Ноён уул хэмээх мөддөө дуусахгүй мөлжүүртэй ясыг тойрон Монголын улс төр, нийгмийн амьдрал өрнөсөөр хаврын цастай өдрүүдийг үдэж байна. Нөгөө утгаараа Ноён уул улстөрийн намууд хийгээд улс төрчид, төрсөн, төөрсөн ТББ-уудыг сонжин таних нийгмийн барометр болж хувирав.
Өрнөж буй үйл явдлаас харахад Ноён уулыг авч үлдэх гол зорилгоо умартаад, улс төр хийж, нэр төр хөөцөлддөг бүлэглэл ч төрлөө. Өдгөө 17 мянгад хүрээд буй, орон нутаг дахь хөдөлгөөнүүдийг оруулбал 31 мянга хэмээн тоологдох болсон ТББ-уудын зарим нь замын уртад мөн чанараа таниулж, захын шалгуурт бүдэрсэн нь бий. Тодруулж хэлбэл Ноён уул өвөртөө нуусан 50 тн алтнаас илүү өгөөжийг өдгөө нэгэнт өгч эхлээд байгаа нь төр хийгээд ТББ-уудын ичгүүрийн булчирхайг хөндөн, түүгээр ч зогсохгүй жагсаал, цуглаан, өлсгөлөнгийн ард байдаг худалдаа арилжааны өнгө төрх, үнэн байдлыг илчилж буй явдал юм.
Гадаад, дотоодод суугаа монголчуудын нэгдмэл байдлын илэрхийлэл болж буй Ноён уул нөгөө утгаараа монгол хүн хэрхэн худалдагдаж, хэрхэн мөнгөний өмнө нохой мэт шарвадгийг бүх төвшинд харуулж байгааг дурдах нь зөв болов уу. Ноён уулыг тойрсон ноход хийгээд нөхдийн бодит үйлдлүүдийн заримыг дурандвал тодорхой дүр зураг, мөн чанар харагдана. Хамгийн сүүлийн жишээ дурдахад УИХ-ын дарга З.Энхболдын Германд хийсэн айлчлалын үеэр түүний илтгэл тавьсан индрийн ойролцоо суусан хоёр залуу "Ноён уулаа аваръя" гэж герман, монголоор бичсэн лоозон барьсан байсан нь анзаарахгүй байх аргагүй шийдэл байлаа. Иймэрхүү дүр зураг цөөнгүй оронд давтагдсан мэдээ бий. Энэ нь монгол залуус хилийн чанадад ч үзэл бодлоо илэрхийлэн тэмцэх чадалтай, мэдлэгтэй, бололцоотой болсныг харуулсан гэж хэлж болно. Үр дүнд нь Канадад төвтэй Хариуцлагатай уул уурхай хэмээх байгууллага "Сентэрра гоулд" компанид "Канадын нэр хүндийг олон улсад унагалаа" гэсэн утгатай анхааруулга хүргүүлсэн аж. Дэлхий даяар тархан суусан монголчууд ийнхүү тэртээ холоос сэтгэлээ чилээж ахуйд бодит байдал дээр хаврын шалбааг мэт хачирхмаар үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр удлаа.
Их Британийн Хөдөлмөрийн намын тэргүүн асан Тони Блэйр Монгол руу гүйдэлтэй болоод удсан. Түүний сүүлчийн нууцхан айлчлал Ч.Сайханбилэгт зөвлөгөө өгөхөд оршсон бөгөөд тэдний ярианы гол сэдэв Ноён уул, Оюутолгойг тойрон өрнөсөн талаар Английн "Dailymail" сайтад онцлон нийтэлжээ. Барууны орнуудын хөрөнгө оруулалтыг дэмжих нь зөв хэмээн Монголын Ерөнхий сайдын толгойг илж байгаад зааварласан гэх Тони Блэйрийн нэр хүнд "Атилла хааны бунханд аймшиггүй халдах зөвлөмжийг монголчуудад өгч, энэ орныг эдийн засгийн алуурчдын ээлжит зоог болгохоор хүүгээ түлхлээ" гэх мэдээлэлтэй хамт уруудаж эхлэв.
