Монгол Улсын Эрчим Хүчний Яам болон БНСУ-ын “Korea Gas Safety” корпорацийн хооронд 2014 онд байгуулсан Санамж бичгийн төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хийн стандарт, норм дүрмийг шинэчлэн боловсруулах, хийн аюулгүй байдлын асуудлаар 2015 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, тодорхойлох зорилгоор энэ оны гуравдугаар сарын сүүлчээр ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн Д. Алтанчимэг, Хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн Х. Бекболат, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын захирал Б. Амарсанаа нарын зэрэг мэргэжилтнүүд БНСУ-д албан томилолтоор ажилалаа.
Манай мэргэжилтнүүдэд “Хийн аюулгүй хэрэглээ, стандарт, норм дүрэм”-ийн талаар “Korea Gas Safety Corporation”-н гүйцэтгэх захирал Kwon Jeong – Rock мэдээлэл, танилцууллага хийж, дараа нь хоёр талын ажиллагааны хүрээнд хийн аюулгүй байдлыг хангах бүтэц зохион байгуулалтын талаар санал солилцож, БНСУ-д энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтарч ажиллахаар тохиролцов.
Солонгосын талын мэргэжилтнүүдэд ЭХЯ-ны мэргэжилтэн Д. Алтанчимэг “Монгол Улсын хийн хэрэглээ болон эрчим хүчний тухай төрийн бодлого хөтөлбөр, стандарт, хууль эрх зүй”-н талаар танилцуулга хийв.
Дараа нь ажил хэргийн уулзалт зохион байгуулж, технологийн мэдээлэл солилцох, хийн аюулгүй байдлын сургалт, хий боловсруулах технологийн туслалцаа үзүүлэх, энэ талын нарийн мэргэжилтэнг Монгол Улсад ажиллуулах, БНСУ-д шинээр мэргэжилтэн бэлтгэх талаар тохиролцож, тодорхой шийдвэрт хүрэв. Дээр дурдсан асуудлыг хэрэгжүүлэхийн тулд,
- Монголын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн зүгээс Хийн стандарт норм дүрэм боловсруулах,
- Улаанбаатар хотын хийн менежментын бодлогын зөвлөгөөг боловсруулж ирэх долдугаар сард Улаанбаатарт хэлэлцэх ,
- 2015 оны төлөвлөгөөний дагуу монголын мэргэжилтэнг БНСУ-д сургах,
- 2015 оны жилийн эцэст тайлангаа хэлэлцэж, дараа жилийн төлөвлөгөө гаргах талаар семинар зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болов.
Томилолтын хүрээндманай мэргэжилтнүүд БНСУ-ын “Korea Gas Safety corporation”-ны LPG, LNG хийн туршилтын лабраторитой танилцаж, хийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаар туршлага судаллаа. Энэ лабратори нь хийн аюулгүй байдлыг бүх талаас судлаж дүгнэлт гаргаж, үнэлгээ хийдэг Олон улсад итгэмжлэгдсэн нэр хүндтэй байгууллага ажээ. Дараа нь City Gas компаний LNG буюу байгалийн хийн түгээх дэд өртөө (станц), E1 corporation-ний LPG буюу шингэрүүлсэн нефтийн хийн түгээх станц, газар доорх хадгалах агуулахтай танилцсан байна.