Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явууллаа.
Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон.
Шүүхээс холбогдогч “Б”-т 30 хоног баривчлах шийтгэл оногдууллаа гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллин төвөөс мэдээллээ.
Тэгвэл дээр дурдсан 5.2 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.4 хэсэгт юу гэж заасан байдаг вэ?
5.2 Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Тайлбар: Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
Сэтгэгдэл (1)