УИХ-ын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны гишүүд, мөн санхүү, эдийн засгийн чиглэлийн Их, дээд сургуулиудын удирдлага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээс Төсвийн тухай хууль болон төсвийн тогтвортой байдалтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар тодруулга авлаа.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн хамт хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өргөн барьсан бэ?
-УИХ-ын 30 гаруй гишүүдийн зүгээс Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төсвийн тогтвортой байдалтай холбоотой 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр хуулиудад сүүлийн 10-15 жилийн хугацаанд төсөв дээр дүн шинжилгээ хийгээд, алдаа онооны сургамжуудыг нэгтгэж, шийдэл болон бодлогын баримт бичгийг боловсруулсан.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд арав гаруй удаа өөрчлөлт оруулсан юм билээ. Олон удаа өөрчлөлт оруулснаар олон сул тал бий болсон гэж таны хувьд үзээд буй. Энэ талаар хуваалцахгүй юу?
-Сүүлийн 15 жилийн хугацаанд төсвийн гол хууль болох Төсвийн тогтвортой байдлын хуульд 13 удаа өөрчлөлт оруулсан байна. Арван удаа батлагдах ёстой байсан төсвийн хүрээний мэдэгдэл болоод төсвүүд тодотгол хийгдэж, 20-30 гаруй удаа нэмэгдэж өөрчлөгдсөн байна. Энэ нь төсвийн хүрээнд сахилга бат, хариуцлага гэдэг зүйлийг байхгүй болгож байгаа юм. Үүнээс улбаалаад төсөв алдагдалтай, улс төржилттэй батлагддаг. Төсвийн алдагдлыг өрөөр санхүүжүүлдэг дүр зураг бий болж байна. Тиймээс цаашид энэ асуудалд цэг тавих, өөрчлөлт хийх, хуулийн гарц шийдлийг гаргах зайлшгүй шаардлага бий.
-Хууль батлагдсанаар ямар асуудлууд шийдэгдэх вэ?
-Хууль батлагдсанаар төсвийн ил тод байдал, хяналтын асуудал нэг тийшээ болно. Төсвийн төлөвлөлт болон боловсруулалтын шатанд иргэдийн хяналтыг бий болгодог байя. Төрийн аудитын байгууллагууд үүнд дуу хоолойгоо хүргэдэг байя. Эргээд гурвалсан холбооны хүрээнд төсвийн хяналтыг ил болгоно. Мөн гуравдугаар сарын 31-нээс эхлээд иргэд төсөвлөлтөд оролцдог, аудитын байгууллага дүн шинжилгээ хийдэг байх оролцоог хангаж өгч байна.
-Ил тод байдлаас гадна төсвийн сахилга бат, хариуцлагын асуудлыг тусгасан талаар хуваалцахгүй юу?
-Хоёр дахь бодлогын асуудал бол төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн бат тогтвортой байдлын асуудлыг гаргаж тавьж байна. Цаашид төсөвтэй холбоотой сахилга бат, хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд төсвийн хуулиудад гар дүрдэггүй, өөрчилдөггүй, сахин мөрддөг, төсвийн өр зээл, алдагдлыг хязгааруудыг заавал мөрддөг байх ёстой гэсэн хориг заалт, хязгаарлалтуудыг хийж өгч байгаа юм.
Хуулийн хязгаарлалтаар төсвийн сахилга бат, хариуцлагыг бий болгох боломжтой хэмээн үзэж байгаа.
Мөн төсвийн сахилга бат, хариуцлагаас гадна төсвийн тухай хуулиуд дээр ямар нэг төсвийн хуулийг зөрчсөн бол, эсвэл үр ашиггүй зарцуулалт хийсэн бол, зориулалтын бусаар ашигласан бол хариуцлага тооцдог, ажлаас нь чөлөөлдөг байх заалтуудыг анх удаа төсвийн тухай хуульд оруулсан.
-Тэгэхээр хуулийг чангалж байж төсвийн хариуцлагатай байдлыг бий болгох хэрэг үү?
- Тийм ээ. Хуулийг чангалж байж төсвийн хариуцлагатай байдлыг бий болгоно. Төсөв гэдэг ард түмэн, татвар төлөгчдийн мөнгө.
Үндсэн хуулиар үл маргах журмаар ард түмнээс төвлөрүүлсэн хөрөнгийг буцаагаад захиран зарцуулах харилцааг бий болгож байна. Үүнд маш хариуцлагатай байх ёстой.
УИХ онцгой бүрэн эрх эдэлж буй учраас УИХ өөрөө үүнд хяналт тавих эрх нь бий болох ёстой. Өрийн удирдлагын тухай хуульд гадаад өрийг хязгаарлах, гадаад зээл тусламжийн зориулалт, ангиллын асуудлыг гаргаж тавьж байгаагаараа онцлог юм.
-Төсвийн тухай хуультай танилцах хугацааг 75 хоног болгож нэмсэн байна. Энэ хугацааг нэмснээр ач холбогдол бий юу?
-Хугацааг хоёр дахин нэмэгдүүлж байна гэсэн үг. Мэдээж ач холбогдолтой. Арванхоёрдугаар сард төсөл өргөн баригдана, батлагдах хугацаа 45 хоног буюу арваннэгдүгээр сарын 15-нд батлагдах ёстой байдаг. Өнгөрсөн оны жишгээр аваад үзвэл, хуулийн төсөлтэй ажлын 3-6 хоногийн хугацаанд үзэж харах боломжтой байсан. Үүнд бодитой үнэлэлт дүгнэлт хийж, цаглабарын нэг сарын хугацаагаар хойшлуулсан. Аудитын байгууллага 20 хоногт үзээд олон нийтэд мэдээлдэг байх, мөн төсвийн тогтвортой байдлын зөвлөл 20 хоногт үзээд олон нийтэд мэдээлэл хүргүүлнэ. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар төсөв өргөн баригдах хүртэл хаалттай байгаа. Үүнийг өөрчилж байж төсвийг зөв төсөвлөсөн эсэх асуудлыг ярих хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун