Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан Монголын Хуульчдын холбоо болон шалгалтыг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ.
Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарсын мэдээлснээр, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхэлснээр тус холбоо хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах болжээ. Мөн тэрбээр, "Ямар ч нөхцөлд бид хуульчдын шалгаруулалтыг сулруулж, чанаргүй хуульчдыг бэлтгэж болохгүй юм.
Ер нь хуульчдын шалгалтын босго өндөр, 100 оноо авахаас 70-аас дээш оноо авсныг нь шалгаруулдаг, хуульд нийцсэн шаардлага, шалгаруудыг давж байж хуульч, эрх зүйч болдог. Тэр бүхэнд хяналт, хариуцлага их байдаг, нийт оролцогчдын 15 хувь нь тэнцдэг ийм хатуу шалгалтын тогтолцоо" гэв.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад дунджаар 1300 орчим эрх зүйч оролцдог. Өнгөрсөн жилийн шалгалтад 1228 эрх зүйч бүртгүүлж, 371 эрх зүйчид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон талаар шалгалтын хорооны гишүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.
Найм дахь удаа зохион байгуулж буй Хуульчийн мэргэжлийн шалгалт энэ оны аравдугаар сарын 23-28-нд болох юм. Шалгалтад оролцогчдыг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 9 хүртэл бүртгэх аж.