АНУ-ын коллежын сагсанбөмбөгийн лиг "NCAA"-ийн Dayton Flyers багийн тоглогч, "Mongolian Mike" хочит Ш.Энхийн-Од NBA-ийн драфтад нэрээ бүртгүүлжээ. Тодруулбал, ESPN-ний драфт аналист, draftexpress.com сайтыг санаачлагч, спортын сэтгүүлч Жонатан Гивони өөрийн твиттер хуудаснаа Скотт Николс гэх эрхэм Энхийн-Одын төлөөлөгч болсон бөгөөд "Rize Management" гэдэг компанитай агентийн гэрээ байгуулсан тухай жиргэсэн байна.
Энэ талаар спортын сэтгүүлч Г.Идэр-Ууган,
" Дээрхи мэдээ үнэн болохыг ойрын эх сурвалжууд ч надад батлав. Гэхдээ энэ нь шууд утгаараа NBA-д орно эсвэл орох боломж нээгдсэн гэсэн үг биш гэдгийг хэлэхгүй бол болохгүй байх. Юуны өмнө NBA-ийн Драфтад нэрээ өгнө гэдэг бол коллежид дахиж тоглохгүй гэсэн зарлал буюу шууд мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн алхам юм. Энхийн-Од маань яагаад ингэж шийдвэрлэв? Зөв үү эсвэл буруу юу? Хүн бүр дотроо нэгийг эргэцүүлэх биз. Би хувийн бодлоо хэлье.
NCAA-ийн 1-р Дивизионд тоглосон нь өөрөө түүхэн амжилт гэдгийг бид мэднэ. Бүр гараанд гарч улирлыг эхлүүлж багийн үндсэн бүрэлдэхүүний нэг хэсэг шууд болсон нь ч гайхалтай. Гэхдээ Дэйтон дахь Майкийн маань эхний улирал дардан байгаагүй. Баримтат киноноос ч та нар ойлголт авсан байх. Коллежид тамирчин, оюутан байх маш хэцүү. Сагсан бөмбөгтөө 100% анхаарал хандуулах боломжгүй, ачаалал маш их. Тийм ч учраас коллежоос NBA-рүү шилжих хөдөлгөөн ганцхан жилийн настай болоод удаж байна. Үүнийг "One-N-Done" дүрэм ч гэж ярьдаг.
Ахлах сургуулиас шууд NBA-рүү үсэрч ордог байсныг 2006 онд болиулсан. Драфтад нэрээ өгч буй тоглогч дор хаяж 19 настай байх бөгөөд ахлах сургуулиас хойш нэг жил өнгөрсөн байх ёстой гэсэн заалттайгаар NBA болон Тоглогчдын Холбоо шинэ Нэгдсэн Гэрээг (CBA) байгуулсан байдаг. Тэр цагаас хойш бүгд NCAA-д нэг жил тоглочоод драфтад нэрээ өгдөг болсон. Харин 2008 онд Брэндон Женнингс коллежийг сонголгүй Европын мэргэжлийн лигт очсон анхны тоглогч болж шинэ трэндийг эхлүүлсэн. Хэдхэн жилийн өмнө ЛаМело Болл Австралийн NBL-д нэг жил тоглочоод драфтад нэрээ өгсөн бол энэ жилийн драфтын 2 дахь сонголт гэж яригдаад байгаа Скүүт Хендерсон яг одоо "G-League"-ийн Ignite багт тоглож байна.
