Уншигч та бүхэнд амралтын өдөр болох үзвэр, үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.
-Ж.Верди "Травиата" дуурь-
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 2025.02.22 17:00
Тасалбар: 30-80.000 төгрөг
Тайлбар: "Травиата" дуурь нь анх гол баатрын нэрээр "Виолетта" хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд 1853 онд Италийн Ла Фенис театрт нээлтээ хийжээ. Цомнолыг хүү Александр Дюмагийн "Камелийн цэцэгт хатагтай" зохиолоос сэдэвлэн Ф.М.Пьяве бичсэн бөгөөд Верди, Пьяве нар Дюмагийн зохиолын утга, агуулгыг дагаж орчин үедээ тохируулан хийхийг хүссэн боловч захиалагч болох Ла Фенис театраас дуурийн үйл явдлыг өнгөрсөн зуунаар байлгахыг хатуу шаардсан байна. Тиймээс 1880-аад оныг хүртэл уг бүтээл жинхэнэ түүхэн хугацаагаа харуулж чадаагүй аж. Өнөөдөр "Травиата" дуурь дэлхий дахины театруудын урын санд томоохон байр эзлэх болжээ.
Манай театрын тайзнаа 1977 онд анх тавигдсан ба найруулагчаар УГЗ Ё.Цэрэндолгор, удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав, ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллаж байв. Манай хамт олон 2015 онд БНСУ-ын найруулагч Ан Хо Воныг урьж уг дуурийг шинэчлэн тавьсан ба өнөөдөр та бүхэнд хүргэж буй бүтээлийн тайз чимэглэлийг УГЗ Г.Ганбаатар, хувцсыг СТА Г.Оюун нар урлан бүтээсэн юм.
-МОНГОЛОО ГОЁДОГ-
Хаана: Ulaanbaatar Palace
Хэзээ: 2025.02.22 18:00
Тасалбар: 30-70.000 төгрөг
Тайлбар: Монголын соёл, урлаг, утга зохиолын салбарт эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёл, хүн түүхийн сэдэвт олон зуун шүлэг, найраглал, жүжгийн зохиол туурьвиж, Төрдөө үнэлүүлж, түмэндээ үнсүүлсэн Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт уран бүтээлч, телевизийн салбарын домог Шагдарсүрэнгийн Гүрбазарын "Монголоо гоёдог" хандивын тоглолтонд урьж байна.
Тоглолтонд түүний уран бүтээлийн хамтран зүтгэгчид, тайз дэлгэц, мэргэжлийн урлагийн байгууллага, орчин үеийн дуу хөгжим, рок поп, нийтийн дуу, хошин урлагийн уран бүтээлчид нэгэн үдэш чуулж, "Шагдарсүрэнгийн Гүрбазар Монголоо гоёдог" хүндэтгэлийн тоглолтыг эрхэм үзэгчиддээ толилуулна.
-"Урлагийн мастерууд"-ын концерт-
Хаана: Үндэсний Урлагийн Их Театр
Хэзээ: 2025.02.22 17:00
Тасалбар: 40-60.000 төгрөг
Тайлбар: Одоогийн Үндэсний Урлагийн Их Театр буюу хуучнаар Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын ахмад уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Үндэсний Урлагийн Их Театрын 75 жилийн ойд зориулан тоглож байна.
-"NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт-
Хаана: ГАН ЗАМ ПАЛАС
Хэзээ: 2025.01.11 18:00
Тасалбар: 55.000 төгрөг
Тайлбар: Цагаан лавай чуулгийн "NOMADIC LEGEND"ардын урлаг,өв соёлын тоглолтоо сар бүрийн тодорхой хуваарьт өдрүүдэд 18.00 цагт тоглож байна.Уг тоглолт нь үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг,ардын бүжиг,бие биелэгээ,хөөмий магтаал,морин хуур,цамын бүжиг,уртын болон ардын дуу, уран нугаралт гээд ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм.