Хөгжлийн банкны нээлттэй сонсголын гурав дахь шатны сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд төслүүдтэй холбоотойгоор 78 гэрч оролцуулахаар дуудсан байна.
Энэ үеэр тухайн үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Батмөнх гэрчээр оролцож, асуултад хариуллаа.
Тэрбээр "Аль ч Засгийн газар тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж шийдвэр гаргадаг. 2012-2014 оны улс орны эдийн засгийн хувьд түүхий эдийн үнэ уналттай байсан. Тухайлбал, зэсийн үнэ 3500 орчим доллар, нүүрс 35-45 ам.доллар, алт 1300 орчим ам. доллар гэх мэт эдийн засгийн бүх үзүүлэлтүүд манай эсрэг байсан. Дээрээс нь нефьт 100 ам.доллар буюу үнэ нь өндөр байсан. Тухайн үед бонд босгож 1.5 тэрбум ам.доллар авч ирээд анх ярихдаа 500 сая ам.доллараар нь төмрийн хүдрийн үйлдвэр, 500 саяаар нь зэсийн үйлдвэрээ босгоё, 500 сая доллараар нь замаа сайжруулах чиглэлтэй явж байсан.
Энд нэг зүйл яригдахгүй байгаа нь бонд орж ирэнгүүт Үндэсний аюулгүй байдлын захирамж гээч нэг юм гарсан. Тэнд хоёр зүйл дурдсан байсан.
- Нэгдүгээрт, Нийт төслийн 33 хувийг Хөгжлийн банкаар санхүүжүүл, 33 хувийг тухайн аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө гарга, 33 хувийг нь арилжааны банк санхүүжүүл гэсэн сонин зөвлөмж гарсан.
- Хоёрдугаарт, бондын зөвлөл гэх 30 гаруй хүнтэй зөвлөл байгуулагдсан. Ухаандаа Засгийн газар дангаараа ажиллах боломжгүй болсон.
Яагаад том төслүүд ярьж байхад үүнийг ярьж байна гэхээр төмрийн хүдрийн үйлдвэрийн төсөл 400 орчим сая доллар байсан. Үүний 33 хувь нь 130 сая ам.доллар болчихож байгаа юм. Хөгжлийн банкны тухайд 130 сая ам.долларын зээл бол асуудалгүй. Тэгэхэд ААН-үүдийн хувьд ийм хэмжээний мөнгө гаргах боломжтой нь манайд хэд байсан бол. Мөн арилжааны банкуудын хувьд 130 сая ам.долларын зээл өгөх банк байх боломжгүй. Учир нь арилжааны банкууд өөрийн хөрөнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнг нэг зээлдэгчид олгох ёстой. Тухайн үед 650 сая ам.долларын өөрийн хөрөнгөтэй банк байхгүй байсан. Ингээд том төслүүд явах ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй болсон. Ингээд ямар шаардлага үүссэн гэхээр 888 төсөл хэрэгжүүллэх шийдэлд хүрсэн.
Ингээд хоёр тэрбумаас дээш өртөгтэй төсөл хөтөлбөрүүдийг том хэмээн Хөгжлийн банк дээр үлдээгээд, түүнээс дээш өртөгтэй төслийг ЖДҮДС болоод бусад харьяалагдах яам руу нь явуулсан. Ийм л юм хийсэн. Бид ямар нэгэн зээлийн шийдвэр гаргаагүй. Нэгэнт бонд босгоод авчирчихсан мөнгөө буцаагаад яаралтай гаргахын тулд эдийн засгийг идэвхжүүлэх ажил зохион байгуулж экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийг хэрэгжүүлсэн.