Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан хурдан морины бүсийн уралдааны товыг гаргаад байгаа билээ. Энэ сард нийт найман уралдаан болох бөгөөд бүсийн хурдан морины уралдаан Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй “Их хурд-9” уралдаанаар ийнхүү эхлэж байна. Тус уралдаан энэ сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Бид энэ удаад “Их хурд-9” уралдаан болж буй Хэнтий аймгийн онцлох таван зүйлсийг бэлтгэн хүргэж байна. Хэрэв та уралдаан үзэхээр Хан Хэнтийн нутгийг зорихоор зэхэж байвал дараах зүйлсийг заавал үзэж сонирхоорой.
Хэнтий аймаг нь Эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ алдартай бөгөөд Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг. Газар нутгийн хувьд далайн түвшнээс дээш 1880-2450 метр өргөгдөж Ноён уул, Бага Хэнтий зэрэг сүрлэг уулс бүхий ойт болон тал хээр хосолсон үзэсгэлэнт сайхан байгальтай. Энэ нутагт Халх, Буриад үндэстэн зонхилох ба Урианхай, Казак, Дөрвөд, Баяд, Дарьганга, Хамниган, зэрэг олон ястнууд аж төрдөг тул олон ястны аж ахуй, соёлтой танилцах боломжтой.
1.ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТАГ
Дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг Хиад Боржигин овогт Есүхэйн Тэмүүжин буюу Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдогт мэндэлсэн тухай Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Мөн энд Монголын нууц товчоог бичиж дуусгасан хэмээн үздэг бөгөөд өнөөг хүртэл жуулчдын анхаарлыг татсан сонирхолтой түүх, байгалийн дурсгалт газрууд энд бий.
Жишээлбэл Дэлүүн болдог, Хэрлэнгийн хөдөө арал, Дуурлиг нарсны Хүннүгийн булш, Бурхан Халдун уул, Хар зүрхний хөх нуур, Хан Хэнтийн дархан цаазат газар, Ононгийн халуун рашаан зэргийг үзэх боломжтой.
Хуучнаар Өндөрхаан хэмээн нэрийддэг байсан тус хотыг Чингис хааны дурсгалд зориулан 2013 оноос эхэлж Чингис хот хэмээх болжээ.
2.ГАЛШАРЫН АДУУ
Мориндоо хайртай Монголчууд Галшарын адууг андахгүй. Одоогоос 130 гаруй жилийн өмнө Хардэл жанжин бэйс ноён М.Пүрэвжав Монгол адууг өөр хооронд нь сайжруулсаар Галшар адууг цогцлоож байжээ. Монгол омгийн адуунаас уналга, эдэлгээ, хурдаараа хамгийн давуу сайн нь Галшар адуу.
Энэ үүлдрийн адууны толгой хөнгөн, хараа хурц, чих босоо, хөлийн шөрмөс тод бөгөөд бүдүүн зэрэг галбирын онцлогтой. Монголын төвийн бүсийн адуутай харьцуулахад сэрвээний өндөр 2.6 см, цээжний бүслүүр 4.1 см, шилбэний бүслүүр 1.3 см илүү, биеийн уртаар бараг ялгаагүй боловч амьдын жингээр 35 кг орчмоор илүү байдаг.
2016 онд Галшар адууг албан ёсоор үүлдэр болгон баталгаажуулсан бөгөөд Хэнтий аймгийн Галшар сумаас гадна Баянмөнх, Дархан, Баянхутаг, Баянцагаан, Сүхбаатар, Дорнод, Төв аймаг гэх мэтчилэнгээр нийт 80 гаруй суманд тархсан байна.
3.НЭН ХОВОР ЦЭН ТОГОРУУ
Дэлхий дээр таван төрөл, 15 зүйлийн тогоруу тархсанаас манай оронд долоон зүйл тогоруу нүүдэллэн ирэх ба цэн, хархираа, өвөгт тогоруу гэсэн гурван зүйл нь зусдаг байна.
Тогорууны зусдаг гол нутаг бол ус намгархаг газар буюу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумдын нутгийг дамнан оршдог.Хурх-Хүйтэн голын хөндий. Энд дэлхийд ховор усны шувууд болох цэн тогорууны популяцийн 11 хувь, хархираа тогорууны гурван хувь, өвөгт тогорууны нэг хувь, хар өрөвтасын 15 хувь амьдардаг.
Иймд Хэнтий аймагт жил бүрийн зургаадугаар сард аялал жуулчлалын арга хэмжээ "Тогорууны баяр"-ыг зохион байгуулдаг уламжлалтай.
4.НУТГИЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН “БУРИАД ТАЛХ”
Хэнтий аймгийн тодотголтой брэнд бүтээгдэхүүнүүдээс “Буриад талх”, мойлтой цөцгийг мэдэхгүй хүн ховор. Энэ нутагт Буриад ястнууд олноор амьдардаг. Тиймдээ ч Буриад хэмээх тодотголтой энэхүү талх брэнд бүтээгдэхүүн болж Монголдоо танигджээ.
Уг талх нь исгэгчгүй өөрөөр нь хөөлгөж барьдгаараа онцлогтой гэнэ.
Хэрэв та Хэнтий аймгаар зочлохоор болбол нутгийн иргэдийн барьсан талх, мойлтой цөцгийг амсаж үзэхийг санал болгож байна.
5.ХЭНТИЙ АЙМГИЙН УСАН САН БҮХИЙ ГАЗРУУД
Хэнтий аймгийн усан сан бүхий газрууд Хэнтий аймгийн гадаргын ус нь Номхон далай, Хойд мөсөн далай, Төв Азийн гадагш урсгалгүй савд хамрагддаг. Монголд томоохонд тооцогдох Онон, Хэрлэн, Улз гол Номхон далайн ай савд, Минж гол түүний цутгал голууд Хойд мөсөн далайн ай савд, Төв Азийн гадагш урсгалгүй ай савд Хэнтий аймгийн урд хэсэг буюу Дархан, Галшар сумын багахан нутаг дэвсгэр хамрагддаг. Номхон далайн ай савын голууд өндөр уулсаас эх авч урсах тул ихэнхдээ голын сүлжээ их шигүү, урсгал хурдтай, уналт ихтэй байдаг. Аймгийн нутгаар Хэрлэн гол 580 орчим км, Онон гол 390 гаруй км урсах бөгөөд түүний цутгалууд Хурх, Шуус, Барх, Балж болон Улз, Минж голууд урсана.
Мөн Гурваннуур, Хар зүрхний хөх нуур, Гүрмийн нуур, Аваргын нуур болон Хэрлэнгийн савд жижиг нуурууд олон бий. Хэнтий аймаг нь рашаан ус элбэгтэй аймгийн нэг юм. Аймгийн хэмжээнд судлагдаад байгаа 25 рашаан нь гол төлөв хээр тал, уулын хээр, ойт хээрийн бүсэд оршдог.
Эдгээрийн дотроос эмнэлгийн чанартай ус, шавар бүхий жижиг нуур гурав, халуун рашаан нэг, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан 20, шүлтлэг чанартай хүйтэн рашаан нэг байна.
Т.Мөнхжаргал