+17 төслийн санаачлагч, жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээтэй ярилцлаа. Тэрээр хошин урлагийн шинэ хэв маяг болох +17 цувралыг үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд энэ онд "+17 promax" буюу төслийн хоёр дахь цуврал үзэгчдэд хүрсээр байгаа билээ.
- Та хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Энэ тухай яриагаа эхэлье
- +17 promax төсөл маань хийгдээд, хамгийн сүүлийн анги үзэгчдэд хүрэх дөхөөд байна. Төгсгөлийн аравдугаар анги гуравдугаар сарын 8-нд IPtv-д орохоор төлөвлөгдөөд байна. Мөн бид өмнө нь Цуйван Ин Да Хаус гээд хийж байсан. Тэрхүү төслөө зөвхөн Iptv-р гаргаж байсан бол энэ жил өргөн хүрээнд буюу кино театрт гаргах хэмжээний уран бүтээл хийх гэж байна. Одоогоор энэ төсөл дээрээ ажиллаж байна.
-Таны тайзан дээр гараад хамгийн их сандарч байсан мөч хэзээ, ямар тайз байв? 2010 онд Өвөр монгол орчуулагч болоод тайзан дээр гарахад маш их сандарч байсан гээд таны ярилцлагыг уншиж байсан л даа.
-Тийм ээ. Тэр үед маш их сандарсан. Маск продакшинд бүжигчнээр ажиллаж байгаад, жүжигчин болж ямар нэг номерт орох хамгийн анхны алхам тэр байсан. Ц.Ганзориг ах, Д.Дэлгэрсайхан ахтай олон хэлээр ярьдаг. Түүнийг нь би Өвөрмонголоор орчуулдаг хэсэг л дээ. Өмнө нь би тэрхүү тайзан дээр бүжиглэж гардаг байсан. Харин жүжигчний хувиар тайзан дээр гараад үзэгчдийн өмнө үгээ хэлэх, хэлсэн үгэнд инээх болов уу яах бол гээд их сандарч байсан даа. Тэр тоглолт үргэлжлээд Улаанбаатар Паласд 3000 хүний өмнө тоглож байлаа. Тэр үед ч бас их сандарсан.
- Та жүжигчин болоод хамгийн анх ямар бүтээлд дүр бүтээсэн бэ?
-Жүжигчин болоод Маск продакшны “Хайр харуусал” УСК-д Мөнхсайхан ахын багийн дүрд дүр бүтээж байлаа. Харин дүр аваад, хамгийн их ажиллагаатай байсан дүр бол Маш нууц нэг кинонд залуухан цэргийн дүр байсан.
- Та “Мөнгөний подкаст”-ын хамгийн анхны зочноор оролцсон. Эхний дугаар нь 2020 оны тавдугаар сарын 9-нд цацагдсан. Бараг таван сарын хугацаанд подкастад оролцоод, суралцсан шүү дээ. Энэ тухайгаа хуваалцахгүй юу. Санхүүгийн хувьд өөрчлөлт гарсан уу?
-Маш их өөрчлөлт гарсан. Г.Мөнгөн бид хоёр нэг байранд амьдардаг. Г.Мөнгөнтэй уулзаж санхүүгийн талаар асуудаг байсан л даа. Тэгээд нэг өдөр Г.Мөнгөнтэй уулзаад “Чи мөнгөний подкаст гэдэг подкаст хийвэл яасан юм бэ? Мөнгөн дэвсгэртийн тухай ч гэж байгаа юм шиг, нөгөө талаараа чиний өөрийн подкаст ч гэж байгаа юм шиг. Хийхдээ зөвхөн чи өөрөө ярих биш, би чиний шавь болоод хоёулаа нийт арван дугаар хийе. Сонсож байгаа хүмүүс надтай хамт суралцаад явбал зүгээр юм байна” гээд энэ тухай ярилцсан. Г.Мөнгөн ч зөвшөөрөөд бид хийж эхэлсэн. Нийт арван дугаарын турш болсон процесс бүгд бодитой. Тэндээс сурч авсан зүйл маш тод томруун байна. Тухайлбал, аяллын дансандаа мөнгөө цуглуулсаар байгаад энэ жил эхнэртэйгээ хамт Турк улсаар аялаад ирлээ. Аяллын зардлыг зөвхөн аяллын данснаасаа авсан. Подкастаас хойш одоог хүртэл данснууддаа мөнгөө хуваагаад, хадгалаад явж байгаа. Үүнийг эвдэж чадахгүй юм билээ. Мөнгөө хадгалсаар л байна даа. Мөн дахиж суралцах зүйл их байна.
-“My voice” шоуг хөтлөх саналыг хэрхэн хүлээж авсан бэ? Үзэгчдийн хувьд хөтлөгч гэдгийг албаны байдлаар хүлээж авдаг л даа. Харин та хоёр хошин урлагийн хүмүүс учир бидний хувьд сонирхолтой санагдсан.
-UBS телевизийн хамт санал тавихдаа “Бид шоундаа залуулаг, чөлөөт байдлыг оруулахын тулд та хоёрыг хөтлөгчөөр сонгож байна” гэсэн л дээ. Тэр ч утгаараа бид хоёр чөлөөтэй байх үүднээс зөвхөн оролцогч нарыг зарлаад байх биш, өөрсдийн санаа бодлыг хэлдэг байя гэж шийдээд шоуг хөтөлсөн.
-Шоуг хөтлөхөд хүндрэл бэрхшээлтэй зүйл байв уу?
-Мэдээж, хүндрэл бэрхшээл байлгүй яах вэ. Рок Поп дууны шоу бид хоёроос хол байсан л даа. Зарим нэг дуунуудыг хэн зохиосныг мэдэхгүй байх, буруу зөрүү зарлах зэрэг асуудлууд байсан. Тэр болгон дээр суралцаад явсан. Нэг талаараа маш том хичээл болсон. Нөгөө талаараа шоуны зарим үзэгчдэд бид хоёрын хөтлөлт таалагдаагүй. Энэ хоёр хөтлөөд байхдаа яадаг юм, хэтэрхий арзганаад байна ч гэдэг юм уу тийм зүйлс анзаарагдсан. Сайшаал магтаал, шүүмжлэл зэргээс бид хоёр суралцсан.
-2020 оны томоохон уран бүтээлийн нэг яах аргагүй “Гангстерууд” МУСК байсан. Уг кино арваннэгдүгээр сарын 6-нд нээлтээ хийсэн шүү дээ. Харин тав хоногийн дараа хөл хорио тавигдсан. Ашиг орлогоос эхлээд санхүүгээ нөхөхөд хүндрэлтэй байсан уу? Кино багийнхан хэрхэн хүлээж авсан бэ?
-Киногоо нээгээд яг тав хоноод л хаагдчихсан. Бид нарын төлөвлөгөө 21 аймгаар явах байсан. Гэтэл Дархан, Эрдэнэт гээд зогссон. Санхүүгийн хувьд бол зардлаа нөхсөн. Мөн IPtv-д ороод ашиг олсон. Тийм хүнд үе туулсан ч гэсэн харьцангуй ашигтай байсан. Гэхдээ тооцоолж байсан тооцоололдоо бол хүрээгүй.
-Та түүхэн кинонд эсрэг дүр бүтээхийг хүсдэг гэсэн шүү дээ. Одоогоор тийм дүрд тоглох тохироо нь бүрдээгүй байна уу? Санал ирж байна уу?
-Одоогоор санал ирээгүй байна. Миний хувьд өөрийгөө эвдсэн дүрүүдэд тоглохыг хүсдэг. Хошин урлагийн жүжигчин учир тэр л хэв, өнгө аясаар хүмүүс хараад байдаг. Жүжигчин хүн өөрийнхөө дүр төрхийг эвдсэн ажиллагаатай дүр бүтээх их амттай. Эсрэг дүр их ажиллагаа шаарддаг л даа. Хэдий эсрэг дүр ч гэсэн тухайн жүжигчинд тэрхүү дүрээ өмөөрөх зүйл их байдаг. Эсрэг дүрүүд ч мөн өөрсдийн гэсэн ертөнцтэй байдаг учраас эсрэг дүр бүтээхийг хүсдэг. Тийм ч учраас өөрийгөө сорьсон эсрэг дүрд бүтээж, уран бүтээлд тоглохыг боддог.
-Өөрийн дүр төрхөө эвдсэн, ажиллагаатай дүр бүтээх амттай байдаг гэлээ. Таны хувьд хамгийн их ажиллагаа шаардсан, таны зан чанараас эсрэг байсан дүр?
- +17 тэр чигээрээ дүрийн ажиллагаа байдаг. Маш олон жил суралцах хичээлийг +17 цувралаас богино хугацаанд сурч авсан. Нэг ёсондоо +17 цуврал бол маш олон жил сурах зүйлийг богино хугацаанд заасан “багш” байсан. Үүнээс гадна гэвэл “OA энтертэйнмент”-ийн хийсэн “No Rules” кинонд тоглосон. Энэ уран бүтээлд өөрөөсөө их өөр дүр бүтээсэн л дээ. Хар тамхинд донтсон, хар тамхи, мөнгө төгрөг олохын тулд юу ч хийхээс буцахгүй тийм дүр бүтээсэн. Гадна төрх, дүрийн дотоод байдал зэрэгт их бодож ажилласан.
-Та хоёрын хувьд эмэгтэй дүр бүтээдэг. Яагаад эмэгтэй дүрд өөрсдөө тоглох болсон бэ? Зохиолд нийцсэн эмэгтэй жүжигчин олддоггүй юм уу? Эмэгтэй хүний дүрд тоглох хэцүү зүйл юу байдаг вэ?
- +17 хошин урлагийн төрөл учраас өөрсдөө хувирч дүрээ бүтээсэн. Бид хоёр өөрсдөө гол дүрийн жүжигчид учраас өөр хүн хөндлөнгөөс орохоор хошин байдлаа алдана. Хүмүүс эрэгтэй хүн эмэгтэй болж жүжиглээд байх юм гэдэг. Эмэгтэй хүн эрэгтэй болж жүжиглэхээр төдийлөн инээдэм үүсдэггүй. Уран бүтээлүүд бол бий. Харин эрэгтэй хүн эмэгтэй болсноор илүү инээдэм, хошин байдал яагаад ч юм бий болдог. Энэ нь аль ч оронд байдаг л зүйл. Тухайлбал, +17 promax дээр Бээб гээд яриад байгаа тэрхүү дүрд тоглоход хумс хийлгэсэн. Хумстай учир өмдөө ч татах, утсаа оролдох зэргээс эхлээд хэцүү зүйлс их байсан. Гоо зүй талаасаа эмэгтэй хүний дүрийг гоё сайхан харагдуулах тал дээр мөн ажилладаг.
- +17 цувралыг хүлээж авах хүмүүс ч байна. Хүлээж авахгүй хүмүүс ч байгаа. Энэ нь та бүхэнд ямар байдлаар анзаарагдаж байна вэ?
-Тийм ээ. +17 анх гарахдаа маш их сөрөг зүйлтэй тулгарсан. Манай улсад ёс бус үг хэллэг хэрэглэдэг, насанд хүрэгчдийн тухай гардаг контент байгаагүй учир манайхан их цочир хүлээж авсан. Харин гаднын улсад ийм контент байдаг гэдгийг мэддэг бидний үеийн залуучууд эергээр хүлээж авсан. Биднээс дээшээ үеийнхэн үүнийг хүлээж авахад хэцүү байсан. Үүнийг урлаг биш гэж хараад байгаа. Урлаг, урлаг биш гэхээсээ илүү энэ бол инээдмийн төрлийн, насанд хүрэгчдийн контент гэж нэрлэж болно. Бид +17 контентоороо дамжуулж ухаарал хайрлах гээгүй. Зарим зүйлийг яагаад зүгээр инээгээд үзэж болохгүй гэж. Гэхдээ үүнийг насанд хүрэгчдэд зориулсан гэдгээ зааж, ярьж хэлдэг. Тийм ч учраас төлбөртэй байдлаар байршуулдаг. Анх насанд хүрэгчдийн энэ контентийг хүүхэд үзэж байна гээд уурладаг байсан. Харин одоо үүнийг үзэх соёлд суралцаж байна. Бид хоёр шүүмжлэлийг хүлээж авна. Харин доромжлолыг хүлээж авахгүй.
- +17 promax цувралын “Бээб” гэдэг үг тренд болоод сошиалд их давлагааллаа. Энэ тухай хуваалцахгүй юу? Мэдээж энэ үг тренд болно гэж хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Хүн болгон энэ үгийг, үүнийг хэлнэ дээ гэж бодож хийгээгүй. Охид тиймэрхүү яриа байдаг учир тэрийг оруулж хийсэн. Санаанд оромгүйгээр л сошиалд тархсан. Үүнийг хүмүүс үзсэн юм байна, хүмүүст хүрсэн байна гэж л хүлээж авдаг даа.
-Таны холын зорилго юу вэ?
-Би холливудын кинонд тоглох мөрөөдөлтэй. Магадгүй өөрөө кино найруулаад, түүнийгээ олон улсад гаргах, Монголын кино урлагыг дэлхийд гаргаж үзүүлэхийг л дотроо бодож явдаг даа. Энэ нь биелж ч болно, биелэхгүй байж ч магадгүй шүү дээ.
- Та өдрийн 24 цагийг хэрхэн өнгөрөөж байна вэ?
-24 цагийн ихэнх цагт гадуур ажилтай байдаг л даа. Гэртээ байх цаг хугацаа их бага. Тийм учраас эхнэр маань арын албаа хариуцдаг. Өглөө ажилдаа явахдаа хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгдөг. Байнга бол биш л дээ. Орой хүүхдүүдээ унтсан хойно ихэвчлэн гэртээ очдог. Хэдий эрт очмоор байвч ажлын шаардлагаар оройтдог.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүл, аав ээжийнхээ тухай...
