Өмнөд Солонгосын иргэн тагнуул хийсэн хэргээр ОХУ-д саатуулагдсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам ч баривчилгааг баталж, консулын тусламж үзүүлэхийг оролдож байгаа тухайгаа мэдээлжээ.
"Баек Вон Суныг энэ оны эхээр зүүн хязгаарын Владивосток хотод баривчилсан" гэж оросын ТАСС агентлаг мэдээлсэн, одоогоор Москвагийн шоронд хоригдож буй ажээ. Түүнийг тагнуулын хэргээр ОХУ-д саатуулсан анхны Өмнөд Солонгосын иргэн гэж үзэж байна.
Түүний хэргийн талаарх мэдээлэл тийм ч их биш байгаа гэнэ. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам уг асуудалд тайван, нарийвчлалтай хандаж байгаа. Харин ОХУ-ын талаас Баекийг "төрийн нууцад хамаарах мэдээллийг гадаадын тагнуулын албанд дамжуулсан" гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгосын хэвлэлүүд түүний баривчлагдсан тухай мэдээллийг өнгөрсөн сард цацсан. Тэгэхдээ Баекийг нэгдүгээр сард Хятадаас Владивосток хотод ирсний дараа ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба баривчилсан гэж мэдээлсэн байна. Түүнийг шашны ажилтны дүрд хувилан эхнэрээ дагуулан явсан гэх цуурхал гарав. Эхнэрийг нь хамт баривчилсан ч удалгүй сулласан аж. Суллагдсан даруй Өмнөд Солонгост эргэн ирсэн гэж албаныхан мэдээлжээ.
Баекийг цагдан хорьсон нь Украины дайн эхэлснээс хойш Оросын тал гадаадын иргэдийг баривчилж байгаа сүүлийн тохиолдол болов. Гэвч олон улс ОХУ-ын талыг бусад орны иргэдийг баривчилж, улс төрийн наймаа хийх, ялтан солилцох зорилгоор ашигласан гэж буруутгаж байгаа юм. Тэдгээрээс өнгөрсөн гуравдугаар сард тагнуулын хэргээр саатуулагдсан америк эр, "Wall Street Journal" сэтгүүлийн сурвалжлагч Эван Гершкович, Оросын армийн талаар "худал мэдээлэл" тараасан хэмээн буруутгагдаж байсан Орос-Америк гаралтай сэтгүүлч Алсу Курмсашева нарыг дурдаж болно.
Түүнчлэн ТАСС агентлагийн мэдээлэлд Баекийг Оросын улс төрийн хэрэгтэн Гершковичтэй хамт "Лефортово" шоронд хоригдож байгаа гэх. Даваа гарагт шүүх түүний цагдан хорих хугацааг зургаадугаар сар хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.
Өмнөд Солонгос барууны холбоотнуудынхаа хамтаар Оросын Украин руу түрэмгийлснийг буруушааж, Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авахаа амласан. Үүний зэрэгцээ Орос, Хойд Солонгос хоёр илүү ойр дотно харилцаатай болсонд байж ядан буй нь гарцаагүй. Тодруулбал, Владимир Путин, Ким Чен Ун нар өнгөрсөн жил өндөр түвшний харилцан айлчлал хийсэн нь цэргийн технологийн хэлэлцээртэй холбоотой гэх хардлага бий. Өнгөрсөн онд мөн Владивосток хотод Орос, Хойд Солонгосын албаны хүмүүс хэд хэдэн уулзалт хийсэн. Тэгэхээр дээрх тагнуулын тухай яриа үндэслэлтэй гэсэн үг.
Л.Сайнаа