Д.Нямсүрэн "Сонат"
Өмнийн сар гарахад
Өөдөөс салхи сэвэлзэнэ.
Үдшийн гэгээ татуулан
Өвсөн дээгүүр
Марал буга давхина.
Од гарагийн дундуур
Хөтлөлцөөд гүймээр
Тэнгэрийн заадас зурайж
Орчлонд-
Чамтай уулзмаар орой!
Эргэх дөрвөн цагт
Цэцэглэх-
Жимстэй нэгэн том мод
Энэхэн дэлхийгээ
Хоёулаа л байсан цагт
Аварч чадмаар бодогдох
Сайхан орой!
Д.УРИАНХАЙ "ДУГТУЙ ДҮҮРЭН ӨВӨЛ "
Г.Аюурзана "Миний дургүй сарууд" шүлгээс
...Арван нэгдүгээр сар миний дургүй сар.
Яагаад би түүнд дургүй билээ?
Намар биш, хэтэрхий орой –
Өвөл биш, арай л эрт –
Ямар ч цаг улирал гэх вэ дээ,
Арван нэгдүгээр сард дургүй ээ.
Хоосорч хохийсон модод нэг л этгээд
Хоржоонт үнэрээр сэтгэлийг хатгана.
Тэр үнэр зүрх рүү хутга шиг биш,
Хатсан хуурай өвс шиг шагайгаад
Тэвчээрийг минь хэмжих мэт
Хачин солгой аялгуу хуурдана.
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд
Хөгжим мэдэхгүй хүмүүс хууртана.
Хөөрхий, ийм л цагаар хорвоод ирсэн минь
Анхнаасаа утгагүй явдал байсан шиг санагдана.
Хэрэв ийм сар байгаагүй бол, энд төрөөгүй бол,
Хэцийн салхитай хамт би чөлөөтэй явах сан,
Хээнцэр үүлсийн гүнийг шагайж харах сан,
Шувуудын хаан болчихоод элих сэн,
Загасны бурханд хувилчихаад сэлэх сэн.
Амиа хорлох тухай бодтолоо
Азгүй дурлахгүй сэн,
Амьдралд хайртай болтолоо
Аз жаргал амсахгүй сэн.
Од ширтээд баясч гунихгүй,
Охинтой, хүүтэй болохгүй сэн.
Орчлон дээр шүлэг бичихгүй,
Хүмүүсээс залхахгүй сэн.
Үгүй дээ, миний дургүй сар
Арван нэг биш байна.
Арван хоёр...
Э.Булган "Хамгийн ойрын садан арван нэгэн сарын салхи аа!"
Хамгийн дулаахан шороон дор
Хамтдаа аавыг минь өлгийдсөн
Арван нэгдүгээр сарын салхи аа
Уулс хичнээн дүнсгэр, царай муутай харагдана вэ
Угтаа тэдний сүүдэрт өвснүүд галбираа гээж,
Шувууд нь амраглангаа тэнгэрт нисэх хүслээ тасчиж хаяад
Яс зурж өнгөрдөг ихийн их хүйтнийг туулж
Яруу найраг, эсвэл орон гэрээ бодож алхах уйт их ганцаардагчийг
Шоовдор хүн гэж итгээд шоолж суудаг л байх.
Дүнгэнэн буй моддын дэргэд
Дүлий мэтээр сууж
Дөлөөд одсон хамгийн ойрын хүмүүсээ
Санан ганцаарднам арван нэгэн сар аа...
Хэсэг цагаан үүл
Хэн нэгнийг чандлаад
Хэсэгтээ л үл задарч сарнинам
Орь хүйтэнд хавирган завсраар салхи сийгэж
Цэл залуухнаараа даарч жиндэхийн учигт
Чамайг л бодож алхнам
Хамгийн ойрын садан арван нэгэн сарын салхи аа!
Д.Эрдэнэзулай "Ийм л хүйтнийг үзэх гэж бид..."
Ийм л хүйтнийг үзэх гэж бид
Аагим зуныг тэсч үддэг
Ийм л хүйтнийг давах гэж
Дулаахан дурсамжуудаа хадгалж үлдээдэг
Ийм хүйтнээр сэтгэлд нь гараа ээн дулаацах
Сайхан хүмүүсээ хамгийн их үгүйлдэг
Ийм л хүйтнээр хань хайж
Халуун хайр хүлээж тарчилдаг
Навчис үхэж, мод бүгдийг нь оршуулдаг намраар
Модон сандлууд эзгүйрч гансардаг
Намайг шүлэг бичүүлэх гэж л ийм хүйтэн намар тохиож
Ийм намраар л би навч, мод, модон сандлуудыг өрөвддөг
Дээлэн дотроо ч дулаацахгүй ийм намраар
Дэргэдийн хүмүүсийнхээ хүйтнийг нь дэндүү эмзэг мэдэрдэг
Дулаацах гэж асаасан тамхи дуусахад гунигтай байдаг
Дууны өнгө сааралтаж, шүлэг уншихад ч хэцүү байдаг
Ийм намрын дараа учрах өвлийн сарууд
Tөсөөлөлд багтамгүй урт болдог
Ирж буцдаг орчлонгийн жам харгис цэвдэг мэдрэгддэг
Од харвахыг харах хүртэл гашуудмаар энэлэнтэй байдаг
Сэтгэл тийм эмзэг байхад амиа хорлох амархан санагддаг
Ийм хүйтнээр ээжийн минь цамцнаас өөр дулаахан зүйл олддоггүй
Ийм л хүйтнээр би бороо орохыг ч харж тэвчдэггүй
Ийм намруудыг давах гэж
Сэтгэлээ бүлээхнээр нь хадгалмаар, тэгээд
Ийм намрын дараа ирэх
Өвлийг туулах зоригтойгоо үлдмээр!
Ж.Болд-Эрдэнэ "Баяртай гэж би яахин хэлж чадна"
Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай
Олон олон жилийн хойно эргэж ирэх гэж
Огт өөр дүрсээр дамжин дамжсаар
Одоогийн энэ төрхөндөө эргэж төрдөг юм
Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай
Жирийн бус учрал гэж орчлонд байдаггүй
Жил сар амьдрал туршаа танилгүй өнгөрөвч
Өвс ногоо болон зэрэгцэж ургахын цагтаа
Өвлийн цасан дор бие биесээ дэрлэдэг юм
Жирийн бус учрал гэж орчлонд байдаггүй
Сар одод мянга мянган жил ажигладаг юм
Сац тэнд цацардаггүй гэгээ, харагддагүй одод байдаг
Хөшөө чулуу, ургаа модод, хүмүүн явдал аль аль нь
Хөх тэнгэрийн дор өөрө өөрийн хугацаатай байдаг
Сар одод мянга мянган жил ажигладаг юм
Нэгэн үүрний шоргоолж хүртэл өөрсдийн гарагтай байдаг
Нэлмэгэр хөх хөвчийг тэдэнд өвс ногоо орлодог
Оройд нь хүрч чадсан хар ногоон халгай
Орчлонгийн оргил болж тэдэнд санагддаг
Нэгэн үүрний шоргоолж хүртэл өөрсдийн гарагтай байдаг
Уулын шоргоолж, модны шоргоолж харь гарагийнхан нь байдаг
Учрал тэдний хувьд бас л сураг таавар байдаг
Давтамжийн түм түмэн хувирал хумхын тоосноос
Далай их дэлхий хүртэл хэн нэгний хэвлий юм шүү
Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай