Утгын чимэг 2013-ын шилдэг арван тавд үлдсэн бүтээл
Санжийн Пүрэв
Мөндөртийн зүүгээр хэдэн бөрлөн үүл усанд цувсан сарлаг лугаа бөртөлзөв. Тэр бараанаар багачуул аргал түлшээ бүтээн жирийж, гурав хоног эхлээр явсан Баржав амнаасаа исгэл үнэртүүлэн “Ээж чинь хаачив?” гэж хүүгээсээ асуухдаа орныхоо өмнө хаясан гаанс тамхиндаа гараа явууллаа. “Мэдэхгүй ээ!” гэж жаал хүү хэллээ.
Хотондоо хоёрхон гэрээр тул ээж хаа л холдоо аж, адарч байгаа нь тэр. Баржав тамхиа нэрж нээлттэй үүдээр тэртээ доод хөндийд зодуулсан гөлөг шиг хэвтэх өнчин ганц толгойг харжээ “Энэ бид хоёрын байж байгаа. Уг нь сайн хүний удам, сайхан уулын тасархай юмсан” гэж санав. Тэнгэр нижигнэн бороо асгарахын түрүүчээр аянга цахилгаан тэр өнчин толгойг хайр найргүй шавхуурдан нанчдаг. Тэгвэл Баржавыг хааяа ингэж хорхойсч яваад ирэхэд Доржмаа эм л амьтан болсон хойно яаж дуугүй өнгөрөхөв. Тэр өнчин ганц толгой, Баржав хоёр ийм цагт адилдаа адил. Харин тэр өнчин толгой Баржав шиг морь унаж, мод тохоод тэнэхгүй юм даа. Баржавыг ийн бодож байтал үүдээр нэг их цэлсхийсэн хөх шуурга орж ирсэн нь Доржмаа. “Одоо ч эхэлнэ дээ, хөөрхий!” гэж санасан Баржав гаанс тамхиа газар хаяад, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буруу харж өнхрөхийг харсан жаал хүү цатгалан зурам шиг час часхийлгэх эгдүүтэй.
Өөрийгөө “Энэ улаан гол согтуудаа хүүхдийн дэргэд бас юу гэж солиороо бол” гэхээс Баржавын яс хавталзана. Тэгж байтал Доржмаа дуудлаа. “За, босч л болохгүй шүү, толгойгоо ч бүү цухуйлга, энэ хүүхэн хулхиар чинь сүнгэнүүлэх гэж байна!” хэмээн хөнжлөө улам битүүлэв.
-Баржаав, өндий! гэж Доржмааг ихээ тайван дуудваас тэр “Нялуурч байгаад өвчихөөр шийдлээ, орой болтол бүү босохтүн!” гэж санатал тэр хөнжлийг нь сөхөв. Нүдний булангаар сэмхэн харвал Доржмаа аяга халуун нэрмэл сэнгэнүүлээд “Үүнийг балгачих маягтай гэдэг нь, юу болчоов?” гэж ширэв татах ялдамд сайхан аашлахыг хараад тэр зөнөсөн бурхи шиг гэнэ алдан өндийв. Баржав аягатайг гуд гуд залгилаад амаа арчихдаа,
-Би урьд шөнө их дөвчигнөв үү, хө? гэж зальжнаар үг тандав.
-Гайгүй ээ, дээдсээрээ л бардлаа! Чиний ихэс дээдсийн удамс гэж гайхуулдаг үнэн байна. Чамайг уусандаа солиорч хэрэгт унана гэж айж явсан, тэгтэл яах аргагүй үнэн байна гэж Доржмаа их л итгэлтэй хэлэв.
