Иргэд оролцоод шийдсэн зүйл
сайн үр дүнтэй байдаг
Ц.Элбэгдорж
Монгол улсын Ерөнхийлөгч
Иргэнлэг Ерөнхийлөгч л иргэдээ дэмжинэ
М.Энхсайхан сайд УИХ-ыг үл тоомсорлож, БНХАУ-ын Төрийн зөвлөлийг илүүд үзэх зэргээр элдвээр аяглан, хамгийн гол нь тус бүр 1072 хувьцаа эзэмшиж буй ард түмний эрх ашгийг хөсөрдүүлснээс Тавантолгойн ордод Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ гацаанд орсон энэ цаг үед ордыг хамгийн оновчтой хэлбэрээр ашиглах боломжит саналыг иргэд дэвшүүлж эхэллээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол аливаа асуудалд иргэдийн оролцоо, саналыг тусгахыг эрхэмлэдгээрээ зартай, нэн иргэнлэг удирдагч билээ. Тэрээр Ноён уулын асуудлаар, нийтдээ 180 сая долларын цэвэр ашиг өгөх, үүнээс монголын Засгийн газарт 36 сая доллар нь ногдох Гачууртын алтны ордыг ашиглах эсэх талаар байр сууриа илэрхийлэхдээ "иргэдээсээ асууж шийдэхийг" уриалсан.
Тэгвэл 7,4 тэрбум тонны нөөцтэй, 750 тэрбум ам.доллараар үнэлэгдэх нөөц бүхий ТТ уурхайг ашиглах хамгийн оновчтой хувилбарыг дэвшүүлж байгаа иргэдээ сонсох, уухайлан дэмжих нь дамжиггүй байх аа. 36 сая доллар бус хэдэн зуун тэрбумаар яригдах долларын ашиг яригдаж байгаа учир монгол хүн бүр энэ асуудлыг анхааралдаа байлгаж, шийдэлд нь оролцох ч учиртай байх.
Иргэдийн мэргэн санал
Монголын Хөгжлийн Хүрээлэнг үүсгэн байгуулсан хэсэг иргэдийн боловсруулсан саналыг толилуулахын өмнө тэдний удирдагч, эдийн засагч, судлаач Х.Батсуурь гэж хэн болохыг танилцуулъя.
Халтарын Батсуурь - 1999 онд АНУ-ын Вашингтоны Их сургууль, 2008 онд Их Британийн Лондонгийн Эдийн засгийн Их сургуулийг дүүргэсэн. Дэлхийн Эдийн засгийн Форумын судлагаагаар дэлхийн шилдэг 30 эдийн засгийн сургуулиудын жагсаалт гаргахад: Harvard University, Massachusetts Institute of Technology хоёрын дараа London School of Economics and Political Science орсон байна.
Компьютер, Мэдээллийн Технологийн магистр, Улс төрийн эдийн засгийн магистр зэрэгтэй. Ур чадварын хувьд Олон Улсын Төслийн Удирдлагын Менежемент Институтын Батламжлагдсан Мэргэжилтэн (PMP-Project Management Professional), Кибер Мэдээллийн Системийн Олон Улсын Батламжлагдсан Аудит Мэргэжилтэн (CISA-Certified Information Systems Auditor) гэгдсэн хүн байна. Ажлын туршлагыг харвал: 2001-2012 онуудад АНУ-д Дэлхийн Банкны Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн судлаач, MCG Капитал компанид Хөрөнгө Оруулалтын шинжээч, ОУХ-ны Эдийн Засаг Улс Төрийн Бодлогын Танхим, Дэлхийн Аюулгүй Байдлын Судалгааны Институтэд шинжээч, Тетра Тек Инженеринг ШУ-Дэвшлийн Корпорацид төслийн менежер зэрэг хариуцлагатай албуудыг хашиж байсан. 2012 оноос эх орондоо ажиллаж байгаа, эдийн засгийн зөвлөх, "Шинжээч" нийгэм эдийн засгийн сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байгаа залуу байна.
Ийм өндөр мэдлэг боловсрол, туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд маш оновчтой, шийдэл сайтай санал гаргасныг одоо толилуулъя.
Монголын хөгжлийн хүрээлэнгийн судлаачид, эдийн засагчид болон Таван Толгойн ордоос хувь эзэмшигч нийт иргэдийн нэгдлээс дараах шийдлийг санал болгож байна. Таван Толгой төслийг гацаанаас гаргах, үр ашигтай ашиглах энэхүү хувилбарыг боловсруулахдаа эдийн засгийн үр өгөөж, үндэсний аюулгүй байдал гэсэн хоёр асуудлыг суурь нөхцөл болгосон аж.
