Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2023 оны 4 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Энэ нь Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын манай улсад хийж байгаа анхны айлчлал юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Францын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд тус уулзалтаар Францаас өндөр ашиг шимт мал импортлон махны чиглэлийн үхрийн эрүүл бүс байгуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг оюутнууд туршлага судлах сургалт зохион байгуулах, газар зүйн заалтад нутгийн бүтээгдэхүүнийг бүртгүүлж, хамгаалах зэрэг асуудлаар санал солилцсон юм.
Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд явагдаж байгаа ч эдийн засгийн харилцаа, худалдааны хэмжээ, ялангуяа хөдөө аж ахуй, хүнсний салбарын чадавхыг бүрэн дүүрэн ашиглахгүй байгааг харгалзан “Захиргааны зохицуулалтын хэлэлцээр”-ийг 2022 онд шинэчлэн байгуулсан. Захиргааны зохицуулалтын үндсэн гурван чиглэл болох: Хөдөө орон нутгийн хөгжил, Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нэмүү өртөг шингээх, Монгол Улсын бүтээгдэхүүнүүдэд ялангуяа гүүний хатаасан саам, саамын тос зэрэг бүтээгдэхүүнд газарзүйн заалтыг таниулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену: “Айлчлал маш богино хугацаатай байлаа. Гэхдээ Монгол Улс өргөн уудам газартай, мал аж ахуйн уламжлалтай, мал аж ахуйн нөөц бололцоотой гэдгээрээ Франц улстай адилхан. Францын мон биллиард үүлдрийн үхрийг монголчууд мэддэг болсон байна. Ялангуяа мах, сүүний үүлдрүүдийг импортлох сонирхолтой байна. Мөн францын талаас монголчуудтай сургалтын чиглэлээр хамтран ажиллах, нөгөөтээгүүр малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчийн ширээнд хүртэлх шат дамжлагын эрүүл ахуйг хэрхэн хангах чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Монголд маш сайн бүтээгдэхүүн их байна. Тэр бүтээгдэхүүнүүд зөвхөн Монголд биш хилийн чанадад гарч танигдах ёстой. Франц улс газарзүйн заалттай бүтээгдэхүүнийг хамгаалах талаар 90 жилийн туршлагатай. Бүтээгдэхүүнийг хамгаалснаар нэг талаас мэргэжлийг, нөгөө талаас тухайн бүс нутгийн бүтээгдэхүүнийг хамгаалдаг. Монголын сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг гадаадад таниулснаар Монгол Улс ойрын хөршдөө, цаашлаад холын хөршүүддээ ч бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болно.” гэсэн юм.
Уулзалтаар яригдсан нэг чухал зүйл бол “1000-д 4” буюу хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдлийг бууруулах, органик бодисуудыг хөрсөнд нь хадгалах тухай олон улсын санаачилга юм. 2023 онд хоёр орны хооронд хэд хэдэн томоохон айлчлал төлөвлөгдсөн бөгөөд эхний айлчлал ийнхүү хөдөө аж ахуйн салбараас эхэлсэн юм. Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд “дэлхийн нийт ноолууран бүтээгдэхүүний 40 хувийг дангаараа дотоодоосоо хангадаг Монголын ноолуурын компаниуд дэлхийн алдартай Францын “Шанел” болон “Гермэс” брэндтэй хамтын ажиллагааны гэрээг эхлүүлж байгааг онцолж байсан юм.