УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлд Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг тодорхой болгожээ. Тодруулбал, Цэцийн гишүүн нь эрх зүйч байхын зэрэгцээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг тусгайлан оруулсан байна.
Цэцийн гишүүний хараат бус, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно” гэж олон улсын туршлагыг төсөлд тусгажээ. Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг нарийвчилж зохицуулсан байна. Тодруулбал, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас дээшгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр заажээ.
Түүнчлэн эрхээ сэргээлгэх хуульд заасан арга замыг дуусгасны дараа уул эрх нь зөрчигдсөн хэвээр гэж үзсэн иргэн Цэцэд гаргах эрхийг тусгасан байна. Иргэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байгаа нь Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх агуулгатай бөгөөд Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал нь үүнд чиглэсэн байна гэж үзжээ. Иймд иргэний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн түвшинд хамгаалах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох зохцуулалтыг төсөлд тусгасан байна.