Энэтхэг улсын урд хэсэгт оршдог 22 сая хүн амтай арлын орон болох Шри Ланка улс эдийн засаг болон улс төрийн гүн хямралд ороод байгаа билээ. Тэгвэл уг хямралаас болж өдөр бүр тог тасрах, бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэх, эм тариа, шатахуун гэх зэрэг хүний зайлшгүй хэрэглээний бараануудын олдоц багасах гэх зэрэг асуудлуудаас болж гуравдугаар сарын сүүлээр Шри Ланка улсын иргэд жагсаал зохион байгуулж эхэлсэн. Уг жагсаал нь гуравдугаар сарын 31-нд хүчирхийллийн хэлбэрт шилжиж тус улсын иргэд засгийн газраа огцрохыг шаардаж, ерөнхийлөгчийнхөө хувийн эзэмшил рүү халдсан. Улмаар Шри Ланка улсын ерөнхийлөгч Готабая Ражапакса дөрөвдүгээр сарын нэгэнд онц байдал зарлаж цагдаагийн ажилтнуудад ямар ч шалтгаангүйгээр жагсагчдыг баривчлах эрхийг нь олгож олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хаасан.
ШРИ ЛАНКА УЛСЫН САНХҮҮГИЙН ХЯМРАЛД ОРСОН ШАЛТГААН
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг хямрал нь олон жилийн турш үргэлжилсээр энэ жил оргил цэгтээ хүрээд байгаа бөгөөд засгийн газрын буруу менежмент болон бага зэрэг азгүй байдлаас болж үүссэн гэнэ. Сүүлийн арван жилийн турш Шри Ланка улс төрийн үйлчилгээгээ санхүүжүүлэхийн тулд гадаадын зээлдэгчдээс их хэмжээний мөнгө зээлсэн. Уг их хэмжээний гадаадын өрнөөс гадна тус улсад байгалийн хэд хэдэн гамшиг тохиолдож, хүчтэй аадар бороо болон химийн бордооноос болж тариаланчид ихэнх ургацаа алдсан нь Шри Ланка улсын эдийн засгийг улам хүнд байдалд оруулсан. Энэхүү асуудлууд нь 2018 онд тохиолдсон ба 2020 оноос эхлэн коронавирусын халдвар дэлхий нийтээр тархаж хэцүүхэн байдалтай байсан Шри Ланка улсын нөхцөл байдлыг дахин дордуулсан. Улмаар Шри Ланка улс их хэмжээний гадаад өрөө төлөхийн тулд гадаадын валютын нөөцөө эргүүлэн авах шаардлагатай болж, 2018 онд 6.9 тэрбум ам.доллар байсан нөөцөө энэ онд 2.2 тэрбум ам.доллар болгон бууруулсан. Энэ нь шатахуун болон бусад хэрэгцээт бүтээгдэхүүний импортод нөлөөлснөөр үнийн өсөлт эхэлсэн. Үүний зэрэгцээ тус улсын засгийн газар гуравдугаар сард валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлт дээр үндэслэн Шри Ланкын рупигийн ханшийг тогтоосон. Гэхдээ олон улсын шинжээчдийн үзэж буйгаар уг үйлдэл нь ОУВС-аас зээл авахын тулд мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлж, мөнгөн гуйвуулахыг дэмжих зорилготой байх өндөр магадлалтай юм байна. Гэсэн хэдий ч рупигийн ам.доллартай харьцах ханш унасан нь жирийн иргэдийн амьдралыг улам хүнд байдалд оруулсан.
