Сэтгүүлч Д.Батчулуун би иргэн Радион Романович Раскольниковын үйлдсэн хүн амины хэргийн шүүх хуралд гэрчээр оролцов. Үнэндээ “Орфей” театрын хаалгаар орох хүртэл шүүх хурлын тухай мартсан байлаа. Танхимын хаалгаар орохын зэрэгцээ “Радион Романович Раськолниковын үйлдсэн хүн амины хэргийн шүүх хуралд гэрчээр татагдсан та бүхэн шүүх танхимд суудлаа эзэлнэ үү” гэх нь тэр. Энэ мөчид, яг энэ мөчид л хаана ирснээ гайхаж, эргэн тойрноо ажин хэсэг зогсов. Театр, тайз, хүмүүс л нүдэнд тусна. Тухайлбал, хаалттай хөшиг, олон эгнээ суудал, улаан өнгийн суудлын бүрээс, утсаараа зураг дарж буй хүмүүс л харагдсан. Ингээд би ч мөн суудлаа эзэллээ. Бусдын л адил сошиал хаягтаа өнөөдрийн түүхээ хуваалцаад амжив.
Хэсэг хормын дараа жүжиг эхэллээ. Үгүй ээ, үгүй...Шүүх хурал эхэлсэн хэрэг л дээ.
Шүүх танхимд шүүгч орж ирэх гэж байгаа тул гэрчүүдийг судлаасаа босохыг хүслээ. Гэрчүүд босч шүүгчид хүндэтгэл үзүүлснээр шүүх хурал албан ёсоор эхлэв. Энэ цаг мөчөөс эхлэн амьсгаагаа даран, тайз дэлгэцээс нэг хором ч харцаа салгаж чадсангүй. Харц минь тайзанд туссан ч бодол минь аль хэдийнээ Гэм Зэм жүжгийн зохиол дотор тэнэж яваа. Шүүх хурал эхлэхэд Раскольников гартаа гав гинжтэй, толгой гудайлган сууна. Харин Улсын яллагч Алена Ивановна, Өмгөөлөгч Дмитрий Прокофьевич Разумихин нар өөрсдийн цуглуулсан баримтыг нотлох гэж улайрна. Тэдний гэрчээр дуудсан хүмүүс болох Офицер, Зосимров, Заметов нар үзэгчдийн соронзон мэт татаж байв. Өөрсдийн дүрийн зан чанар, үүргийг маш тодоор харуулж чадсан дүрүүд. Тухайлбал, аллагын дүр зургийг үзүүлж байгаа нь дотор арзайлгам.
Шүүх хуралдаа бүрэн анхаарлаа төвлөрүүлж, хэргийн тухай нухацтай бодолд автсан надад жүжгийн завсарлага хэрэггүй санагдсаныг нуугаад яах вэ. Дараагийн үзэгдэл юу байх бол гэх хүлээлтийг үзэгчдэд, шүүх хурлын талаар дүгнэлт хийх боломжийг гэрчүүдэд олгож буй нь үнэндээ зөв.
ТӨМӨР ТАЙЗ: Уншигч та бүхэн “Орфей” театрын тайзыг сошиалаас харсан гэдэгт итгэлтэй байна. Би хувьдаа тайзыг хараад “тайз нь ердөө л энэ давхар, цайвар өнгийн төмөр гэж үү, илүү чамин зүйл байхгүй юм уу” гээд их дурамжхан харж байсан юм. Жүжиг тоглохдоо өөрөөр чимэглэж байршуулах байх гэж горьдсон хэрэг. Гэтэл нөгөөх тайз миний өчүүхэн бодол, горьдлогыг холын хол аваачаад чулуудсан гэхэд хилсдэхгүй. Тайзан дээр хэд хэдэн үзэгдэл зэрэг тоглогдож байсан нь нэг дүрсээс нөгөөд шилжиж буй дэлгэцийн уран бүтээл шиг. Тийм ээ, тайз үүргээ маш сайн биелүүлсэн. Найруулагч М.Батболд тайзыг бүрэн дүүрэн ашиглаж, амрах чөлөө өгөөгүй нь жүжгийн турш харагдана. Мөн жүжигчид энэхүү тайзан дээр ноёлож чадсан юм.