Юуны өмнө тэдний төсөөллөөр Таван Толгой төсөл нь төрийн, нийтийн, хувийн өмчийн хэлбэрүүдийг багтаасан нээлттэй, хувьцаат компанийин сонгомол жишгээр ажиллах гэнэ. Ингэснээр "Эрдэнэс ТТ" төрийн өмч давамгайлсан хувьцаат компани нь ТТ төслийн компанийн 51 хувийг эзэмшнэ. Ингэж байж ТТ ордыг төрийн мэдэлд байлгах эрх зүйн орчинг бүрдүүлэх ажээ.
Урагшаа, Таван Толгой! иргэдийн санаачлага нь М.Энхсайхан болон олигархиудын зүтгүүлж байгаа төсөлд тусгагдаагүй, тусгагдсан ч монгол улс, монголын ард түмэнд ашиггүй гол гол асуудлуудыг хууль тогтоомжид заасны дагуу, Үндэсний эрх ашигт бүрнээ нийцүүлэн тусгаж оруулснаараа онцлог болсон юм. Үүнд:
- Иргэдэд олгосон 1072 хувьцаа: ТТ-дахь иргэдийн эзэмшлийн 1072 ширхэг хувьцааг нийт төслийн 26 хувь, "Эрдэнэс ТТ" компанийн 51 хувь байна. Харин нийтийн өмчлөлийн "Эрдэнэс ТТ" хувьцаат компани нь цаашдаа ТТ төслийнхөө 51 хувийг эзэмшихээр тусгасан нь стратегийн орд нь төрийн өмчид байх гэсэн хуулийн заалттай нийцүүлсэн хэрэг юм. Иргэдэд өмчлүүлсэн 1072 хувьцааг жил бүр ногдол ашиг авдаг болгох явдлыг хэрэгжүүлэх, баталгаажуулах үндэслэл нь ийнхүү тавигдаж байна. М.Энхсайхан болбоос 1072 хувьцааны талаар дурсахыг ч хүсэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн билээ.
- Төмөр замын тээвэрлэлт: Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т заасан "Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байх ...", Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоын 6.3.1.Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг төр өмчилнө гэсэн заалтуудын дагуу ТТ төсөлд ашиглагдах төмөр замыг анхнаасаа Монголын Төмөр Зам ХК болон төрийн өмч давамгайлсан ТТ төслийн компанийн мэдэлд байхаар тусгасан.
Урагшаа, Таван Толгой! иргэдийн санаачлага нь нүүрсний зах зээл рүү гарах гарц, бизнесийн орчныг тооцоолсны үндсэн дээр БНХАУ-ын Шэнхуа Энержи, Японы Сумитомо корпорацуудтай хөрөнгө оруулалт, олборлолт, борлуултын салбарт хамтран ажиллахыг чухалчилж байгаа юм. Дэлхийн нүүрсний зах зээл дахь гол тоглогчийн нэг Шенхуа Энержи бидэнд Хятадын нүүрсний зах зээлд гарах гол гүүр болох төдийгүй, санхүүгийн найдвартай түнш болж чадах юм. Нөгөө талаас Японы Сумитомо корпораци биднийг гуравдагч зах зээл дээр гарах үүд хаалгыг нээж өгч байгаа.
Гэхдээ хөрөнгө оруулж хамтран ажиллах талыг зөвхөн энэ хоёр компаниар хязгаарлах албагүй. Жишээ нь: АНУ-ын Peabody зэрэг нүүрсний салбарт арвин туршлагатай компаниудын менежмент, нөлөөлөл, боломж, оролцоог хангахыг эрмэлзэх ёстой.
Одоогоор төсөлд оролцох эрмэлзлээ бодитой илэрхийлээд байгаа Шэнхуа Энержи компанийн хувьд TT төслийн компанийн 49 хүртэлх хувийг эзэмших боломжтой бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн эзэмших эрх бүхий хувийг борлуулах хөрөнгө босгох бүрэн эрхээр хангагдна. Хэрвээ Шэнхуа Энержи 49 хувиас доош эзэмшилтэй байхыг хүсвэл бусад оролцогчдод хандах эрх монголын талд нээлттэй байх ёстой.
Харин Эрдэнэс ТТ ХК ямар ч нөхцөлд Төслийн компанийн 51 хувийг эзэмших ёстой. Төслийн компанийн хувь нийлүүлэгчдийн бүтцийг схемээс харна уу.
Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улсууд, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд ашигт малтмалын ордууд нь төрийн мэдэлд байх зайлшгүй шаардлагатай талаар эрдэмтдийн судалгаа, нотлогоо бий. Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг бүхий 58 орны 45-д нь 100 хувь төрийн өмчит, эсвэл төрийн өмч давамгайлсан компаниуд ажиллаж байна. Норвег, Иран, Азербайжан, Ботсван, Чили улсуудын эдийн засагт төрийн өмчит компаниуд нь голлох үүрэг гүйцэтгэж байна. Маш олон тохиолдолд уурхайнуудыг хувийн хэвшлээс улсын өмчид шилжүүлэн авч, амжилтанд хүрсэн нь буй. Чилийн 100 хувь төрийн өмчит Codelco зэс боловсруулах компани л гэхэд улсынхаа төсвийн 15 хувийг олон жилийн турш найдвартай бүрдүүлж ирсэн.
Монголд "төр муу менежер" гэх суртал нэвтрүүлэг давамгайлж, төрийн өмчтэй газруудыг зориудаар муу ажиллуулах, сайн ажиллаж байгааг нь гутааж, муучлах үзэгдэл ихээхэн газар авсан нь олигархиуд тэдгээрийг гартаа оруулахын тулд хийж буй нөлөөллийн ажиллагаанаас өөр юу ч биш ажээ. Жишээ нь Эрдэнэс ТТ компани 133 сая долларын зээлтэй, үүнийгээ ирэх 9 сар гэхэд барагдуулах бүрэн бололцоотой гэж Санхүү хариуцсан захирал нь мэдэгдсээр атал нийтлэлч Д.Жаргалсайхан гэх этгээд "1 тэрбум долларын өрөнд улсаа унагасан, төр муу менежер гэдгийн тод жишээ" гэх зэрэг гүтгэлэгийн чанартай зүйлсийг мэдээллийн хэрэгслээл тарааж байна. Эдийн засагч Х.Батсуурь "Төр бол ерөөсөө менежер биш ээ. Тийм болохоор сайн, муугийн тухай ярих утгагүй. Төр үндсэн үүргээ-зохицуулалтаа л сайн хийчихвэл аж ахуйн нэгж өөрөө менежментээ хийгээд явчихна" гэж байна.
Хэлэлцье, дэмжье, урагшлуулъя
Урагшаа, Таван Толгой! иргэдийн санаачлага нь Үндэсний эрх ашгийг дээдлэсэн, Монгол улсын хүчин төгөлдөр ын хууль тогтоомжуудын хүрээнд боловсруулагдснаараа сайд М.Энхсайханы төслөөс ялгаатай, хэрэгжих магадлалтай юм. Хууль зөрчих нь, хуулийг үл хэрэгсэх нь аливаа төслийг гацаах хамгийн том шалтгаан болдог.
Урагшаа, Таван Толгой! иргэдийн санаачлагын гишүүд төслөө сонирхож буй талуудтай хамтран хэлэлцэж, шүүж, дэлгэрүүлэх асар их сонирхолтой байна. Улмаар төслөө төрийн түшээд, эрхэм гишүүдээр дамжуулан УИХ-д өргөн барьж, ажил хэрэг болгох, хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ. Энэ төслийг иргэдээ сонсдог, иргэдээ өмгөөлж, иргэдээ дээдлэдэг төрийн түшээд бүгд дэмжих нь эргэлзээгүй.
Төгсгөлд Монголын Эдийн Засгийн Форум дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг сануулъя. Учир нь Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн үзэл санаанд хамгийн ихээр нийцэж байгаа төсөл бол Урагшаа, Таван Толгой! иргэдийн санаачилга яалт ч үгүй мөн байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголыг өнөөдөр Ерөнхийлөгч мэддэг юм биш. Монголын хамгийн дээд засаглал иргэдийн гарт байгаа. Энэ бол Монгол Улсын давуу тал... Нийгмийн хариуцлагыг олон нийттэйгээ уялдаж хамтран хувьцаа эзэмшиж, бүгдээр баялаг бүтээгч болж байж л шийднэ. Тэгэхээр энэ чиглэл рүү манай аж ахуй нэгжүүд явах цаг болсон. Мөн төрийн бодлого ч энэ чиглэл рүү явах, туслах цаг болсон. Ингэж чадвал хүмүүс нь нэг нэгнээсээ хол тасарсан биш бие биеэ ойлгосон, бүгдээрээ, улсаараа урагшлан хөгжсөн, өнөөдрөөс илүү түвшинд хүрсэн байх боломж бидэнд бий.
Р.Батсайхан
Сэтгэгдэл (12)