгэр домгийг хослуулан бичжээ.
Баримт 15. Энэ романд Хотулун гүнжийн эмэг эх буюу Хайду хааны эх Шибкан хатныг өвөрмөцөөр дүрслэн бичжээ. Түүхэн эх сурвалжид Хотулун гүнжийн эхийнх нь нэр ч дурьдагдаагүй бол Хайду хааны ээж Шибкан хатны тухай тодорхой бичиж үлдээсэн байдаг.
Баримт 16. Романд зүүд зөн, ид шидэт дүрслэл олон ашигласны ихэнх нь Шибкан хатантай холбоотой. “...Тэгтэл бүсгүйн аягатай усанд нэгэн танил дотно дүрс тодрон ирсэн нь хайрт эмэг эх нь аж. “Эмгээ...” гэж бүсгүйг аяархан шивнэхэд сэржигнэх салхинд ус нэг цалгилснаа эмгээгийнх нь дүрс алга болчихов...” гм.
Баримт 17. Романд өгүүлэх олон сонирхолтой үйл явдлын нэг нь Хотулуны эгч, Хайду хааны их охин Жинжий хүүхдээрээ хөгшрөх прогери эмгэгээс болж насан эцэслэдэг.
Баримт 18. Юан гүрний үеийн алтан ургийнхны хагарал зөрчил, эгэл жирийн нүүдэлчин монголчуудын зовлон зүдүүрийг тодорхой дүрслэн бичсэн. Тухайлбал, Аригбөх, Хубилайн дайн, Бэлгүдэйн угсааны Наян ван, Хайду ба Хубилайн хүү Номхон, ач хүү Гамала нарын тулаан, Цагадайн угсааны Борог, Хайду хоёрын тулаан. Түүнчлэн монголчууд уугуул нутгаа орхин нүүж явахдаа хөндлөнгийн этгээдэд талуулж буй, шархдан тулааны газарт хоцорсон Хадны өвгөн Зургаадай, Мангудай гөрөөч зэрэг сонирхолтой хувь заяатай баатрууд дүрслэгджээ.
Баримт 19. “Хотулун гүнж” кино төслийн гол дүрд Дэлхийн миссийн шилдэг 11-д шалгарсан загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг шалгарчээ.
Баримт 20. Харин Хайду хааны дүрд урьдчилсан байдлаар МУГЖ Б.Жаргалсайханыг сонгосон байна.
Баримт 21. Дэлхийн мисст зориулсан танилцуулга видеонд мисс А.Баярцэцэг, “Хотулун гүнж” кинонд зориулан урласан Хотулунбөх гүнжийн дээл, хуягийг өмсч, “Марко Поло”-2 кинонд ажилласан орлон тоглогчдын багийн хамт оролцсон нь олон улсад хандалтаараа тэргүүлж, шилдэг танилцуулгын шагнал хүртсэн билээ.
Баримт 22. “Хотол цагаан гүнж” роман 472 хуудастай.
Баримт 23. Хатдын түүх эмгэнэлтэйгээр төгсдөг бол Хотулун гүнжийн роман гэгээлгээр жаргадаг.
Баримт 24. “Хотол цагаан гүнж” роман хатуу, зөөлөн хоёр янзын хавтастайгаар хэвлэгдсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)