БШСУ-ы сайд Л.Энх-Амгалан 1997-2023 онуудад Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр суралцсан хүмүүсийн мэдээллийг нээлттэй, ил тодоор зарлаж буйгаа мэдэгдсэн нь өчигдрийн трэнд сэдэв байлаа. Нээлттэй зарласан мэдээллүүдийг харахад Монголын хамгийн санхүүгийн боломжтой, хамгийн эрх мэдэлтэй, хамгийн мэдээлэлд ойр хэсэг нь гадаад улс орнуудын өндөр төлбөртэй сургуульд Боловсролын зээлийн сангаар буюу тэтгэлгээр суралцсан нь ил болсон. УИХ-ын гишүүд, тэдний хүүхдүүд, ах дүү нар, нөлөө бүхий бизнесмэнүүдийн хүүхдүүд гээд уртаас урт үргэлжлэх энэ жуагсаалтыг шүүрдээд, шүүгээд үзвэл энэ зээл нь эрх мэдэлтэй хийгээд эдийн засгийн боломжтой хүмүүст үйлчилдэг зээл байжээ гэдэг нь харагдана.
Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход Боловсролын сангийн зээлийн шалгуур хангаад, суралцаад, төгсчихсөн, ном журмын дагуу зээлээ хаачихсан хүмүүстэй маргах зүйл үгүй. Харин энэ уртаас урт жагсаалтан дунд зээл аваад суралцсан нь тодорхой буй ч төгссөн эсэх нь эргэлзээтэй, бас тэгснээ зээлээ хаалгачихсан хүмүүс байгаа нь анхаарал татаж байна.
Тэдний нэг бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга “Шударга” хэмээн имижээ бүрдүүлж буй Б.Энхбаяр гишүүн. Өнөөдрийн трэнд сэдвээр Б.Энхбаяр гишүүний Боловсролын зээлийн сангаас авсан тэтгэлгийг сонгосон бөгөөд Түүнээс гурван асуултад хариулт хүсэж байна.
НЭГ. Боловсролын сангийн зээлийн тэтгэлэгт Та хэрхэн, яаж, ямар шалгуурыг даван тэнцсэн бэ?
Л.Энх-Амгалан сайдын ил болгосон мэдээллээс харахад өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 1998 онд Хойд Виржинигийн их сургуулийн магистрант болохоор Боловсролын зээлийн сангаас 32 мянган долларын тэтгэлэг аван явжээ. Ам,доллартай харьцах төгрөгийн ханш өдгөө 3526 байгаа бөгөөд 32 мянган доллар гэдэг бол өнөөгийн ханшаар 112.832.000 төгрөг. Ийм мөнгөн тэтгэлэг Боловсролын зээлийн сангаас гаргуулж чадсан Б.Энхбаяр гишүүнээс шалгуурт хэрхэн тэнцсэнийг нээлттэй асууж байна.
-Та ямар шалгуураар Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авсан бэ?
-Таны IELTS болон TOEFL-ын оноо тэр үед хэд байсан бэ?
ХОЁР. Тэтгэлгээр суралцсан сургуулиа Та төгссөн үү?
УИХ-ын албан ёсны сайтын мэдээллээс харахад УИХ-ын гишүүн Б.Энхбаярын намтарт Хойд Виржинигийн их сургуулийг дүүргэсэн талаарх үг, өгүүлбэр байдаггүй.
Гэтэл 1998 онд Боловсролын зээлийн сангийн 32 мянган долларын тэтгэлгээр Хойд Виржинигийн Их сургуульд суралцахаар явсан хэмээн өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Энхбаярын нэр дурайж байдаг.
Б.Энхбаяр гишүүнээс асуух хоёрдахь асуулт:
-Та тэтгэлгээр суралцсан Хойд Виржинигийн их сургуулиа төгссөн үү?
-Таны тэтгэлгийн зориулалт юу байсан бэ? Хэлний курс уу, магистрын хөтөлбөр үү?
ГУРАВ. Боловсролын зээлийн сангийн тэтгэлгийн төлбөрөөсөө хэрхэн, яаж чөлөөлөгдсөн бэ?
Уг нь энэ сангийн ихэнх зээлийн эргэн төлөгдөх нөхцөл нь сургуулиа дүүргэж ирээд Монголдоо, тухайн нэр заасан байгууллагад 5-аас доошгүй жил ажиллаж байж зээлээс чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Харин сургуулиа төгсөж чадаагүй, төгссөн ч гэрээнд тусгасан байгууллагад ажиллаагүй бол өөрөө буцаан төлөх нөхцөлтэй байдаг. Ил болсон Боловсролын зээлийн сангийн мэдээллээс харахад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 32 мянган долларын зээлээ хэрхэн, яаж төлөхөө журам болон гэрээнд тусгаагүй байдаг юм байна. Бас л Б.Энхбаяр гишүүний өөрийнх нь намтраас харахад зээл аваад суралцаж байх ёстой 1998 оноос эхлээд 2004 он хүртэл Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд багшилж байсан гэдэг нь харагдаж байна.
Америкт сурч байх ёстой “зээлдэгч” энд, Улаанбаатар багшаар ажиллаж байсан бололтой байдаг. Гэсэн ч Б.Энхбаяр гишүүн зээлээ чөлөөлүүлсэн байж магадгүй байгаа юм. Учир нь энэ сангийн ажлын албаны дарга Д.Гарьд Б.Энхбаяр гишүүн зээлийн чөлөөлтөд орсон хэмээн мэдэгдсэн.
Тэгэхээр Б.Энхбаяр гишүүнээс асуух гуравдахь асуулт:
-Та 32 мянган долларын зээлээ ямар дүрэм журмын дагуу чөлөөлүүлсэн бэ? Таны зээлийн гэрээн дээр чөлөөлөх үндэслэлийг юу гэж заасан байсан бэ?
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (15)