ЮНЕСКО Монголын Ноён уултай холбоотой шийдвэрийг 2014 оны 5 дугаар сард үзэглэн, нарийвчлан байрлал заасан дөрвөн ч газрыг нийт 146 га-д хамруулан, Хүннүгийн бунхантай нь хамт бүртгэж авсан тухай албан ёсны мэдээлэл бий. Үүндээ уг ууланд тэмдэглэгдсэн 300 гаруй булш, бунханыг байгаа байдлаар нь авч үлдэхийн тулд дахин газар дээр нь ирж судлах шаардлагатай талаар дурдсан байна. Энэ бүх баримтууд Ноён уул бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын гэхээсээ илүү, Монголын, тэр дундаа дэлхийн уул гэдгийг гэрчилж буй. Гэтэл дэлхийн түүх, хүн төрөлтний анхны гүрэн улс болох Хүннүгийн соёл иргэншилд хүндэтгэлтэй хандаж буй олон улсын энэхүү уур амьсгал, хандлага Монголд "бүдэрч" байгаа нь үнэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд эрх мэдлээ ашиглан намрын чуулганы сүүлчийн өдөр "Ноён уул" буюу Гацууртын ордыг хулгайн замаар "Сентэрра гоулд"-д өргөн барьлаа. Нам нэгт нөхрийнхөө эл үйлдлийн өөриймсөн өмөөрч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Орон нутгийн иргэд асуудлыг шийднэ" хэмээн уянгын халилтай ухарч буцсан үг унагалаа. Харин орон нутагт "Сентэрра гоулд" мөнгөөр бороо оруулж, төвийн хэвлэлүүдийг рекламаар угжлаа. Ганц жишээ дурдахад "Сентэрра гоулд"-ын орон нутаг хариуцсан ажилтан Б.Туяагийн хүү Б.Эрхэмбаяр 100 мянган ам.доллар барин гайхуулсан зураг нүүр хуудсандаа байрлуулсан гэх явдал цахим ертөнцийнхнийг жинхэнэ шуугиуллаа. Цаг наашилж, цас ханзарсныг ч хэлэх үү, Мандалыг зорьсон уртаас урт цуваа үүсч, бөө нараас эхлээд ТББ-ууд, сэтгүүлчдийн баг бараг л бөглөрөл үүсгэлээ. Ойрын өдрүүдэд тохиож буй тус сумын Түнхэл зэрэг багийн 50 жилийн ой "Сентэрра гоулд"- ын зөвлөх гэх Х.Нямсүрэнгийн буянаар аймгийн ойгоос ч хэд дахин үрэлгэн болж өнгөрсөн талаар хэлтэй нь хэлцэв, хөлтэй нь хөлхөв. Сэтгүүлчдийн бүтэн автобус баг Мандал сумын төвөөр Засаг дарга Н.Нямдаваа, ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү нарыг хайн хөөцөлдөж тоглосон тухай мэдээллүүд төвийн хэвлэл, телевизүүдээр цацагдлаа. Хэрх багийн иргэд хуралдан, Ноён уулыг ухуулахгүй гэдгээ 100 хувийн саналаар илэрхийлсэн бол өнгөрсөн баасан гаригт Мандал сумын төвд "Сентэрра гоулд"-ыг эсэргүүцсэн тайван жагсаал боллоо. Энэ мэтээр үйл явдлууд ар араасаа өрнөж, УИХ-ын гишүүн Б.Уянгаас эхлээд улстөрчид, сайд нар, зарим ТББ-ынхан Мандалд газардав. Байгал орчны иргэний зөвлөлийн хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар орон нутгийн иргэдэд олон улсад хэлцэгдэж буй байгаль хамгаалах шинэ чиг хандлага, газрын гүний цэвдэг хөдөлгөөнд орсон тохиолдолд шим мандал хэрхэн өөрчлөгдөх талаар таниулсан бол гишүүн Б.Уянга "Сентэрра гоулд"-ын хууль зөрчсөн ажиллагаа, авлигад автсан төрийн хор хөнөөл, Ноён уулыг хамгаалахыг ач холбогдлын талаар илэн далангүй ярилцаж, нутгийнхны гаргах шийдвэрт итгэж буйгаа дуулгасан гэх. Сэлэнгийн уугуул, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нутагтаа сэмхэн зочилж, дарга нарыг нь дагуулан Ноён ууланд очоод, хулгайгаар буцсан тухай нутгийнхан хэлэлцэж байх юм. Орон нутагт өрнөж буй эл үйл явдлуудтай давхцан Ноён уул руу хошуурсан ТББ-уудыг тойрсон бужигнаан өнөө хэр үргэлжилсээр байна.
