Эдийн засгийн форум салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Дөнгөж сая Төрийн ордны Б танхимд “Монгол улсын худалдаа аж, үйлдвэрийн хөгжил” сэдвээр салбар хуралдаан боллоо.
Уг сэдвээр хөндсөн гол асуудал нь Худалдаа аж, үйлдвэрийг цаашид хэрхэн хөгжүүлэх болон тус салбартай холбоотой хууль, эрх зүйн орчинд ямар өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Уг хурал дээр “Худалдааны эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар аж үйлдвэрлэлийг дэмжих нь”, “Аж үйлдвэрийн салбарын дунд хугацааны стратеги ба зураглал” гэсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм.
Монгол улс хөгжлийн голлох салбар болох худалдаа аж, үйлдвэрийн салбарынхаа газрын зургийг тодорхой болгосон гэдгийг хуралдаанд оролцогчид сайшаалаа. Гэхдээ хэрэгжүүлэлт муу явж ирсэн учраас энэ жилээс аж, үйлдвэрийг хөгжүүлэх ажлыг эрчимтэй эхлүүлж 21 аймгийн онцлогт таарсан үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж үр дүнг нь нэгтгэн Аж, үйлдвэрийн яаманд хүргүүлэхээр болжээ.
Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд цаашид хоёр зүйлд анхаарч ажиллах ёстойг хуралдаанд оролцогчид анхааруулж байлаа.
Үүнд:
Санхүүгийн асуудал
Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажил
Мөн үйлдвэрлэлийн яг аль салбараа хөгжүүлэхийг тодорхой болгох ёстой гэж хуралдаанд оролцогчид хэлэв. Тодруулбал, хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр мөн эрчим хүчний үйлдвэрлэл зэргээс алийг нь түлхүү хөгжүүлж, алийг нь дагалдуулах эсэхийг тодорхой болгохыг үйлдвэр эрхлэгчид хэлсэн юм. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 147 төрлийн 320 гаруй аж, ахуй нэгж үйлдвэрлэлийг байгуулах бодит шаардлага байгаа гэж Худалдаа аж, үйлдвэрийн танхимаа мэдэгдэж байна. Гэхдээ эдийн засагт үр өгөөжөө өгөх салбарыг нь нэн тэргүүнд хөгжүүлнэ гэв. Өнгөрсөн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж их хэмжээний мөнгийг ноос, эсгий зэрэг салбар руу оруулж үр ашиггүй болгосон. Харин энэ удаа судалгаатай, бодит үр ашгаа өгөх үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтыг хийх ёстой гэж тэд ярив.
Ингэхийн тулд олон улсын стандартад нийцсэн нэгдсэн хуультай байх ёстой. Энэ дагуу нь ч хууль боловсруулан өргөн барьж хэлэлцүүлэх гэж байгаа аж. Цаашлад аж, үйлдвэрүүдийн хоорондын өрсөлдөөнүүдийг зохицуулах зохицуулалтыг бий болгож, бүр бүтээгдэхүүний төрлөөр нь хувиарлалт хийх бодол байгаа гэж Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдэгдлээ.
Хуралдаанд оролцогчдоос Худалдааны зохицуулалтыг төр хийх ёсгүй мөн эрчим хүчний салбар руугаа хөрөнгө оруулах хэрэгтэй, боловсон хүчнээ сайн бэлтгэхэд төр дэмжлэг үзүүлэх , зарим хуульдаа өөрчлөлт оруулах ёстой зэргийг салбар хуралдаанаар дамжуулан хэлж байлаа.
Т.Хулан