Украин бүсгүй Мокрина Юрзук (Мария), Итали залуу Луйжи Педутто хоёр 1943 онд Германы бөөнөөр хорих лагерьт анх таарчээ. Анх учирахдаа “Ямар хөөрхөн юм бэ, түүнийг хамгаалах хэрэгтэй. Ямар туранхай юм бэ, түүнийг хооллох хэрэгтэй” гэсэн бодол хоёуланд нь төрж. Нэг нь итали хэл мэдэхгүй, нөгөө нь орос хэл мэдэхгүй ч хос хоёр ойлголцоод нэг нь нөгөөдөө хайраа бэлэглэх болжээ.
1945 оны ялалт ирсэн ч ялалтыг залгуулаад төмөр хөшгөөр таслагдсан хоёр ертөнцөд дэлхий хуваагдав. Бүсгүй нь лагераас бараг чирэгдээд Орос руу явжээ. Луйджи нь гартаа хаяг бичсэн цаас, салахын өмнөх шөнө бүсгүйгээ унтаж байхад нууцаар хайчилж авсан туг үс барьжээ.
Он жилүүд урсан өнгөрөв. Луйджи Мокринаг эрэхээ зогсоосонгүй. Олон жил өнгөрсөн ч анхны хайр мөхсөнгүй.
Бүсгүй ч хайрт нь түүнийг эрсээр байгаа гэдэгт эргэлзэлгүй итгэсээр байж. Олон жилийн дараа Луйджи Оросын хэвлэл мэдээлэлд ханджээ. Марияг олж өгөөч гэж хүссэн нь уулзахын учиг болжээ.
Мокрина Андреевнагийн хаалгыг сэтгүүлчид тогшиход тэр огт гайхаагүй байна. “Таныг хэн эрж байгаа вэ?” гэсэн асуултад “Луйжи Педутто. Италиас” гэж огтхон ч эргэлзэлгүй хариулжээ. Өдий насны хүн хайрт нь түүнийг 60 жилийн турш эрсээр байгаа гэдэгт нэг секунд ч эргэлзээгүй байсанд, нэрийг нь мартаагүй байсанд нэвтрүүлгийн багийн залуус гайхсанаа нуугаагүй байна.
Тэр олон жилийн дараах хайртай хоёрын анхны уулзалтыг харсан хүн нулимс урсгахгүй байж чадаагүй байна.
Итали эр өвдөг сөхөрч суугаад энэ хүртэл амьдруулсан хувь заяа болон бурхандаа талархжээ.
Өтөл нас, үхэл, дайн – тэр хоёрын хувьд нэгнээ мартах шалтгаан болсонгүй. 2013 онд Киев хотноо хижээл насны хосод зориулсан хөшөөг босгожээ. Сайхан хайрын түүх хосууд болзож, хотынхон цэцэг тавьдаг сайхан хөшөө болон сүндэрлэжээ.