АЛЛАГЫН ДҮР ЗУРАГЛАЛ: Шүүх хуралд гэрчээр оролцсон Заметов аллагын тухай дүрслэн харуулна. Үйл хөдлөлөөрөө дүрслэн харуулж буй нь аллага нүдэнд зурвас хийн харагдах шиг л болсон. Тийм бодитой. Хамгийн гайхшруулсан нь түүний зүүн гар байв. Баруун гар нь Раскольниковын гарыг төлөөлнө. Харин түүний зүүн гар Раскольниковд алуулсан Алёна Ивановна эмгэний гарыг төлөөлжээ. Тийм ч учраас яг л эмэгтэй хүний гар шиг урт улаан өнгийн хумстай байсан нь үзэгчдийг дуу алдахад хүргэсэн юм. Яг л хоёр хүний өөр өөр гар шиг.
Эрхэм хүндэт уншигчдаа, эргэн шүүх хуралдаа орох цаг болжээ. Миний хувьд шүүх хурлаас 15 минут завсарлахад эргэн шүүх хуралд ормооргүй мэт хоосон мэдрэмж төрж байв. Учир нь Раскольниковын гал цоггүй нүдийг дахин ширтэхээс айсан байх л даа. Гэсэн ч орохоос өөр сонголтгүй. Би чинь энэ дуулиант хэргийн гэрчээр оролцож буй хүн шүү дээ.
Жүжиг шүүх хурлаар үргэлжилсэнгүй. Харин аллага үйлдэгдсэнээс хэд хоногийн дараа гээд цааш үргэлжлэв. Юу болсон талаар олж мэдэх онцгой боломж. Раскольников хүн алсан тухайгаа хүн бүрээс нууна. Харамсалтай нь мөрдөгч Порфирий Петрович сэжим авч, алуурчны сэтгэл зүйг анзаарах нь тэр. Дараагийн уулзалт дээрээ мөрдөгч Раскольниковыг хэргээ хүлээхийг шаардана. Тэрээр хүн алсан тухайгаа ээж Пульхерия Александровна, дүү Дуня нараасаа хүртэл нууна. Харин сэтгэлт бүсгүй Соняатай уулзаж, нүглээ олон түмэнд илчлэхээр шийднэ. Ингээд өөрийн хэргээ хүлээснээр цаазын ялаас мултарч, Сибирт цөллөгдөнө. Ийнхүү цөллөгийн хугацаа дуусаж Раскольников дахин төрж чадсан юм. Харин одоо би Раскольниковын нүд рүү ширтэхээс айхгүй байна.
НЭГ ДҮРД ТАВАН ЖҮЖИГЧИН: Мөрдөгч Порфирий Петровичийн дүрд таван жүжигчин тоглосон.Тэд яг л нэг хүн шиг дүрээ амилуулжээ. Хэл яриа, үйл хөдлөл гээд биширмээр. Жүжигчин Б.Одгэрэл жаран настай хөгшин өвгөний дүрийг бүтээсэн нь миний сонирхлыг туйлын ихээр татсан юм. Энэхүү жүжгийг үзэх томоохон шалтгаануудын нэг нь энэ байлаа. Гэтэл би жаран настай хөгшин өвгөний дүрийг олж харсангүй. Хиймэл үсээ авахад араас нь цухуйх үл мэдэгдэх буурал үс, жаахан бүдүүрэх хоолойн өнгөнөөс үл ялиг таньсан. Миний хүлээлтэд харамсалтай нь хүрээгүй билээ.
ОЛОН ӨНЦӨГ: Жүжгийг үзсэн хүн бүр найруулагчийн ур ухаан, жүжгийн тавилтын тухай ярьж байна. Үнэхээр үзсэн хүн бүр ярихаас аргагүй амьд мэдрэмж, гайхалтай уур амьсгалыг мэдрүүлсэн юм. Үзэгдлүүдийг хэдэн талаас нь харуулж байгаа нь дэлгэцийн уран бүтээл шиг. Үүнийг үзсэн хүн л мэдэрч, тэр гайхалтай олон өнцгийг харж чадна гэдэгт итгэлтэй байна.
Миний анхны үзсэн тайзны уран бүтээл маш өндөр босгоор ийнхүү эхэлсэн юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)