Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Стандарт энд Пүүрс” (S&P) “B, тогтвортой” хэвээр гэдгийг өнгөрсөн сард (2022 оны долоодугаар сарын 21) мэдэгдсэн.
“Стандарт энд Пүүрс” манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх үндэслэлдээ,
- БНХАУ-ын хилийн боомтын хязгаарлалтын улмаас Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар өсөх магадлалтай байна;
- Хилийн боомтын асуудал шийдэгдэж, уул уурхайн түүхий эдийн экспорт хэвийн гарч эхэлснээр ирэх онд эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэж таамаглаж байна;
- Ковид-19 цар тахлын дараах Монгол Улсын эдийн засаг сэргэж байгаа бөгөөд 2022 оноос төсөв, санхүү, өрийн нөхцөл байдал болон гадаад орчин мөн сайжрах төлөвтэй байна зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн учир Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээлээ гэсэн байв.
Гэсэн ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын эдийн засгийг дефолт зарлах хэмжээнд хүрсэн талаар мэдээлэл цацагдсан. Ийм мэдээлэл гарах нь нэг талдаа ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлтөд иргэд дарлуулж байгаатай холбоотой биз. Харин нөгөө талдаа иргэдийн төрд итгэх итгэлийн үнэлгээ нь энэ болж байна.
Хэдийгээр Сангийн сайд Б.Жавхлан “Ийгл” телевизид өгсөн ярилцлагдаа “Гадаад өртэй холбоотойгоор дефолт зарлана гэдэг бол маш муу мэдээлэл. Сайн зүйл нь гэвэл Монгол улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй. Сангийн сайдын зүгээс баттай хэлж байна. Зохион байгууллалттайгаар худал мэдээлэл тарааж байна” хэмээсэн.
Мөн хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагдаа “Монгол Улс дефолт зарлах хэмжээнд хүрсэн гэдэг бол дэгсдүүлсэн мэдээлэл. Манай улсын зээлжих зэрэглэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед таван шат ахиж, С сөрөгөөс ВВ тогтвортой түвшинд очсон. Монгол Улсын зээлжих зэрэглэл хэвээрээ байгаа, тэгэхээр Манай улс дефолт зарлах хэмжээнд очоогүй” гэсэн. Хэдийгээр одоогийн Сангийн сайд болоод өмнөх Сангийн сайд байсан хүмүүс ингэж тайлбарласан ч иргэд улстөрчдийн үгэнд итгэхийг иргэд хүсэхгүй байна. Энэ нь ч бас аргагүй. Улстөрчид дефолт зарлахгүй хэмээж байгаа ч гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн л манай улсыг дефолт зарлахад ойрхон байгаа гэж дурдсан.
Тухайлбал, долоодугаар сарын сүүлээр Тайваний EBC агентлагаар “Олон улсын мэргэжилтнүүд Шри-Ланкаас гадна хэд хэдэн улс дефолт зарлана хэмээн таамагласаар байна. Эдгээрийн дотор хамгийн өндөр эрсдэлтэй буюу дефолт зарлах магадлалтай орнуудын тоонд Монгол Улс багтаж байна” хэмээн мэдээлсэн. Ийм байхад иргэдийн “дефолт ойрхон байгаа юм биш биз” гэсэн эргэлзээ зүй ёсны айдас болоод байна. Гэхдээ энэ удаа Сангийн сайддаа, Сангийн сайд байсан хүнийхээ үгэнд итгэх хэрэгтэй болоод байна.
Учир нь хараат бусаар үнэлгээгээ гаргадаг “Стандарт энд Пүүрс” манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдэг бол ойрд сонсогдоогүй сайхан мэдээ. Тэд ингэж зарлаж байгаа нь Монголын эдийн засаг сэргэх магадлалтай, арай ч уналтад ороод дефолт зарлах хэмжээнд очоогүй гэдгийн баталгаа болж байгаа юм.
Д.Батчулуун