Бөхийн төрлийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрийн нийслэл Венад 1904 оны тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдсан түүхтэй. Улмаар энэ өдрийг дэлхий нийтээр бөхийн өдөр, тавдугаар сарыг бөхийн сар болгон тэмдэглэх болж.
Бөх бол эрт үеэс үүссэн тулааны хамгийн эртний хэлбэрүүдийн нэг юм. Хуучин гэрээ, Вед, Рамаяна, Махабхарата, Илада зэрэг эртний уран зохиолын эх сурвалжуудад энэ тухай дурдсан байдаг. Эртний Грект бөхийн тэмцээн олимпын наадамд чухал байр суурь эзэлдэг байсныг онцлууштай.
Бөхийн барилдааныг дундад зууны болон орчин үеийн Европ даяар янз бүрийн ангиллын хүмүүс өргөнөөр дадлагажуулж, бүс нутгаасаа хамааран ардын бөхийн янз бүрийн хэв маяг болж хөгжсөн байдаг. Бараг бүх улс үндэстэн өөрийн гэсэн үндэсний бөхтэй. Монгол, Турк, Япон, АНУ, Иран, Энэтхэг, Узбекистан, Этиоп, Хятад, Их Британи, Швейцарь улсуудад өнөө хэр үндэсний бөхөө хөгжүүлэн уламжилсаар байна.
1896 онд Грек-Ромын бөхийг орчин үеийн анхны олимпын наадмын хөтөлбөрт оруулж, Герман, Их Британи, Грек, Унгар гэсэн дөрвөн улсын таван тамирчин өрсөлджээ. Ялагчаар гимнастик, хүндийн өргөлтийн төрөлд өрсөлдсөн Германы тамирчин Карл Шуман тодорч байжээ.
Бөхийн тэмцээн зохион байгуулах олон улсын хороо 1912 онд байгуулагдсан. 1921 онд энэ хороо Олон улсын бөхийн холбоо FILA болон өөрчлөгдөж, 2013 оноос Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо болсон билээ. Холбооноос жил бүр 100 гаруй тэмцээн уралдаан зохион байгуулж байна. Залуучуудын ДАШТ-ийг 1951 оноос насанд хүрэгчдийн, 1969 оноос өсвөр, 1973 оноос зохион байгуулж эхэлжээ.
Харин манай улс хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпын наадамд бөхийн чөлөөт барилдаанаар анхны медалийг хүртэж байсан бол анхны олимпын алтан медальтан мөн жүдо бөхийн төрлөөс тодорч байлаа. Монголчууд бөхдөө хайртай ард түмэн. Монгол наадмыг бөхийн барилдаанаар эхлүүлж, мөн бөхийн барилдаанаар хаадаг нь үүний илрэл билээ.