Хаврын улс төр халуун болох нь ээ гэдэг нь өнөөдөр өрнөж байгаа олон үйл явдлаас харагдаж буй. Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Авлигын тухай хууль гээд анхаарал татах олон сэдэв байгаа ч яг одоо хуралдаж байгаа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаас гарах шийдвэр бүхний анхаарлыг татаж байгаа. Улсын ерөнхий прокуророос өргөн барьсан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо хэрхэн шийдвэрлэхээс тэр гишүүд бүрэн эрхтэй үлдэх эсэх нь ерөнхийдөө хамаарна гэхэд хилсдэхгүй. УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүний бүрдүүлдэг Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүнийг “авч үлдэнэ ээ” гэвэл цаашид хуралдах Байнгын хороо болоод чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ шийдвэр үргэлжлэх магадлалтай, бас “авч үлдэхгүй ээ” гэвэл мөн л энэ шийдвэр нь тэр хэвээрээ үргэлжлэх магадлалтай учраас одоо хуралдаж байгаа Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүний шийдвэр анхаарлын төвд байгаа юм. УИХ дахь намын бүлгүүд хийгээд хувь гишүүдэд аль талд нь кноп дарах хоёр төрлийн сонголт байгаа.
Нэг: Парламентын засаглал бэхжих сонголт
Энэ хаврын чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хуулийн төслийг хэлэлцэх товтой байгаа. Ийм үед Ерөнхий прокуророос албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж магадгүй гурван ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхий прокурор ийм санал тавих гэж байгаа тухай мэдээлэл гарснаас хойш л олон нийтийн сүлжээгээр намын бүлэг нь гишүүнээ авч үлдэхээр шийдсэн, авч үлдэхээр ярилцаж байна, авч үлдэхийн тулд олон оронтой тоотой мөнгө тарааж байна гэх мэтээр мэдээлэл гарсан. Эдгээр мэдээлэл ортой эсэх нь ердөө хэдхэн цагийн дараа Халдашгүй байдлын дэд хорооны хурлын шийдвэрээс харагдаж мэднэ. Гэхдээ шийдвэр яаж ч гарлаа гэсэн ч нэг л зүйл “үнэн” байгаа нь Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хуулийн төсөл хэлэлцэхээр зэхэж байгаа чуулганы үеэр ийм асуудалд нэр холбогдсон гишүүдээ хамгаалж авч үлдвэл парламентын засаглалын нэр хүнд навс унана. Харин хэрэгт шалгагдаж байгаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд, тэд жирийн иргэд шиг шалгуулаад буруу зөвөө тогтоолговол ганхан буй парламентын засаглалын нэр хүнд бэхжинэ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэдэг нь бүр мөсөн гишүүнээс эгүүлэн татна гэсэн үг огтоос биш бөгөөд харин ч буруу зөвөө ялгаж салгуулаад, буруугүй бол нүүр бардам буцаж ирэх эрхийг нь олгож байна гэсэн үг. Парламентын засаглалдаа ч, бүрэн эрх нь яригдаж байгаа гишүүддээ ч хамгийн сайн хувилбар энэ.
Хоёр: Хурууны хээгээр хуйвалдах сонголт
Дараагийнх нь мэдээж Ерөнхий прокурорын саналыг хүлээж авахгүй байх сонголт. Намын гишүүнээ, найз нөхрөө БУИХ-ын халдашгүй байдлын бүрэн эрхээр нь хаацайлан авч үлдэх энэ сонголтыг хурууны хээгээр хуйвалдах сонголт гэж буй. Ингэж хурууны хээгээр хуйвалдах сонголтыг УИХ хийвэл парламентыг хугацаанаас нь өмнө тараах, өөр засаглалыг хүсэмжлэх зэрэг “булавч бултайж байдаг” хүслүүд идэвхжинэ. Авлига албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцэнэ гэчихээд, авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа гишүүдээ бүрэн эрх нэрээр хаацайлж үлдээд байвал ийм хүсэлтнүүдийн өгөөш л болно. Уг нь муутай ч, сайнтай ч парламент бүрэн эрхээ хугацаанд нь дуусгадаг байх нь 1991 оны Үндсэн хуулиар тунхагласан засаглалын хэлбэрийн дархлаа нь. Эс тэгвээс гүйцэтгэх засаглалын нэгэн адил ганц хоёрхон жилийн насжилттай парламенттай болох эрсдэл энэ бүхний хамгийн том аюул.
Ийм хоёр сонголтон дунд УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хаалганы цаана нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцэж байна.
Д.Батчулуун