Хүн төрөлхтний хөгжлийнхөө үйл явцад зохион бүтээсэн хамгийн хүчтэй мөн хамгийн их хор нөлөөтэй зэвсэг бол яах аргагүй цөмийн зэвсэг билээ.
Тэгвэл одоогийн байдлаар ОХУ-Украин улсуудын хооронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдал дээр ОХУ-ыг цөмийн зэвсгээ цаашид ашиглах тухай хүмүүс олон төрлийн таамгуудыг дэвшүүлсээр байна. Тэгвэл та бүхэнд цөмийн зэвсэг эзэмшдэг орнуудын тухай товч мэдээллийг хүргэе.
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан таван улс байдаг бөгөөд тэд дэлхийн өөр улс орнуудад цөмийн зэвсэг бүтээхэд нь тусламж үзүүлэх боломжгүй гэсэн үг юм. Эдгээр улсууд нь ОХУ, АНУ, БНХАУ, Франц, болон Их Британи. Харин Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос гэх орнууд цөмийн зэвсгийн тухай ямар нэгэн гэрээнд хамааралгүй бөгөөд хувиараа цөмийн зэвсэг эзэмшдэг. Бельги, Герман, Итали, Турк, Нидерланд улсууд НАТО-гийн цөмийн зэвсэг хуваалцах бодлогын дагуу улсынхаа газар нутагт цөмийн зэвсэг хадгалдаг хэдий ч эдгээр зэвсгүүд нь тэдний эзэмшил биш гэсэн үг. Мөн Израиль улсыг цөмийн зэвсэгтэй орон хэмээн үздэг боловч бүрэн батлагдаагүй.
Эдгээр орнуудаас гадна Өмнөд Африк, Беларусь, Казахстан, Украин гэх орнууд нэгэн цагт цөмийн зэвсэг эзэмшдэг байсан. Израиль улсыг 90 ширхэг цөмийн цэнэгт хошуутай гэх мэдээ байдаг ч тэд уг мэдээллийг үгүйсгэдэг бөгөөд өмнө нь цөмийн зэвсгийн хүчээ хэмжих туршилт хийж байгаагүй.
Харин одоогийн байдлаар дэлхий дээр байгаа нийт цөмийн цэнэгт хошуунуудын 90-ээс дээш хувь нь ОХУ болон АНУ-уудад харьяалагддаг бол Хойд Солонгос улс хамгийн цөөн буюу 20 ширхэг цөмийн цэнэгт хошуутай.
П.Тамир