ШРИ ЛАНКА УЛСЫН ИРГЭДИЙН ӨНӨӨДРИЙН БОДИТ АМЬДРАЛ
Уг санхүүгийн хямралаас болж сингалчууд хоол хүнсний хэрэглэгдэхүүнүүдээ авахын тулд өдөр бүр төгсгөл нь үл харагдах цуваанд өөрийн ээлжийг хүлээн зогсдог болсон гэнэ. Өмнөх долоо хоногт нутгийн дэлгүүрүүд хөргөгч болон агааржуулагчаа ажиллуулах боломжгүй болсноор хаалгаа барьж эхэлсэн ба шатахуун түгээх цэгүүд дээр ард иргэдийг тайвшруулан, эмх замбараатай байлгахын тулд цэргүүд нэмэлт хүч болон ажиллах болжээ. Шатахуун авахын тулд хэдэн цагийн турш дараалалд хүлээх үедээ хүмүүс амиа алдах тохиолдол ч цөөнгүй гарах болсон. Мөн эрчим хүчээ хэмнэхийн тулд Шри Ланка улс өдөр бүр арав гаруй цагийн турш цахилгаанаа тасалдаг болсон тулд ихэнх иргэд нь хоолоо пропан хий ашиглан зөөврийн тогоо дээр хийж байгаа юм байна. Бусад бараа бүтээгдэхүүний адилаар пропан хийг авахын тулд хүмүүс маш удаан хүлээдэг болсон ба хоолонд хэрэглэх хүнсний ногоо, гурил, будаа гэх зэрэг бараануудын үнэ ойролцоогоор гурав дахин нэмэгдсэн. Мөн тус улсын эмнэлгүүд эм тариагүй болсон тул ажиллах боломжгүй болсон ба дунджаас дээш орлоготой хүмүүсийн амьдрал хүртэл маш хүнд байгаа гэнэ.
СИНГАЛЧУУДЫН ЖАГСААЛ
Тэмцэгчид гуравдугаар сарын сүүлээр нийслэл хот Коломбод цуглан тайван жагсаал өрнүүлж эхэлсэн боловч гуравдугаар сарын 31-нд жагсагчдын уур хилэн хяналтаас гарч ерөнхийлөгчийнхөө хувийн эзэмшил рүү халдаж гадаа талбайг нь галдан сүйтгэсэн. Цагдаагийн алба хаагчид жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулах хийг ашиглаж байгаа бөгөөд улсын ерөнхийлөгч Готабая Ражапакса тэдэнд жагсагчдыг цагдан хорих бүх эрх мэдлийг нь олгосон. Гэвч жагсагчид дараагийн өдрүүдэд дахин цуглаж тэмцлээ үргэлжлүүлсээр байсан ба хэдэн зуун хүн баривчлагджээ. Готабая Ражапаксагийн зарласан онцгой байдал өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд хүчингүй болсон ба тус өдөр олон зуун сургуулийн сурагчид жагсаалд нэгдэж ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан.
ШРИ ЛАНКЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?
Дөрөвдүгээр сарын 3-нд дээд түвшний 26 сайд албан тушаалаасаа огцорсны улмаас тус улсын засгийн газрын танхим тэр чигтээ тарсан. Мөн ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн эвлэлийн засгийн газраас 40 гаруй парламентын гишүүд гарч бие даагч болох шийдвэрийг гаргасан. Улмаар Готабая Ражапакса эсрэг намынхаа гишүүдээс туслалцаа хүссэн боловч тэд түүнд туслахаас татгалзаж албан тушаалаа өгч огцрохыг санал болгосон. Шри Ланкын зарим парламентын гишүүд өөрсдийн суудлаа уг нөхцөл байдлыг шийдэж чадах хэн нэгэн чадвартай хүнд нь өгөхөд бэлэн байгаа гэдгээ хүртэл мэдэгдсэн. Одоогийн хүнд нөхцөл байдалд хүмүүс төрийн дээд албан тушаалд томилогдож ажиллахыг хүсэхгүй байгаа бөгөөд өнгөрсөн мягмар гарагт шинээр томилогдсон сангийн сайд нь 24 цагийн дотор ажлаасаа огцорч байгаа гэдгээ олон нийтэд зарласан. Готабая Ражапаскагийн хувьд ерөнхийлөгчийн албанаасаа огцрох тухай ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
П.Тамир