Жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцуудаар тойрон хүрээлүүлэх болсон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудал олны анхаарлын төвд ороод буй. Төв цэнгэлдэх хүрээлэн анх нийслэлийн өмч байхдаа 38 га газрыг хамардаг байж. Харин өнөөдөр ердөө 12,6 га газар үлджээ. Үүний гол зангилаа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар Т.Нямдаваагийн мэдэлд очсоноос эхтэй аж. Өөрөөр хэлбэл, Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор арав орчим га болтлоо багасжээ.
Энэ талаар өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзсан. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон байдаг. Харин 2007-2017 оны хугацаанд 26 га газрыг бусдад шилжүүлж өгсөн байна. Үүний үр дүнд Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдсан. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа гүйцэтгэх захирал байх үед дээрх газрууд зарагдсан. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс" гэсэн юм. Харин “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа "Би газар зараад мөнгө авчихсан юм байхгүй" хэмээн өөрийгөө өмөөрөхийн зэрэгцээ хэд хэдэн хүний нэрийг уг асуудалтай холбогдуулан хэлж орхив.
Тухайлбал, түүний ярианд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж ард түмний дунд алдаршсан, муу, сайнаараа ч, эд хөрөнгөөрөө ч олны анхаарлын төвд байсан, байсаар ч байгаа нэгэн эрхэм дурдагдах нь тэр. Мөн түүний хоёр хүүхэд болох Э.Жаргалан, Э.Батзаяа нар уг асуудалтай холбоотой аж.
Богд уулын амууд, дахин төлөвлөлтийн газрууд гээд хотын төвийн хамгийн үнэтэй гэгдэх газрууд хүртэл түүний эзэмшлийнх байдаг нь үнэн. Энэ жишгээр мөн л Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудалд түүний нэр цохиж явна. Үүнд нэг их гайхах хүн ч ховор болов уу. Харин гол асуудал нь түүний эрэл газрын асуудлаар тогтсонгүй. Мөн л Хөгжлийн банктай нэр холбогдож, 14 сая ам.доллар, 13.2 сая евро, 9 сая ам.долларын гурван удаа зээл авсан бөгөөд 8.6 сая ам.долларыг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон. Үүнийгээ ч тэрбээр нүүрсний сонсголын үеэр хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд хамаарах “Зайсангийн ам”, “Нүхтийн ам”, “Хүүшийн ам”-нд байрлах газрыг Б.Эрдэнэбат өөрийн туслахын нэр дээр авсан асуудал ч бий. Харин өнөөдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудалд түүний хүүхдүүдийн нэр дурдагдсан ч Э гэх нэр эхэнд дуудагдах нь гарцаагүй биз. Ийнхүү бидэнд Үндэсний их баяр наадмаараа есөн хөлт цагаан туг, шарга морьдоо байрлуулах газар ч үгүй болох уу? гэх асуулт үлдэж буй.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)