Тэгэхээр Энхийн-Одын гаргасан шийдвэрийг Америк дахь сагсан бөмбөгийн замналын трэндийг дагасан шийдвэр гэж харж болно. Төлөөлөгч буюу агентийн нөлөө үүнд маш чухал. Миний авсан мэдээллээр Скотт Николс агент бол G-League Ignite багийн удирдлагатай маш ойрын харилцаатай гэнэ. Түүний төлөөлдөг Ламар Стивенс Кливленд Кавалиерс багтай 4 жилийн гэрээ хийсэн амжилт байна. Мөн драфтад нэрээ өгсөнөөр аливаа тоглогч 100% сагсан бөмбөгт анхаарч, багуудад очиж бэлтгэл хийж өөрийгөө харуулж мэргэжлийн багуудын хараанд өртөж боломжуудтай танилцах үүд хаалга нээгдэнэ гэсэн үг. Дүрмийн дагуу Энхийн-Од 6-р сар хүртэл бүх сонголтоо нээлттэй байлгах боломжтойг бас санацгаая.
Миний бас нэг анзаарсан зүйл бол Дэйтоноос олон тоглогчид нь явсан явдал байв. Блэйкни, Амзил нар лав өөр сургууль руу шилжих хүсэлтээ өгөөд байсан. Майкд тоглох боломж гарах уу? Гарсан ч баг нь амжилт үзүүлэх үү? Ачаалал ихдээд хүнд бэртвэл яах вэ? гэх мэт олон асуултыг асууж, тунгаан бодож байж энэхүү шийдвэрт хүрсэн нь ойлгомжтой. Холмс, Камара хоёр NBA-рүү яваад Смит, Элвис, Бреа нар үлдээд Энхийн-Од маань сэлгээнээс дахиад нэг жил тоглох байх гэж би хувьдаа дүгнэж байсан. Тиймээс Дэйтонд дараа улиралд тоглоод минут олдож болох ч хүсээгүй байрлалд тоглож, багийн амжилт унаж скаутуудын хараанаас гараад явчих эрсдэл бий. Рүүки жилдээ Atlantic 10 бүсийнхээ All-Rookie багт нэрлэгдэх нь өөрөө том амжилт. NBA-ийн скаутууд NCAA-ийн улирлын дундаж статистикаас илүүтэй потенциал хардаг болоод удаж байна.
За тэр ч яахав, одоо ирээдүй рүү харцгаая. Ойрын ирээдүй бол мэдээж сургуулиа дуусгаад (4-р сарын сүүл хүртэл Дэйтондоо сурна) бэлтгэлдээ эрчимтэй орж 6-р сар хүртэл өөрийгөө бэлдэх юм. Энэ хугацаанд агентлаг нь бас ажлаа хийж түүнийг багуудтай уулзуулж, workout хийлгэж харилцаа холбоо тогтооно. NBA-ийн багт драфтын 2-р тойргоор сонгогдох бол том гэхдээ холын мөрөөдөл. Илүү бодит зорилт бол G League-т тэр дундаа Ignite багт орох гэж харж байна. Энкүүлээгийн багийн анд Жэйлен Грийн 2020 онд Ignite багтай $600K-ийн гэрээ хийж ороод дараа нь NBA-ийн драфтаар Хьюстон Рокетсд драфтлагдсаныг бид мэднэ. Жонатан Куминга, Дайсон Даниелс, Жэйден Харди нарын Ignite-аар дамжсан жишээ ч байна. NBA-ийн багууд дор хаяж нэг G-League-ийн тоглогчтой two-way буюу хоёр талын гэрээг хийдэг болсныг бид мэднэ. Бүр болохгүй бол Австралийн NBL-д ирж тоглох бас гарц байна. Ямартай ч Монгол Майкийн Дэйтонд тоглосон замнал ингээд дууслаа.
Базаад хэлэхэд Энхийн-Одын хувьд ийнхүү жинхэнэ МЭРГЭЖЛИЙН САГСАН БӨМБӨГЧ болох үүд зам нээгдэж, том алхам хийлээ. Дүүдээ амжилт хүсэхээс өөр яах билээ. Аав, ээж, ах гурав нь хажууд нь байгаа юм даа. Ёстой санаа зовох юм алга. Бэртэл гэмтлээс хол байж зорьсондоо хүрч мундаг мэргэжлийн тамирчин болоорой гэж нийт Монголчуудынхаа өмнөөс ерөөе" хэмээжээ.
Л.Сайнаа