Төрийн ордны хажууд өлсгөлөн зарласан Босоо хөх Монголынхон ээлж дараалан байцаагдаж байгаа гэх мэдээлэлд хачир нэмэн, тэдэнд зодуулсан Ногоон хас хөдөлгөөний Ж.Бямбаа хохирогчийн хувьд хэвлэлийнхэнд хандан зовлон тоочсон нь олон зүйлийг ил болгож өгөв. ТББ-уудаар дамжуулан хятадууд мөнгө цутгаж, монголчуудыг хагаралдуулан, Ноён уулыг Канадын компаниас булаан өөрийн болгох гэсэн оролдлого байгаа талаар нутгийн иргэд нуулгүй хэлж, дургүйцлээ илэрхийлэх энүүхэнд болов. Босоо хөх Монголын цөстэй залуусын гараар могой бариулаад, Бат гэх өвөрлөгч эрээр дамжсан хятадуудын мөнгийг угаасан хэмээн Х.Бээжинг хардсан бухимдал өдгөө сэм өрнөж байна. Чухам ийм шалтгаанаар Ноён уулын төлөөх тэмцэлд нэгдэж асан иргэд гэр гэртээ харьж, үл итгэхийн зовлонд үтэр баригдав. Ноён уулыг тойрон гороолж буй төрийн түшээд, ТББ-уудын хэнд нь итгэхээ мандалчууд мэдэхээ болив. Нөхөд хийгээд нохдоо ялгаж таних боломж дутав. Гэхдээ тэдний чин хүсэл бол Ноён уул болон, мөн л алттай гэх Их, Бага Мандал нэртэй сүсэглэдэг уулсаа авч үлдэх явдал юм. Хэрэв "Сентэрра гоулд" Монголын төрийг лообийдож байгаад Гацууртад нэг л техник хөдөлгөөд эхэлбэл уг уулыг тойруулан олгосон 24 лицензийн эзэд барьцан алт ухаж, энэ сав газар хүн мал тогтох аргагүй эргэлдсэн улаан тойром болно гэдгээс тэд айж байна. Бороогийн алтыг ухууллаа гээд бор гэрт минь наалдсан нь үгүй хэмээн бодит үнэнийг бодлогошрон хүүрнэж сууна.
Ямартай ч уурхай нээгдээгүй байхад уулынхны амьдрал аль эрт тавгүй болжээ. Ноён уул хэчнээн цаг хугацааг элээн дүнсийж, энэ мэтээр хэдэн хүний зүүсэн баг, зүүдэлсэн хөрөнгө, зоолсон авилгыг илчлэхийг хэн мэдлээ. "Үндэсний шуудан"-гийн Н.Энхбаярын бичсэнээр Алтан овоо, Шилийн богдод алт илэрвэл манай төрийнхөн ухуулна л гэж гүрийх юм байх даа гэсэн асуулт гарч ирж байна. Цаашлаад төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан, оргил цагаан Сутайгаас алт олдвол энэ мэтээр элдэвлэж байгаад ачуулах зам нээлттэй ажээ. Тэр тоолон хятадууд монголчуудыг хагаралдуулж, гаднын уул уурхайн компанийнхан төрөөс нь эхлээд түмнийг нь арилжин авч, ТББ-ууд нь олон нийтийн итгэл сэтгэлийг худалдсаар л байх уу?
Р.Эмүжин
Сэтгэгдэл (17)