ХХ зууны төгсгөл, XXI зууны эхэн үед “зургаан залуу заан” монгол бөхийн чимэг байлаа. Тэдгээрээс хамгийн уран барилдаантай, бас олон дэмжигчтэй тэр бөхийн нэр хэний хэн бэ гэвэл Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, чөлөөт бөхийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин, дархан аварга Агваансамдангийн Сүхбат аа.
Тэр XXI зууны ууган наадамд 1024 бөхийн манлай болсон ховорхон амжилтын эзэн. Тэгш ойд бол дээлтэй болгон түрүүлдэггүй юм. Тэгээд ХХI зууны анхны улсын арслан, аварга цолтон. Бас сонин байгаа биз. Түүний Улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг сөхөж харвал, 1993 онд улсын начин, 1997 онд заан, 2000 онд арслан, 2001 онд аварга, 2014 онд дархан аварга цол хүртсэн бөгөөд Цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнд 1993-2006 он хүртэлх хугацаанд гурав түрүүлж, 11 шөвгөрсөн байдаг.
Цагаан сарын барилдаанд гэвэл 1999, 2001 онд түрүүлж, 2003 онд үзүүрлэжээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнийг Наадам болон Цагаан сарын барилдаанд давсан бөх түүнээс өөр хэн билээ. Тэр байтугай Баагий аваргыг хамгийн олон давсан бөх гэх. 2000 оны эхэнд үед бол Монгол бөхийн өргөөнд ирлэсэн тонгорго шиг ид байсан нь А.Сүхбат. Хэн маргах билээ.
1999-2006 он хүртэлх хугацаанд Монгол бөхийн өргөөнд 51 удаа түрүүлж, 24 удаа үзүүрлэж, 17 удаа шөвгөрсөн нь өнөө эвдэгдээгүй амжилт. Хожим шинэчлэхэд ч нэн бэрх. “Жижиг аварга” Монгол Улсын бөхийн түүхэнд тодрон гарсан 17 дахь улсын аварга, найм дахь дархан аварга юм.
Эрэмбэний маргаан хааяа сөхөгддөг ч 2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхэлж гардуулсанаар бол А.Сүхбат найм дахь дархан аварга гэж ойлгогдох. Уг нь маргаан гарах учиргүй баймаар. Хачирхалтай нь 2014 онд (Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж) А.Сүхбат найм дахь дархан аварга нь болоод байсан бол өнгөрсөн жил (Ерөнхийлөгч У.Хүрэлсүх) Г.Өсөхбаяр ес дэх дархан аварга болж солигддог нь таагүй. Эрэмбэний энэ маргаан нэг талдаа ороогүй л байна.
Нэгэн цагт А.Сүхбат “Бөх бол төр юм” хэмээн үг унагасан нь энэ асуудалтай огтолцож байж болох. За тэр явган яриа ч яахав, бөхийн тайлбарлагч Агваансамдангийн Сүхбат гарч ирлээ хэмээн зарлахтай зэрэгцэн Цэнгэлдэх хүрээлэн даяар шуугин хүлээж авах нь сайхан байж дээ. Аварга угаас удаан барилдаж, үзэгчидээ чилээх дургүй тул олон түмэн түүнд сайн байдаг нь аргагүй. А.Сүхбатын давах, унах нь хүртэл сенсацитай.
Тэр барилдаж явсан үедээ ямагт олныг өндөрлзүүлнэ. Хийж үзээгүй мэх ч ховор. Тэр тэгш ойтой жилийн наадамд одтой барилддаг, бас дуулиантай гарч ирнэ. Тэр нь хүртэл сонирхолтой. Нэгэн нэртэй бөхөд тийрүүлсэний ард амтай болгон шуугисан юмдаг. Санаж байгаа биз дээ, 2001 он. Буруутай нь гэвэл А.Сүхбат 14 дэх (ам мэх) мэхээ хийчихсэн юм билээ. Г.Өсөхбаярын хариу мэх (тийрэв) хэтэрсэн болохоос биш.
Бас болоогүй, түүнийг 2006 оны наадмаар зодог тайлахад бөхөө дээдэлдэг түмэн олон харуусан хүлээн авсан бөгөөд тэр цагаас бөхийн өргөө барагтай бол дүүрэхээ больсон гэвэл үнэнээс хол зөрөхгүй.
Монгол бөхийн уналт энэ үеэс эхэлсэн байх талтай. Ер нь дархан аварга А.Сүхбат учраа бөхдөө тал засч барилдсан нь цөөн. Энэ өндөр цолонд өөрийн хүчээр хүрсэн бөх. 2002 оны наадмын наймын даваанд гарьд Б.Гантогтох (хадам дүү), 2006 оны наадмын долоогийн даваанд заан Д.Амгаланбаатар (шавь) нарт хөлөө сэжигтэй алдсан нь хачин санагддаг.
Тэр үед аварга ид үздэг л байсан. Аварга барилдахаа больсон ч олон шавь бэлтгэн гаргаж буй бөгөөд шавь нараас нь улсын арслан, гарьд цолтоноос бусад цолтон төрөн гарсан байна.
А.Сүх
Сэтгэгдэл (7)