1990-ээд он буюу шилжилтийн нийгмийн үед улс төрийн товчоог огцрохыг шаардан хэдэн өдөр жагсаал зохион байгуулсны эцэст улс төрийн өлсгөлөн зарласан залуус өнөөдөр ч эх орныхоо хөгжил, цэцэглэлтийг харж яваа. Харин тэд өнөөдрийнх шиг ийм ардчиллыг авчрах гэсэндээ амь биеэ үл хайрлан тэмцээгүй гэдгээ хэлж, халаглаж сууна. Энэ бол “Бүү март” түүхэн киноны өрнөл хэсэг.
Эрх чөлөө, тусгаар тогтнолыг их удирдагчид ямар их үнээр олж, та бидэнд үлдээснийг түүх гэрчилнэ. Гагцхүү түүхэн үнэнийг үзэж судалж байж мэдэх билээ. 1990-ээд онд нэг ч буун дуу гаргалгүй, тайван замаар ардчилсан нийгэмд шилжиж чадсан нь түүхэн үнэн. Ийнхүү ардчилсан хувьсгалыг тайван замаар хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны ажил, амьдарлын тухай өгүүлсэн “Бүү март” уран сайхны кино нээлтээ хийлээ. Уран бүтээлчид гурван жилийн турш судалгаа хийж байж бүтээлээ бэлэн болгосон гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Өнөөдрийн бидний байгаа энэ цагийг авчрах зоригтой, эгзэгтэй шийдвэр гаргасан Ж.Батмөнх гэж хүнийг бүү мартаасай гэж хүссэн учраас энэ киног бүтээсэн гэдгийг ураан бүтээлчид тодотгож байлаа. “Бүү март” уран сайхны киноны ерөнхий продюсер болон зохиолчоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, яруу найрагч, зохиолч Ж.Мөнхбат ажиллажээ. Тэрбээр нээлтийн үеэр “1970-1980-аад он буюу XX зууны төгсгөлд Монголын хөгжил дэвшил, өөрчлөн байгуулалтын ачааны хүндийг нуруундаа үүрч явсан хүмүүсийн нэг нь яалт ч үгүй Ж.Батмөнх гуай юм. Тухайн үед батлан хамгаалахаас авахуулаад бүх эрх мэдэл гарт нь байсан ч алсыг харж чадсан. Холч ухаан, төрийн хүний жудгаар асуудалд хандаж чадсан нь энэ хүний түүхэн гавьяа юм. Тиймээс Монголын түүхэнд тод үсгээр бичигдэх ёстой, түүхэн хүний тухай уран бүтээл хийлээ. Бид кино зохиолоо бичихдээ гурван ч удаа өөрчилсөн. Эхнийх нь “Цагаан морин жил”, дараагийнх нь “Сүүлчийн удирдагч” гэж бичиж байсан. Эцэст нь бид ярилцаад 1990-ээд оны үйл явдал бус хувь, түүхэн хүнийх нь амьдралыг харуулсан уран бүтээл хийх нь зөв юм байна гэж үзээд гурав дахь буюу “Бүү март” гэдэг кино зохиолыг бичсэн. Энэ киног түүхийн баримт, архивын протоколь дээр үндэслэж бүтээсэн. Тиймээс түүх гуйвуулсан юмуу ямар нэгэн байдлаар мушгисан зүйл байхгүй. Тэр үеийн бүх гэрч амьд сэрүүн байгаагаас гадна бүх материал нь улсын төв архивт хадгалагдаж байгаа шүү дээ” гэсэн юм. Уран бүтээлч Ж.Мөнхбатын хувьд дараагийн түүхэн уран бүтээлийнхээ ажилд хэдийнэ орсон бөгөөд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойд зориулсан “Сүүлчийн долоон жил” нэртэй кино бүтээлийнхээ ажилд орсон гэдгээ энэ үеэр хэлж байлаа.
Түүх бол давтагддаг зүйл. Тэгэхээр түүхээ судалж мэдээд эндээс сургамж аваасай гэдэг үүднээс дээрх уран бүтээлийг хийсэн гэдгийг кино багийнхан хэлж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Кино зураг авалтыг Монгол болон ОХУ-д авсан бөгөөд киноны 30 хувийг компьютер графикаар бүтээсэн төдийгүй Төрийн ордонг 1974 оны үеийнхээр нь мөн л компьютер графикаар бүтээжээ. Уг киноны ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллаж, ерөнхий зураглаачаар АНУ-ын иргэн Крис Мартин, ерөнхий зураачаар Н.Батжаргал, гол дүрд МУСТА Н.Төмөрбат /Ж.Батмөнх/, Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар /Ю.Цэдэнбал/, Б.Билгүүн, О.Анужин нар тоглосон байна. "Бүү март" киноны дууны найруулагчаар ОХУ-ын иргэн Михайл Жуков, нүүр хувиргагчаар БНХАУ-ын иргэн Хон Лу нар ажиллажээ. Харин Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайн дүрд МУГЖ Б.Тунгалаг тоглосон байна. А.Даариймаа гуайн хувьд ханийх нь тухай өгүүлсэн түүхэн киноны нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд кино багийнханд талархаж буйгаа илэрхийлсэн. Киноны гол дүр болох Ж.Батмөнх агсны дүрийг амилуулсан Соёлын тэргүүний ажилтан Н.Төмөрбат кино зураг авалт 80 хувьтай байхад зуурдаар таалал төгссөнийг нээлтийн үеэр уран бүтээлчид харуусан ярьж байлаа. Гэсэн ч кононы уран бүтээлчид Н.Төмөрбат агсны сүүлчийн дүрийг хүндэтгэн орлон тоглогч ажиллуулснаар уран бүтээлээ ийнхүү үзэгчдийн хүртээл болголоо.
Сэтгэгдэл (9)