-Би айлын том хүүхэд. Хоёр дүүтэй. Дүү нар маань надаас найм, найман насны зөрүүтэй. Манай аавыг Л.Ганбаяр гэдэг. Хэнтий аймгийн гаралтай хүн бий. Ээжийг маань С.Бадамгарав гэдэг. Өвөрхангай аймгийнх. Аав ээж хоёр оюутан цагтаа хотод танилцсан юм билээ. Тухайн үед илгээлтийн эзэд гээд Багануур дөнгөж байгуулагдаж байхад Багануур руу хоёулаа хуваарилагдсан. Ангийн найзтайгаа нэг газарт хуваарилагдсан. Тэгээд л танилцаж дотноссон юм билээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл аав ээж хоёр минь Багануурт амьдарч байна. Тэнд л үр хүүхдүүд нь өсөж, том болоод хүмүүжээд явж байгаа энгийн сайхан гэр бүл.
-Таны хувьд “Багануур Тулнууд” багийн менежерээр ажиллаж байна. Менежерээр ажиллах болсон тухайгаа хуваалцахгүй юу?
-Би Багануурынх. Тийм ч учраас Багануур нутгийнхаа юм болгоныг дэмжих гээд байдаг юм. Энэ нутагт өсөж, бүх зүйлийг сурсан болохоор өөрийн эрхгүй тийшээ сэтгэл татагддаг. Мөн би өөрөө сагсанбөмбөгт их дуртай. “Багануур Тулнууд” баг дээд лигт ороход нь дэмжих гээд очиж үзсэн. Тоглолт үзчихээд гараад иртэл “дасгалжуулагч, менежер нь бид нарт спонсор олоод өгөөч” хэмээн санал тавьсан. Спонсор олж өгөх гэж яваад л багтайгаа уусаад бүх үйл ажиллагаанд нь оролцдог болчихсон. Тухайн үед спонсор олоогүй л дээ. Харин энэ жил спонсортой болоод, тамирчдадаа цалинжуулаад баг шиг баг болсон. Би өөрөө урлагийн салбарын хүн, гэнэт спорт руу орчихоор мэдэхгүй, чадахгүй зүйлс их байсан. Шантрах үе ч байсан л даа.
-Дээд лиг болох үеэр таны статистик үзүүлэлт гарсан байна лээ. Тухайлбал, нийт арван тоглолтын явцад 5 мянга гаруй алга ташилт, 1 мянга гаруй орилолт гээд л...?
-Ордонд очоод үзэхээр өөрийн мэдэлгүй орилчихдог юм билээ. Хожих, хожигдол гэдэг чухал байгаа учраас орилчихдог. Миний орилоод байгаа бас нэг талаараа тактик. Эсрэг багийг довтлох үед орилоод, анхаарлыг нь сарниулах маягтай явчихдаг. NBA-ийн тэмцээнүүдийн хажууд миний орилох бол юу ч биш байгаа юм л даа. Хөгжөөн дэмжигч гэдэг бол спортын зургаа дахь тоглогч нь учраас өөрийн эрхгүй л тэгдэг юм билээ. Харин эсрэг багийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэх, хараал хэлэх зэрэг нь бүдүүлэг зүйл. Адилхан л тамирчин. Тийм ч учраас залуу хүүхдүүдэд зөв дэмжигч байхыг уриалах зорилготой. Мөн орилж үзэхээр өрсөлдөөн гоё гардаг. Өөрөө ч сагс үзэхэд үзсэн юм шиг болдог.
-Фэйсбүүк постыг тань харахад Хоккейд хүч үзээд байгаа харагдсан...
-Харин тийм. Би хүүгээ Хоккейн сургалтад өгсөн юм. Тэгээд л Хоккейд холбогдчихсон. Тэгтэл Багануурын Хоккейн багийнхан тэмцээн хөтлөөд өгөөч гээд над руу ярьсан юм. Багануурын баг учир тэгье ээ л гэсэн. Орой нь гэртээ ирээд эхнэртээ “Сагсны багаа нэг юманд хүргэчихлээ, одоо Хоккейн багаа нэг юманд хүргэчихвэл” гээд тоглоомоор хэлээд хөгжилдөж л байлаа.
-Жижгээ, Цогтоо гэх нэрийн ард хэчнээн бага бүрэлдэхүүн байна вэ?
- +17 цувралын ард 40,50-аад хүн ажиллаж байна. Бусад уран бүтээл дээр “F studio” хамтран ажиллаж байна. Санаа нийлдэг залуучууд бий. Наанаа Жижгээ, Цогтоо гэж байгаа боловч ард маш олон хүмүүс бий.
- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
- Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)