Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн тухай 24 баримтыг хүргэе.
Баримт 1. 1924 оны арваннэгдүгээр 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталж “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс гэж зарласан юм.
Баримт 2. Анхны Үндсэн хуулиар төрийн дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг УИХ ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино хэмээн тунхаглажээ.
Баримт 3. Ардын хувьсгал ялсны дараахнаас л Монгол Улс Үндсэн хуультай болох оролдлого хийж эхэлсэн байдаг. Анхны үндсэн хуулийн төслийг Ардын Засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоо боловсруулж байсан баримт бий. 1923 онд түүнийг цаазалсан тогтоолд “Үндсэн хууль хэмээх бичгийг нуун дарагдуулсан” гэсэн байдаг.
Баримт 4. Ардын Засгийн газар 1922 оны тавдугаар сард Үндсэн хууль боловсруулах комисс байгуулж Шүүх яамны сайд Магсаржав хурцаар ахлуулжээ. Энэ ажлын хэсэг нэлээд орны Үндсэн хуулийг орчуулан судалж байсан ч хөрөнгөтөн орны үндсэн хуулийг хуулах гэлээ хэмээн ердөө долоон сарын дараа татан буулгасан байдаг.
Баримт 5. Улсын анхдугаар хурал хуралдахын босгон дээр 1924 оны есдүгээр сарын 23-нд дахиад Үндсэн хууль боловсруулах комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан байгуулжээ. Энэ хуулийг боловсруулахдаа Зөвлөлийн засагт орос улсын Үндсэн хуулийг иш болгосон гэж олон судлаач тэмдэглэсэн байдаг.
Баримт 6. Үндсэн хуулийг батлахдаа найман өдөр хуралджээ. Хуулийн төслийг Ерөнхий сайд асан Б.Цэрэндорж гуай уншиж танилцуулсан байдаг.
Баримт 7. Нэгдүгээр бүлгийнхээ нэгдүгээр зүйлд “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заасан Анхдугаар Үндсэн хуулийн төгсгөлд “Монгол улсын 14 дүгээр он 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дүгээр сарын 26-ний өдрийн үдийн хойд цаг 4 цаг 17 минутанд энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав” гэсэн нь бий.
Баримт 8. Анхдугаар Үндсэн хуулийн бас нэг ач холбогдол нь Монгол Улсын төрийн байгууллыг анх удаа хуульчлан, хоёр шатны парламент байгуулсан явдал байлаа. 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш “Тангаргийн гэрээ”, “Нутгийн захиргааны дүрэм” дэрэг баримт бичгээр төрийн байгууллаа зохицуулж ирсэн ч ингэж хуульчилсан нь цоо шинэ зүйл байсан юм.
Баримт 9. Тусгаар тогтнолын зарласны хамгийн том баталгаа бол Манжийн эрхшээлээс гарсан үйл явдал байв.
Баримт 10. Монголчууд туурга тусгаар улс болсноо зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэж дэлхийн олон орны сонорт хүрсэн байна.
Баримт 11. Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө Хятад, ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Баримт 12. Монголын Улсын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн томоохон үйл явдал болох 1945 оны Ялтын хэлэлцээрийн үед И.В.Сталин “БНМАУ нь 1924 онд үндсэн хуулиа баталж тусгаар улс болсноо зарлан тунхагласан юм. Үүнийг та нар мэдэж байгаа” хэмээн Англи, АНУ-д тулгаж байсан түүхтэй.
Баримт 13. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Богд хаан, Чин ван Ханддорж, Түшээ гүн Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд, Сайн Ноён хан Намнансүрэн зэрэг ноёд түшмэд удирдан, зохион байгуулсан. 1921 оны Ардын хувьсгалыг гардан хийсэн Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Сүхбаатар нар эрх, чөлөө тусгаар тогтнолыг хүсч мөрөөдөж, үүний төлөө бүгд алтан амиа зориулсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.
Баримт 14. Социализмын үед 1911 оны хувьсгалыг хувьсгал биш Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж улстөржүүлэн нэрлэж байжээ.
Баримт 15. Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтанд сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн саналаа өгчээ. Ийнхүү 98,5 хувь нь бүгд тусгаар тогтнолоо батлан “зөвшөөрөв” хэмээн саналаа өгөн, татгалзсан хариу нэг ч гараагүй байна.
Баримт 16. Анхдугаар үндсэн хуулиар хүний эрхийг дээдэлсэн олон заалтууд орж байжээ. Монгол Улсын анхдугаар Үндсэн хуульд хамжлагат ёсыг халж, газрын доорх баялаг ард түмний өмч гэдгийг хуульчилж эмэгтэйчүүдийн тэгш эрхийг Азид анх удаа хүлээн зөвшөөрсөн тэр бүхэн нь нийгмийн дэвшлийн замд асар том алхам хийсэн гэж үздэг билээ.
Баримт 17. Мөн хүний эрхийг зөрчсөн зарим заалтууд ч орсон байна. Хуулийн дөрөвдүгээр бүлгийн 35 дугаар зүйлд “Сонгох, сонгогдох эрхийн тухай” заахдаа “Улсын Их, Бага Хурал ба нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлбэл зохих тус улсын харьяат эр эм хамаагүй хэн боловч сонголт үйлдэх өдөр арван найман нас хүрэгсэд нь /нэг/ өөрийн хүчнийг үнэлэх буюу хувийн ажил хийж амьдрагчид /хоёр/ ардын хувьсгалт цэрэг болно” гэсэн атлаа энэ бүлгийн 35 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-д “Ямагт ашгийг эрмэлзэх, бусдыг зарж амьдрагчид, ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны бас мөнгө хүүлэгчид, урьдын ван гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар”-ыг “Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс” хэмээн заасан байдаг.
Баримт 18. Түүх судлаачдын дүгнэлтээр Бүгд найрамдах улсыг тунхагласан явдал нь XX зууны Монголын хамгийн том ололт гэжээ. Туурга тусгаар Монгол улс байна гэдгийг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд уг өдрийн ач холбогдол оршино.
Баримт 19. Тус өдрийг монгол хүн 90-ээд жил төрт ёсны баяр хэмээн тэмдэглэжээ.
Баримт 20. УИХ-ын чуулганы 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар БНМАУ- ыг тунхагласан өдрийг тэмдэглэхийг болиулж эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоон “Монгол бахархлын өдөр”-тэй болох шийдвэр гаргасан юм.
Баримт 21. Харин энэ жилийн УИХ-ын хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ.
Баримт 22. Зохиолч, яруу Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би” гэх шүлэг уг өдрийн үнэ, цэнийг илэрхийлсэн алдартай бүтээл билээ.
Баримт 23. Улс бүрийн хувьд тусгаар тогтнолын өдөр чухал байр суурь эзэлдэг. Дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд энэхүү өдрийг өөрсдийн уламжлалаар, сонирхолтой байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Түүнчлэн хойч үедээ соёл, түүхээ таниулах ач холбогдол бүхий томоохон арга хэмжээг зохион байгуулдаг аж.
Баримт 24. Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)