Пауэрлифтингийн “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медаль, “Токио-2020” паралимпын наадмын алтан медальт, дэлхийн аварга, Азийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий шүүгч Энхбаярын Содномпилжээтэй Орхон аймагт болсон УАШТ-ий талаар ярилцлаа.
-Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог, сонин содон зүйлээс сонирхуулахгүй юу?
-Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд хэрэглэлтэй пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн орон нутагт анх удаа боллоо. Зохион байгуулалт сайн болсныг онцолж хэлье. Тэмцээнд 30 орчим багийн 200 орчим тамирчин өрсөлдсөн нь хамрах хүрээ ямар төвшинд байгааг илтгэж байна.
-Орон нутагт тэмцээн уралдаан зохион байгуулахын давуу талыг юу гэж харж байна?
-Орон нутгийн хүүхэд залууст энэ спортыг сурталчлан таниулах ач холбогдолтой. Үүнээс гадна тэмцээнд оролцсон тамирчин, дасгалжуулагч болон сонирхон үзэх хүмүүсийн оруулж буй хөрөнгө оруулалт бол орон нутгийн эдийн засагт их өр өгөөжтэй юм. Аж ахуй нэгжүүдийг дэмжихэд сайн нөлөө үзүүлнэ.
-Энэ тэмцээнийг хэдэн шүүгч дэнслэв?
-Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч, Олон улсын шүүгч Д.Баттулга нарын 16 шүүгч ажиллалаа. Энэ тэмцээний үеэр дөрвөн хүн албан ёсоор шүүх эрхээ гардлаа. Мөн ДАШТ-ийн хэвтээ шахалтын 93 кг-ын жингийн алтан медальт Галдангийн Оргилболд энэ удаагийн УАШТ-ийг шүүхээр хаа хол Өмнөговь аймгаас зорин ирлээ. Ер нь холбооны зүгээс хөдөө орон нутгаас шүүгч бэлтгэх тал дээр илүү анхаарч байна. Энэ тэмцээнд гэхэд 6-7 нь орон нутгийн шүүгч байгаа юм.