Найз нөхөд танилууд минь ч асуудаг юм “Эрхэмээ, чи яагаад ингэж их бичдэг юм бэ? Хэдий завандаа ингэж амжуулаад байна.
Чи сэтгүүлч биш зохиолч биш банкны хүн” гэж. Яг ингэж асуухаар тулгамдаад би нэг их олигтой бэлэн цэцэн хариулт өгч чаддаггүй юм. Харин номны минь талаар уншсан хүмүүсийн сэтгэгдэл пэйж хуудас дээр минь ирэхээр энэ талаар нэлээн гүнзгийрүүлж боддог.
Нээрээ би яагаад ингээд л “хэрэгтэй хэрэггүй” зүйлүүд бичдэг юм бол. Бичсэн зүйлүүд маань номууд маань хүмүүст хүрээд тэднээс талархал чин сэтгэлийн үг сонсохоор би аз жаргалтай байгаагаа бүрэн мэдэрдэг. Бас ямар нэгэн санаа гэнэт төрөөд компьютерийнхээ гарыг тачигнуулж суухдаа би аз жаргалтай байдаг. Хүмүүст хүргэх гэсэн чин сэтгэлийн үг минь нэг бүрчлэн урсаж гараад, толгойд урсан орж ирсэн тэр үгсийн урсгалыг гүйцээж цаасан дээр буулгах гэж хичээж, түүнээсээ болоод сэтгэл догдолж компьютерийн гараа тачигнуулаад сууж байхдаа л би туйлаас их аз жаргалтай байдаг. Бичих надад аз жаргал, урам зориг бас олон хүнд эрхэм нандин сэтгэлийг түгээх надад л ногдсон ч байж магадгүй үүрэг, ухамсрыг хайрладаг.
Одоогоос арваад жилийн өмнө дөнгөж ганц нэгхэн өгүүллэг, нийтлэл бичсэн би бээр Стокгольмд амьдарч байхдаа оройн цагаар Англи хэлний хичээлд явдаг байлаа. Тэр хэлний курст сурч байхдаа уншсан нэг бяцхан нийтлэл одоо ч санаанаас гардаггүй юм. Английн орчин үеийн уран зохиолд их нэр хүндтэй, бестселлер ном бичсэн эмэгтэй зохиолчийн тухай нийтлэл байсан юм. Тэр эмэгтэй зохиолч “Надад муза байдаг үгүйг би сайн мэдэхгүй, гэхдээ л би бичиж суухдаа аз жаргалыг мэдэрдэг. Би бичээд л бичээд л байсан. Хэрэв өнөөдөр би зүрх сэтгэлээрээ бичээгүй номоо гаргаагүй бол нэгэн банкны хэн ч танихгүй теллер л байх байсан байх даа“ гэж хэлсэн байсан. Яагаад ч юм надад өөрөө банкны мэргэжилтэй болоод ч тэр үү энэ зохиолчийн тэс өөр банкны ажил хийдэг байж байгаад сэтгэл зүрхнийхээ дуудлагаар л уран зохиол бичиж эхэлсэн түүхийг уншаад энэ нь миний сэтгэлд бүр хэзээ ч мартагдахааргүй хадагдаж орхисон юм.
Харин надад бол муза буюу онгод байдаг шүү. Би онгодтой үедээ сул үггүй, илүү хурц сайн бичиж байгаагаа анзаардаг. Сэтгэл зүрх догдлолоор бялхаад агшин зуурт санаагаа үгээр бичиж буулгадаг тэр хүчийг л хайрладаг “юуг ч юм” би миний онгод юм байх даа гэж боддог. Миний бичсэн өгүүллэгүүд, шүлгүүд, бяцхан нийтлэлүүд маань хэн нэгэнд ухаарал хайрлаасай, сайн сайхан зүйлийг мэдрүүлээсэй гэж би хүсдэг. Тэгээд уншигчдаас минь яг миний энэ хүслийг биелүүлж урам хайрласан сэтгэгдлүүд хөврөхөд би цааш бүр олон зүйлийг бичих ёстой юм байна. Энэ миний л амьдрал, хувь заяа юм байна гэж боддог. Тийм ээ, би хариултаа олсон бичих бол миний хувь заяа юм билээ.
Зохиолч Б.Эрхэмбаяр