“Урагшаа Тавантолгой” иргэдийн санаачилгыг дэмжигч гишүүд хэдхэн цагийн өмнө Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын Тавантолгойн гэрээний асуудлаар эрс тэс байр суурийн тухай мэдээлэл хийлээ.
Иргэдийн санаачилгыг дэмжигч эдийн засагч, судлаачдын хийсэн хэвлэлийн хуралд Х.Батсуурь, Г.Солонго, судлаач Ж.Санчир, “Тана” эвслийн гишүүн Н.Баярсайхан нар оролцлоо. Өнгөрсөн хугацаанд тэд Монгол Улсын сайд М.Энхсайхантай холбогдох гэж олон удаа оролдсон ч өнөөг хүртэл холбогдож чадаагүй байгаа юм. Тиймээс олон нийтэд хандан мэдээлэл хийхээс өөр аргагүй болсон гэлээ.
Тэд гурван шаардлагаар Тавантолгойн гэрээний асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Нэгдүгээрт, Тавантолгойн ордын ашиглагч консорциумаар орсон “Энержи Ресурс” ХХК нь Монгол Улсын олон хууль, тогтоомжийн дагуу үндэсний компани гэх ангилалд багтахгүй байгаа. Тус компанийн толгой компани болох MMC-ийн 57.7 хувь нь Монголын компаниудын мэдэлд, 42.3 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид, тэр дундаа оффшор бүсэд бүртгэлтэй нэр бүхий найман компанийн мэдэлд байгаа юм. Ийм нөхцөлд Тавантолгойн гэрээг одоо байгаа хувилбараар нь баталбал, Тавантолгойн ордын 70.6 хуь нь гадны мэдэлд очно гэв.
Хоёрдугаарт, Төрийн мэдлийн 51 хувьдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийг оруулаад, үлдсэн 49 хувь дотор “Шенхуай Энержи”-г оруулж, хамтарсан “Төслийн компани” байгуулах, энэ компанидаа дахин хөрөнгө оруулалт татах замаар Японы “Сүмитомо” групп, “Монголын төмөр зам” ТӨХК-иудын оролцоог хангах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ингэснээр Тавантолгойн төслийн компанийн нийтийн хувьцаат компани болж, иргэдийн хувьцаа үнэ цэнтэй болох, төсөлд иргэдийн оролцоо жинхэнэ утгаараа хангагдах боломж бүрдэнэ гэх саналыг дэвшүүлээд байгаа аж.
Гуравдугаарт, энэ санал, санаачилгаа Монгол Улсын сайд М.Энхсайханд хүргэх, цаашлаад Тавантолгойн ордыг ашиглахад иргэдийн 1072 ширхэг хувьцааг үнэ цэнтэй байлгах чиглэлд санал гаргасан ч олон санаачилга хүргэсэн ч өнөөг хүртэл хүлээн авахгүй байгааг эдийн засагч Х.Батсуурь онцолсон. Тийм учраас саналаа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн байна.
Харин Өргөдлийн байнгын хорооноос уг асуудлыг судалж үзээд, “Иргэдийн 1072 хувьцаатай холбоотой асуудлыг Тавантолгойн гэрээнд тусдаа бүлэг болгож оруулахад анхаарч ажиллах болно” хэмээн хариу ирүүлжээ.
7.4 тэрбум тонн нөөцтэй, жилд 30 сая тонноор экспортлоход Монгол Улсыг 250 жил тэжээх хэмжээний Тавантолгойн ордын гэрээний асуудал Монголын ард түмэн төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр орой “Тавантолгой, Оюутолгойн асуудлын түгжээг тайлж, эдийн засгаа урагшлуулна” гэж мэдэгдсэн бол өнөөдөр өглөө УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээхдээ тэс өөр байр суурь илэрхийлсэн билээ. Тэрээр “Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Одоо байгаа хувилбар нь Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй байна” хэмээн мэдэгдсэн нь олон нийтэд эргэлзээ төрүүлээд байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (16)