Эдийн засгийн чуулганы хүрээнд “Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал бас бизнес” сэдэвт салбар хуралдаан боллоо. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Су.Батболд, Ерөнхийлөгчийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Удирдлагын академийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн З.Сүхбаатар нарын хүмүүс оролцсон юм. Оролцогчид манай улсын хууль, тогтоомжууд тогтвортой бус байдаг нь бизнесийн орчинд шууд нөлөөлдөг гэдэгт санаг нэгдаж байлаа.
Манай улсад 1987 онд 50 гаруй хуультай байсан бол одоо хууль зүйн яаманд бүртгэлтэй 428 хууль байдаг байна. Түүнчлэн 2000-2006 онд нийт 217 хуулийг шинээр батласнаас 144 нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол 73 нь хүчин төгөлдөр бус болсон байна. 2007-2013 онд 187 хууль шинээр батлагдсанаас 154 нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол 33 нь хүчингүй болсон байна. Эндээс батлагдсан хууль тогтоомжууд төдийлөн урт хугацаанд тогтвортой байж чаддаггүй гэдэг нь харагдаж байгаа юм. Тиймээс эхний ээлжинд бизнес эрхлэгчдэд таатай, тогтвортой хуультай байж бизнесийн орчин сайжирна, гэхдээ бас дүрэм журмуудаа цэгцлэх хэрэгтэй гэдэг санал оролцогчдоос гарж байлаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Эдийн засгийн чуулганы нээлтэн дээр хэлсэн үгэндээ манай улсад Оюутолгой гэх мэт мега төслүүдийг цааш нь хэрэгжүүлж явна гэдгээ мэдэгдсэн. Харин мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хэд хэдэн чухал шаардлагууд байдаг гэдгийг Sojits Corporation Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Насанбилэг хэлсэн юм. Үүнд нэгдүгээрт, мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа маш чухал байдаг аж. Учир нь тухайн төсөл цаашдаа тогтвортой хэрэгжих эсэх нь хөрөнгө оруулагчдад ихээхэн чухал байдаг бөгөөд үүнд Засгийн газар баталгаа гаргаж өгөх юм.
Хоёрдугаарт, хувьцааг барьцаалах асуудал их чухал байдаг аж. Энэ нь тухайн мега төсийг манай улсад хэрэгжүүлж байсан аж ахуйн нэгж байгууллага нь ямар нэг тохилдлоор ажиллах боломжгүй болвол хөрөнгө оруулагчид нь өөрсдөө ирж үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн байх асуудал юм. Харин гуравдугаарт аливаа маргааныг хараат бусаар Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх боломжоор хангагдсан байх нь мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нэг шалтгаан юм. Дөрөвдүгээрт төсөл хэрэгжүүлэх бүх төрлийн боломж нээлттэй байх ёстой бөгөөд эдийн засгийн болон хөрөнгийн боломж хаалттай байх нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэж буцаахад хүргэдэг байна. Тиймээс манай улс мега төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд дээр дурьдсан асуудлуудын эрх зүйн таатай орчин бүрдүүлэх ёстой болж байгаа юм.
Түүнчлэн бизнес эрхлэгчдэд тодорхой, таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн орныг тогтвортой болгох хэрэгтэй гэдэгт хуралдаанд оролцогчид санал нэгдлээ.
Т.Энхэлээ