Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг амь насаа алдаад хэдийнэ 19 жил өнгөрчээ. Тэрбээр эл өдөр бусдын гарт хэрцгийгээр амь насаа харамсалтайгаар алдсан юм. Өнөөдөртэй харьцуулахад хамаагүй ядуу ч үнэт зүйл, эрхэмлэх зорилготой байсан гэгээн цагийн билгэдэл болсон энэ хүний тухай 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна.
1. 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү нь төрлөө. Нэрийг нь Зориг гэж өгөв.
2. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн сурагч С.Зориг ялангуяа тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ. Физикийн олимпиадад эхний байруудад орно. Чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байв.
3. Ах С.Баяр нь одоо Энэтхэгт элчин сайдаар ажиллаж байгаа.
4. Тэрээр Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байжээ. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Хожим суугаа ажилтай болохдоо шатраас салахаа байжээ. Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашиж байлаа.
5. Ээж С.Доржпалам нь их эмч бөгөөд Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин юм. Мөн “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг бүтээсэн билээ.
6. Хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс бие биенээ олсон шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ.
7. Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байжээ.
8. Түүнийг ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч “Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшүүлж байжээ. Тухайн үед нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. С.Зориг хамгийн боломжтой нэр дэвшигчийн нэгээр яригдаж байв.
9. Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Их Хуралд сонгогдон ажиллаж байгаа. Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж нам байгуулсан нь “Иргэний Зориг” юм. Түүний нэрээр “Зориг” санг мөн нэрлэжээ.
10. С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан. Хэргийг үйлдсэн алуурчдыг тогтоон, шүүх шийдвэрлэсэн ч захиалагч нь өнөөдрийг хүртэл олдоогүй байна.
11. С.Зориг өөрөө байхгүй болсон ч түүний нэр олон хүнд улс төрийн ашиг өгсөөр байна. Өрсөлдөгчөө намнах, өөрийгөө дөвийлгөх хамгийн ашигтай хөзөр нь С.Зоригийн хэрэг болсон юм. Түүний хэргийг илрүүлнэ гэж парламентад сонгогдсон эрхмүүд ч бий.
12. 1998 оны 10 дугаар сарын 7-нд буюу хэргийн дараахан АНУ руу явсан “ард” хэмээх Я.Батсүхийг аллагад холбогдуулан 1999 онд сүр дуулиантай баривчилсан ч хуурамч диплом хийсэн хэрэг тохоод өнгөрчээ.
13. С.Зоригийн гэх хэрэг олон жил олон үйл явдлыг араасаа дагуулсан юм. Дуулианы үргэлжлэл болох “Сентрпоинт”-ийн гэх хэргээр яллагдсан Ч.Энхайван Авдрантын хорих ангиас “Захиалагч болох М.Энхсайхан бид хоёр цаазлуулж, Ардчилсан намын нэр хүнд унаж, ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар “С.Зоригийн аллагын захиалагч М.Энхсайханыг илрүүлэх” төлөвлөгөө хэрэгжих байсан юм байна” хэмээн бичиж байлаа.
14. 2003 оны 5 дугаар сард Дамирангийн Энхбатыг мөн аллагад сэжиглэн Европоос хулгайлж авчирчээ. Гүйцэтгэгч нь өнөөгийн ТЕГ-ын дарга Б.Хурц байв. Хилс хэрэг хүлээгээгүй энэ хүн 2006 оны хавар С.Зоригийн төрсөн өдрөөс 2 хоногийн хойно, шоронгоос гараад 5 хоноод нас баржээ.
15. С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэгт Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нар шүүхээр таслагдан 25 жилийн ял сонсоод буй.
16. С.Зориг агсны эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. Энэ эмэгтэй нөхрийнхөө үхлээс хойш өгсөн ярилцлагадаа аллагын талаар ганц үг дурсаагүй бөгөөд “Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно” гэж хэлжээ. Түүнийг ч мөн энэ хэрэгт сэжиглэн саатуулж байв.
17. С.Зориг нас барахаасаа ганц цагийн өмнө оршуулгын комиссынх нь даргын хувиар шадар сайд агсан Ч.Пүрэвдоржийн гэрээр ороод харьсан байна. Харин маргааш нь өөрийг нь оршуулах комисс байгуулагдана гэж хэн санах билээ.
18. 1998 оны 10 сарын 2-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баярын хамтаар УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд гурван цаг орчим ярьж хөөрөлдсөн гэдэг. Энэ vед С.Баяр талийгаачаас "Чи Ерөнхий сайд болчихвол Эрдэнэтийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ?" гэж асуухад нь "Поезд ушёл" (галт тэрэг хөдөлчихсөн) гэж хариулсан тухай Д.Энхбаатар "Өдрийн сонин"-д дурдсан байдаг.
19. Алагдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
20. Хамгийн хачирхалтай нь түүний үхэлд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл сэжиглэгдэж байсан юм. Учир нь хэрэг болсон орой талийгаачийн гэрээс Э.Бат-Үүлийн малгай олдсон гэдэг.
21. 10 дугаар сарын 2 ба 4 дүгээр сарын 20-нд хэвлэлийнхэн С.Оюунаас алуурчныг олох боломжтой үгүйг ёс юм шиг асуудаг ч тэрээр “Хэрэгтнийг олно гэдэгт итгэдэг” хэмээн хариулдаг юм.
22. С.Зориг ”Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг. Хоёрдугаарт Намынхаа ашиг сонирхолыг, дараа нь аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, бvлгийн сонирхолыг, хамгийн сүүлд нь хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно” гэжээ.
23. Талийгаачийн ээж хүүгээ хэн хороосныг мэдэж чадалгүй байсаар бурхны оронд одсон юм.
24. С.Зориг хэзээ тамхинд орсон талаар баримт мэдээлэл алга. Тэрээр тамхиа татангаа ном унших, шатар нүүх тун дуртай байв. Голдуу Болгарын “Стюардесс” хэмээх янжуур татна. Одоо түүний хөшөөний өмнө хааяа уг янжуурыг тавьсан байдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (43)