Соёлын гавьяат зүтгэлтэн, засуул Хадын Пүрэвтэй ярилцлаа.
-Та сайхан зусаж байна уу?
-Сайхаан та сайхан зусаж байна уу. Наадам сайхан уу.
-Сайхан наадаж байна. Та энэ жил зүүний магнайг засах үү?
-Тэгнэ ээ. 2016 онд Ч.Санжаадамба аваргын засуул хийсэн маань сүүлчийн наадам байсан байна. Энэ жил зүүний магнайг засна аа.
-Зүүний магнайд Х.Баянмөнх аварга гарах уу?
-Гурвын даваа эхлэхийн өмнө цол дууддаг юм. Түүнд хоёр давах ажил гарна аа даа. Гэхдээ 80 гарсан хүний бие бялдар ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Хэцүү байх даа.
-Улсын баяр наадамд хэдэн жил засуул хийсэн бэ?
-45. Энэ хугацаанд Улсын баяр наадмын 22 түрүү миний мөр дээрээс төрсөн бөгөөд Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтохын нарын нэг түрүү бий. Б.Бат-Эрдэнэ 12 түрүүгийнхээ есийг миний мөрөн дээрээс авсан. Ах нь их хувьтай хүн дээ. Мөн А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар байна. Миний зассан бөхчүүдээс ганц л начин төрсөн нь Сүхбаатар аймгийн Анхбаяр юм. Зүүний магнайд зогсчихоор чинь яаж начин цолтон төрөх юм. Улсын харцага, заан цолтон бол огт төрөөгүй. Сонин байгаа биз.
-Гарьд цолтон төрүүлсэн үү?
-И.Доржсамбуу байна.
-Таныг Баяр наадмын түрүү, үзүүрийг сайн таадаг гэх юм?
-Би Улсын баяр наадмын дөрвөн түрүүг их шөвөгтэй нь таасан. Бөхийн тааварт бол гурав орохдоо бүгдийг нь онож хэлсэн. Хүний аз, эсвэл бөхтэй ойр ажиллаж явсны хэрэг тэгж гарсан биз. Түүнээс биш надаас илүү бөх мэддэг олон хүн байна. 2007 оны наадамд И.Доржсамбууг түрүүлнэ гэтэл есийн даваанд Х.Мөнхбаатарт унадаг юм. Уг нь цаадахыг чинь толгой түрүүгүй загнаж, зөвлөж талбайд гаргасан, гэхдээ тэр үг аваагүй. Х.Мөнхбаатар тун догдлонгуй байна. Од нь гүйсэн бөхийг тэсгээх аргагүй юм. Надтай ойр барилдаарай гэж хэлж гаргасан л даа. И.Доржсамбуу уг нь их шөвөгт Х.Мөнхбаатарыг авах байсан юм. Х.Мөнхбаатарыг арай эрт авсан бол салхи нь дарагдах байв. Тэгсэн үгэнд оролгүй М.Баяржавхланг амласан. М.Баяржавхлантай барилдахад нь зүүн талаараа барилд, цаадах чинь зүүндээ номхон гээд гаргасан, И.Доржсамбуу зүүн тонгороод гарьд болж байгаа юм.
-Таны үзсэн хамгийн хүнд тунаа гэвэл аль наадмыг нэрлэх вэ?
-2000 оны наадмын их шөвөг. Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёроос болж би шүүхэд дуудагдаж хүртэл үзсэн толгой. Намаржин шүүхээр явсан даа. “Өндөр аварга” маань “Жижиг аварга”-ыг тийрдэг наадам. Нөгөө хоёр талбайд гарч ирмэгцээ ярилцаад огт барилдаж өгдөггүй. Тэгэхээр нь “Та нар барилдахгүй бол малгайгаа ав. Төрийн наадам, түмний цэнгэлээр тоглохгүй шүү” гэсэн. Үнэндээ бол А.Сүхбат барилдаж өгдөггүй, Өсөхөөгөөс энэ жилийн наадмаа надад өгчих, дараагийн хоёр жилийн наадмыг би чамд өгье гэв. Г.Өсөхбарыг юм бодож, манарах зуур “Жижиг” хөлд нь гялалзуулж байгаа юм. Шүүхэд очсон нь сонин. Би Г.Өсөхбаярын засуул гэх утгаараа дуудагдлаа. Нэг харсан Г.Өсөхбаяр маань нусаа татчихсан “Пүрэв ээ ахаа би төрийн наадам, түмний цэнгэлийг үймүүлсэн гээд ял эдлэх юм байна гэлээ. Нэг их өрөвдлөө. Тэгээд А.Сүхбат руу утасдаад гэртээ урилаа. Асуудал ийм дээрээ хүрч байвал чамд бас буруу байгаа шүү. Адилхан барилдаж байгаа нэгнээ шоронд оруулах юм уу” гээд улаан нүүрэн дээр нь чангахан хэлээд авсан. Энэ хоёрын зодоонтой нэг, зодоонгүй хоёр барилдааныг улсын наадмаар зассан даа.
