УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулав.
Монгол Улсын хэмжээнд 586 гол ширгэж, 480 булаг хатаж, 1,522 булаг шандын эх ширгэсэн тоо баримт байдаг аж. Энэ нь бэлчээрийн доройтлыг илэрхийлэх энгийн бодит баримт бөгөөд бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах, доройтлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.
Түүнчлэн бэлчээрийн доройтолд хүрэхэд үндсэн гурван шалтгаан нөхцөл нөлөөлжээ. "Тухайлбал, дэлхийн дулаарлаас шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн бэлчээр газарт бус байгалийн тогтцод хүчтэй нөлөөлж байна. Монгол Улс энэ асуудлыг шинэ шатанд гаргаж тавих нь зүйтэй гэв.
Мөн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт нь зах зээлийн шилжилтийн үетэй давхцаад шилжилт хөдөлгөөний улмаас малын тоо толгой өсөж байгааг дурдахын зэрэгцээ хотжилт, даяарчлалын нөлөө нь малчдын хотонд хүрч залуу малчдын халаа үгүй болж байна. Иймд цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан Бэлчээрийн тухай хууль төдийгүй мал аж ахуйн менежментийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай" байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцолсон.
Бэлчээрийн асуудлыг том зургаар харж, технологийн дэвшил, засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлт, шинэчлэлт зэрэг төрийн бүх бодлоготойгоо уялдуулж, Иргэний хууль, Газрын тухай болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлж, бэлчээр ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж байлаа.
Мөн тэрбээр орчин үеийн технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үеийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулаад өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нүүдлийн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ хэмээх бодлогыг боловсронгуй болгож, тооноос чанарт шилжих, цогц өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. Мал аж ахуйн салбарт бодлогын цогц өөрчлөлтийг хийж байж, бэлчээрийн зохицуулалт давхар шийдэгдэнэ гэдгийг цохон тэмдэглэв.