“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлгийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, гишүүдээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал "Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх, бидний өдөр тутмын амьдралын амин чухал асуудал болох барилга, эрүүл мэнд, хүнсний салбар, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудал, шийдлийг гурван өдөр хэлэлцлээ. Давхардсан тоогоор 1400 гаруй төлөөлөгч хэлэлцүүлэгт оролцлоо. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй бөгөөд талуудын санал хүсэлтийг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Салбар бүрт олон асуудал бий. Тэдгээр асуудлыг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн хүмүүсээс санал хүлээн авлаа. Хэлэлцүүлэг үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Салбарынхан дуу хоолой нэгтэйгээр асуудлаа ярьж, шийдлээ эрэлхийллээ. Салбар хэлэлцүүлэг тус бүрээс зөвлөмж гарсан. Тус зөвлөмжийг хуулийн төсөлд тусгаж, холбогдох байгууллагууд шаардлагатай шинэчлэлийг хийхэд Ажлын хэсгээс дэмжлэг үзүүлнэ. Салбарын хөгжлөөсөө стандарт нь хуучирсан, лабораторийн хүчин чадал муудсан зэрэг асуудлыг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байна. Томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна." гэв.
Сэтгэгдэл (1)