-А.Сүхбатыг зодог тайлахад хүнд байв уу?
-Тэр намайг хөөдсөн хүн. 2006 онд долоогийн даваанд Амгаланбаатарыг заан болгочихоод “Пүрэв ах аа би тугнаас адис авъя” гэхээр нь адис авахад миний хэрэг юу байна гэхэд хамт явая гэж байна. Зодог тайлах биш, ёс хийх байлгүй гэх ухааны юм бодоод хамт явлаа. Тэгсэн малгайгаа өгөөд туганд мөргөөд хормойгоо дэвсээд сөхөрч суухад л ойлгосон. Тэгсэн Цэнгэлдэх хүрээн даяар зодог тайлах мэдээ уншилаа. Ухаан балартаж, гишгих газар олдоогүй. Нулимс урсаад тогтоогүй.
-Д.Сумъяабазар аваргыг таны удмын бөх гэдэг?
-Миний охин дүү Пүрэвбадамаас төрсөн хүү. Эцгийн маань гал голомт дээр таван сартай ирээд 15 нас хүртлээ ээжтэй минь хамт байсан. Түүнийг Идэрчүүдийн УАШТ-д түрүүлдэг жил ээж минь бурхан болсон. Д.Сумъяабазарыг Спортын төв ордонд очих үед ээж нас барсан. Энэ харамсалтай мэдээ түүнд хүнд туссан шиг байдаг юм. Тойргийн барилдаанд хоёр дараалан унахаар нь би “Энэ хүний ач гавьяаг чи хариул гээд загнаад гаргасан, Сумъяа тэр барилдаанд дахин унаагүй.
-Өнөөдөр наадам эхэлж байна. Маргааш хэн гэгч бөх цойлох бол?
-Архангайн Б.Зоригтбаатар зургаа давчих байх. Золигийн салхитай, хорлонтой хүн байгаа юм. Хэнийг ч давж мэднэ. Б.Орхонбаяр, Б.Зоригтбаатар нар ойрхон очно. Барилдааны явц дахь мэхний цэцэн, уран хоёр гэдэг аюултай. Цэг тавьж хэлэх аргагүй бөхчүүд. Т.Баасанхүүг санагдуулсан барилдаантай хоёр. Тэднийг бол хэн ч амлахгүй. Гэхдээ ухаантай бөхчүүд замаа засчихдаг юм дөө. Мөөеө ид сайн байх үедээ Чойжилсүрэн арсланг амалж үзээгүй юм шүү дээ. Намайг арван жилийн аравдугаар ангид байхад Мөөеө Санхүүгийн техникум, Баянаа Багшийн сургуулийг төгссөн. Бид гурав Соёл нийгэмлэг гэж байхад гар бөмбөг, хөл бөмбөг тоглодог байлаа. Нум сум харвахаас бусдыг хийсэн.
-Маргааш есөн хөлт цагаан тугаа хэн 10 тойрох бол?
-Энэ жилийн наадам сайхан болно. Аз нь таарвал Н.Батсуурь дархан аварга болно. Бас Архангай М.Бадарч сайн үзэх болов уу. Ховдын хоёрыг бас хаана үлдээх вэ. Ер нь Н.Батсуурь эрэмбээрээ зовохгүй дээгүүр гарч ирнэ.
-Тэгвэл цолонд хүрэх баараагүй бөх хэн байна?
-Начин олон төрнө. Архангайн Э.Мөнхжаргалыг их горьдож байна. Бас Бямба-Отгон. Тэд начингаар тогтохгүй байж мэднэ. Өөр нэрлэх найдвартай хүн алга. Хүмүүс Ховдын хоёрыг сайн байгаа гэж байна. Тэд үнэндээ тунааны хаагуур гарах юм. Тэд тунааны цоожтой олон хаалга татна. Тэднийг амлах хүн ховор тул тунаж таарна. Залуус одоо л тунааны зовлонг амсана. Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Б.Ганбат, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нарыг “ид галзуурч” байх үед харахаас халширахаар тунадаг байлаа. Үнэхээр хүчит сайхан залуу заанууд байсан. Тэд одоогийн залуустай үзсэн бол ганцхан тонгочоод хаях юм шүү дээ.
Б.Жаргал