Энэ нь цаанаа нарийн учиртай санж. Тэгээд ч манайхан удам судраа насаараа дээдэлж төрхөмсдөг хойно. Ухаантай бүсгүй хүн уулыг утсаар ч хөтөлнө гэдэг энэ. Түүний магтаал үгийг сонссон Баржав хөнжил дотроо бүр цогнойгоод ирлээ. “Энэ өгөрийн байж байгаа! Сэцэн билэгт эцгийн удам гэж гайхуулах ч яамай, үнэн худлыг мэдэхгүй хэвтэж хөөрөх. Гэхдээ манайхныг бурхан дээдсийн гал голомтыг сахисан л гэлцэг юм даа, өнөөдөр хэн манийг тооно. Гучин хэдэн онд би ингэж согтуу бурсан бол аль хэдийн Шар хадны өвөрт халуун сум залгисан байж таарна” хэмээн санаж чичрүүс алдав.
Тэрхэн зуур нүдний нь өмнө орон гэр, удам судрыг нь гийгүүлсэн амьд бурхан, ботгон бор нүдэндээ ичингүйрэл нуусан бүсгүй тэр л жилийнхээ төрхөөр инээвхийлэх нь дотор уужилна. Тэр бол Баржавт нэгэн насаар худал хуумгай аашлаагүй үнэнч шүтээн, гучин жилийн өмнө хошуу дэвсэн гуйж гувшиж авсан энхрий хүн Доржмаа бүлгээ. Баржав “Хүний охин үрийг жаргаана гэж аваад ингэж явах. Тэгээд бас дээдсийн удам санаатай!” гэхээс өөрийгөө “Ихсийн сүлдийг гудайлгаж, ус голынхоо тоонотын тоог гүйцээж, босготын босгыг элээсэн нойтон толгой!” гэж лут ихээр зэмлэв. Тэр багадаа “Сэцэн билэгт дээдсийн алдрыг сэвтээж, ясыг өндөлзүүлэх тархи!” гэж аавдаа аашлуулдаг асан нь түүнийг дээрээ даруулга, дээлэндээ товчтой өсгөжээ.
-Хэн тэгж айлдав, хө? хэмээн Баржав завьжаа хонхолзуулж, тамхиа сорсоор лавлав. Доржмаа ширхэг ч цагаангүй гил хар үсээ арагш илэн:
-Аймгийн ургийн бичгийнхэн буугаад мордлоо. Хүн ирэхэд гэртээ ч байхгүй хачин юм. “Худлаа хэлж хүнийг ялд унагах гэлээ” гэсэн чинь намайг баахан айлгаж сандаргалаа. “Өвсийг үндсээр нь ухавч ургах, хүнийг удмаар нь устгавч ураг үл тасрах. Хамаг монголын хааны голомтыг манасан удамс байж нууж хаалаа” гэж сүнс зайлуулах шахлаа гэж Доржмаа цаанаа зальжнаар инээмсэглэв.
Урьд орой нь түүний эзгүйд тэднийд урагийн бичгийнхэн юу байхав, худаг усны хэдэн хүн цайлаад мордсон нь үнэн. Гэхдээ энэ нь хэрүүл хийж сууснаас хавьгүй дээр. Баржавын өмнө мөнөөх гэнэн аймхай, туулай зүрхээ аюулхайн чинадаа нуусан ичингэр бүсгүй номхруулах үг айлтган өмнө нь сууна.
“Энэ минь тийм л сайхан амьтан, өнөө ч хэвээрээ байна. Тэгэхэд Доржмаа нялхаараа байжээ. Энгэрээ задгайлахгүй. Нүцгэн биеэ чамд харуулахгүй хэмээн зулын дөл шиг далдичиж суусан сан...” гэж Баржав эхнэрээ дотроо аргадав. Чингэхдээ өөртөө “Сэцэн билэгт хааны удам судар юм бол уужуу ухаантай бай, Баржав чи! Одоо нударгатай явахгүй бол энэ ихэр гурван голдоо эцэг дээдсийн сүнсийг төөрүүлж, алдрыг хөсөр гээнэ. Улаан залаатай монгол хүн байж алгын чинээ дэлхийгээс айж юу хийнэ” гэж өөртөө тушаав. Тэр нэг л өөр, хийморьтой болжээ.
