"Эдийн засгийн форум-2015" чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Чуулганы үеэр эдийн засгийн нөхцөл байдал ойрын хоёр жилд хүндэрнэ гэдгийг эдийн засагчид нуусангүй. Үүнийг урт хугацааны алдааны үр нөлөө хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байна гээд зүгээр суух учиргүй хэмээн онцлов.
Ингээд эдийн засагчдын байр суурийг хүргэе.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Өнгөрсөн жилүүдэд хэтэрхий өөдрөг төсөөллөөр явж ирсэн
- Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс хэтэрхий их өөдрөг төсөөллөөр төсвийн төслөө хийсэн байна. Харин 2015 оны төсөв эдийн засгийн бодит байдалтайгаа уялдсан төсөл болсныг онцлох нь зүйтэй байх. Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 10 гаруй хувьтай байна. Тиймээс 5 хувьд хүрэхийн тулд 2015 оны төсвийг дахин тодотгож магадгүй. Эдийн засагт оруулах мөнгөний хэмжээ жил ирэх тусам буурлаа.Алдаагаа залруулж ажиллахын төлөө бид хичээж байна.
Эдийн засагч Д.Жаргалсайхан: Засаглал болж өгөхгүй байна
-Манайд өнөөдөр болохгүй байгаа олон асуудал бий. Тэр дотроос засаглал болохгүй байна гэдгийг өнөөдрийн энэ форумаар ярьж байна. Ингэхдээ засаглал дотроо төр засгийг бүрдүүлж байгаа гол хүчнүүд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал дотроо бас болохгүй байна. Илрэл нь бол УИХ гүйцэтгэх засаглалын эрхийг өөртөө бүрэн авсан байна. Ерөнхий сайд болон бусад бүх сайд нарыг томилно гэдэг үүнийг илэрхийлж байгаа юм. Нэгдүгээрт, үүнийгээ болих хэрэгтэй гэж ярьж байна. Энэ форумд хүмүүс ингээд өөрсдийнхөө санаа бодлыг хэлээд бидний сэтгэлгээний түвшин урагшаа нэг алхаж илүү тодорхой болж байна. Засаглалын институци, төр засгийн эрхийг ганцхан улс төрийн намууд авч явдаг. Тэр улс төрийн намууд өөрсдөө ил тод байх ёстой. Ил тод болгоно гэдгийг Засгийн газрын хэмжээнд ярьсан, одоо намуудын хэмжээнд яръя. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг урагшлуулахад их чухал нөлөөтэй. Энэ талаар ч гэсэн форум дээр нэлээн сайн логик дараалалтай ярилцлаа гэж бодож байна.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Монголбанкнаас эдийн засгийн хүндрэлийг аядуухан газардуулахын төлөө ажилласан
Монгол Улс эдийн засгийн хуримтлалгүй явж ирлээ. Тогтворжуулалтын санд 400 тэрбум төгрөгийн хуримтлалтай байх жишээтэй. Макро баланс харахад хэцүүхэн байгаа. Гэхдээ УИХ дээр макро бодлогын цогц өөрчлөлтийн хана нь боссон гэж хэлж болно. Тодруулбал төсвийн нэгдмэл, зохистой байдлаа хангах,эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихэд мөнгөнийхөө бодлогыг чиглүүлэх, улсын өрийн удирдлагыг сайжруулах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгох, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг дэмжих гэсэн таван чиглэлийг барихаар болсон. Монголбанкнаас эдийн засгийн хүндрэлийг аядуухан газардуулахын төлөө ажилласан. Агшсан эдийн засгийн хувьд хэд хэдэн хувилбарууд гарч ирлээ. Өрийн удирдлагын тухай хуулийг сая баталлаа. Ингэснээр Засгийн газрын зээллэгийн хэмжээ 600 сая ам.доллар болж байна. Мөн лиценз олгох болсноор гадаадын хөрөнгө оруулалтаас 300 сая ам.доллар босох төлөв ажиглагдаж буй юм. Өнөөдөр гадаад валютын 1 миллиард 300 сая ам. долларын нөөц байна. Манай улс хуримтлал үүсгэх боломж маруухан. Гэвч өнгөрсөн жил моргейжийн зээл хэрэгжсэнээр 500 тэрбум төгрөгийн хуримтлал бий болсон.
УИХ-ын гишүүн М.Батчимэг: Засгийн газар тогтвортой байх нь чухал
-Энэ жилийн форум эдийн засгийн үечлэлийн асуудал ч бай, хүн амын амьжиргааны асуудал ч бай ер нь улс орны хамгийн чухал суурь болсон засаглалын асуудлыг хөндөж нухацтай ярьж байгаагаараа чухал гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл бид эдийн засгаа яаж өөд татах вэ, яаж зам барьж, барилгаа сайхан болгох вэ гэж ярьдаг байснаас биш үнэхээр тулгараад байгаа энэ асуудлууд засаглалд, тогтолцоонд байна гэдгийг бага ярьж ирсэн. Өнөөдөр бүх түвшиндээ засаглалаа сайжруулж байж Монгол Улс цаашаа явна гэсэн дүгнэлтийг хамтарч хийж байгаа нь сайшаалтай. Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталсан, 23 жилийн дараа бид дахин Үндсэн хуулийндаа шаардлагатай зарим нэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрчихээд байна. Өнөөдөр дэлхий дахинд хурдтай хөгжсөн бүх орны туршлага бол Засгийн газар нь тогтвортой ажилладаг, урт хугацааны бодлогын шийдвэрүүд нь тодорхой байдаг, араас нь тэр бодлогыг хэрэгжүүлж байдаг төрийн мэргэшсэн алба ажиллаж байдаг. Ингэж байж хөгжиж чадаж байна. Гэтэл Монгол Улс бол 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жилийн хугацаанд 16 дахь Засгийн газар ажиллаж байна. Ийм богинохон хугацаатай, дээрээс нь Засгийн газар өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчдаа байнга халаа сэлгээ хийж өмнө нь явж байсан бүх бодлогыг өөрчилдөг энэ үед бол Монгол Улс цаашаа явахгүй. Тэгэхээр бидний хийж буй дүгнэлт бол бид өнөөдөр мэдээж барилга барих, эдийн засгаа хөгжүүлэх талаар ярих ёстой. Гэхдээ хамгийн чухал суурь асуудал болсон засаглалын тогтолцоог сайжруулах, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, Төрийн албаны хуулиа боловсронгуй болгож батлах, Засгийн газрын тогтвортой бүтцийн тухай хуультай болох ийм гурван зүйлийг хийх хэрэгтэй байна гэсэн тодорхой дүгнэлтэд хүрлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)