-Доржмаа, чи миний нойтон үгээр могдорлож яана! гэж битүүхэн итгэж ядав.
-Худал хэлэх дүүрч, ихсийнхээ сүлдийг барьж хэн зүрхэлнэ. Ихсийнхээ сүнсээр тогловол улс гэр мянган жилдээ ч удам судраараа доройтдог юм гэсэн.
Энэ үгийг сонсоод Баржавын дотор бүр ч цэлсийгээд явчихав.
-Маргаашнаас хэдэн унагаа чагталдаг юм уу даа... гэсээр тэр урамтайяа гулав шалав босов.
-Ухаантай амьдрах цаг чинь ирж байгаа даг, Баржав гуай! гэхдээ Доржмаа галдаа аргал нэмэв.
Харин Баржав “Манайхан надаас эхлээд удам судраа хэдэн жарнаар хав дарлаа. Цаг наашилж одоо ам ангайх болж, яамай” гэхээс нэг л сонин. Чингэхдээ Доржмааг харж “Манай Доржмаа Хамаг монголын их хааны үр удамсын туургатад туяарах хувьтай хүүхэн” гэж эхнэрээрээ бардав. Харин Баржавын энэ мэт долдой магтаал түүнд бараг гай болно.
Маргааш нь бар цагт Баржав гүүгээ барихаар хавийн харчуулыг залж Зуун модотын задгай ногоон дэнжийг тоосруулж өнжив. Доржмаа дотроо “Манай Баржав адууны тоосонд өссөн амьтан. Энэ маань үнэхээр ч Хамаг монголын Сэцэн билигт хааны удам судар ч юм сан уу, арай л өөр хүн. Үгүй ч байлаа яалаа. Гэхдээ өнөөгийн бид өндөр дээдсийнхээ өвөрт төрсөн нь л үнэн. Тэгээд ч манай Баржав бурхдын нэр барьж халамцах хүн биш. Энэ голынхныг Сэцэн хааныхан гэлццэг үнэн аваас энэ хэдэн хүүхэд ч эзэн заяатай...” Доржмааг ийн босон суун байтал Баржав гаднаас орж ирэн хазаар ногтоо ханын толгойд өлгөхдөө “Хэдэн унага маань бурхасын удмын сүрэг гэсэндээ гал шиг цоролзож байна. Энэ буянтай адуу маний хэдэн үеийг дамжиж, хэний сүргийн сор болон өнөө бидэнд ирсэн юм, хөөрхий!” гэсээр эхнэрээ нэг их бардам харав.
Доржмаа “Догшин арсланг ч оосорлож болдог орчлон! Манай Баржав яахав, гэнэн хөөргөн, цайлган хүн. Хөөрөхгүй бол энэ минь өөрөө ч хүн биш болно. Үйлс нь ч бүтэхгүй. Өндөр дээдсийнхээ удмыг хүн шиг тээж яваа манайхан цаанаа л эрэмгий зоргоор улс. Энэ минь дээлийн энгэрээ задгайлж, дэлтийнхээ нуруунд сандайлаад дүнжгэр ногоон уулсын дундаа бууж мордож, ууж амсаж яваад зэлээ эвхэнэ, хорвоо тийм хойно. Харин өдий хүртэл удам судраасаа айж нууцалсан нь гунигт тавилан. Баржав өнөөдөр өрөөл бусдын адил эцэг дээдсээрээ худлаа гайхуулж нүгэл хийгээгүй, хэрэв тэгэх аваас насны үйлс хазайна. Энэ маань мөрөөрөө амьтан” гэхээс Доржмаа нөхрөө улам ч ихээр бахдав.
Бүсгүй хүний ухаан гэдэг!
Санжийн Пүрэв