Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчин, “Багануур тулнууд” багийн тоглогч Н.Ганбаатарыг урин ярилцлаа.
-Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
-Би Багануурын хүүхэд. 1996 оны арванхоёрдугаар сарын 29-нд Багануур дүүрэгт төрсөн. Сагсан бөмбөг тоглохоосоо өмнө чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа.
-Чөлөөт бөхөөр хэдтэйгээсээ хичээллэсэн бэ. Ямар амжилт гаргаж байв?
- Аав, ээж хоёр маань бөхөд их дуртай хүмүүс. Ялангуяа аав маань бөхийн спортод хайртай, шимтэж үздэг хүн бий. Харин нагацын тал маань бөхийн удамтай, тиймдээ ч намайг бөх болгох сонирхолтой байсан байх. Ингээд зургаадугаар ангидаа Хойлогдорж багшид шавиар орж байлаа. Багадаа чөлөөт бөхийн 48 кг жинд барилддаг байсан. Нэг удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан ч амжилт үзүүлээгүй. Дунд сургуулиа төгсөх хүртэлээ чөлөөт бөхөөр хичээллэсэн ч төдийлөн амжилт гаргаагүй ээ, тиймээс миний спорт биш юм байна гэж бодсон доо. Харин аавын хүүгээ бөх болгох хүсэл нь одоог хүртэл хэвээрээ.
-Үндэсний бөхөөр барилдаж байв уу?
-Ахлах ангидаа үндэсний бөхөөр барилдаж байсаан.
- Харин сагсан бөмбөгт хэзээнээс “дурлав”?
-Нэлээд хожуу гэж болно. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуульд 2013 онд элсэж ороод, тэндээс л тоглож эхэлсэн. Эхлээд сургуулийн шигшээ багт ороод, “Sprite” лигийн “Шилдээд” багт тоглосон.
-Тэр үеийн дасгалжуулагч нь Г.Тулга байсан уу?
-Тийм ээ “Дурсамж” хамтлагийн Г.Тулгаа ах маань надад сагсан бөмбөг сурахад их тусласан. Түүний дараа 2016 оноос “Шаркс” багт орж их сургуулиа төгсөх хүртлээ тэр багтаа тоглосон. Ер нь сагсан бөмбөгийн гараа маань ингэж эхэлсэн түүхтэй.
-Оюутан байхдаа оролцож байсан тэмцээнүүдээс хамгийн гоё дурсамжтай, санаанаас гардаггүй дурсамжаа хуваалцаач?
-ШУТИС-д “Намрын тэргүүн” гэж тэмцээн жил бүр зохиогддог юм. Хамгийн гоё тэмцээн. Манай Үйлдвэрлэлийн технологи, дизайны салбар сургууль сүүлийн 15 жил тэр тэмцээнээс медаль аваагүй байсан. Намайг төгсөх жил манай баг мөнгөн медаль хүртэж байлаа. Тиймээс л тэр жилийн “Намрын тэргүүн” мартагддаггүй юм даа.
-Бөхийн суурьтай хүн сагсан бөмбөгөөр хичээллэхэд давуу тал нь юу байв?
-Хүмүүс миний сунгалтыг гайхаад байдаг юм. Чөлөөт бөхөөр хичээлсэн маань миний сунгалт, атлетик тал дээр илүү давуу тал болсон.
-Н.Ганбаатарын тоглолтыг ажиглаад байхад илүү тэсрэлттэй байдаг. Бэлтгэлээ яаж хийдэг вэ? Үсрэлтэндээ ч юмуу тусгайлан хийдэг бэлтгэл бий юү?
-Анх тоглож эхэлсэн цагаасаа эхлээд цагираг дээрээс довтлохыг хүсдэг байсан. Тиймээс хүндрүүлэгч зүүдэг, 11 давхарлуу дандаа шатаар алхдаг. Заалны бэлтгэлээ тарж гэртээ ирээд бэлтгэл хийнэ. Нэмэлт төхөөрөмжтэй бэлтгэл хийх зэргээр өөрийгөө бэлддэг байсан.
-Хамгийн анх ямар тэмцээн дээр цагираг дээрээс довтолж байсан бэ?
-2019 оны 3х3 тэмцээн дээр анх цагирган дээрээс довтолж байсан. Түүнээс өмнө гэвэл бэлтгэл хийж байхдаа цагираг дээрээс довтлож байсан.
-Мэргэжлийн сагсан бөмбөг, 5х5 төрөлд аль багаас гараагаа эхлэв?
-“Шилдээд” багаас гараагаа эхэлсэн. Хуучнаар “Panasonic” гэдэг байсан юм. Тэндээ таван жил орчим тоглосон.
-3х3 төрөлд хэдэн оноос эхэлж тоглосон бэ. Энэ төрөлд тоглох саналыг хэн тавьж байв?
-2019 онд Үндэсний лигийн дэд хэсэг буюу 21 аймгийн тэмцээнд Багануур дүүргээс оролцон түрүүлээд “Үнэ цэнэтэй тоглогч” болж байсан. Түүний дараа Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны комиссар Ө.Мөнхчулуун менежер маань 3х3 төрөлд тоглох санал тавиад тоглох болсон.
-Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хамгийн том багийн гишүүн гэж явдаг. Одоо энэ төрөлдөө тоглож байгаа хэвээрээ юү?
-Тийм ээ. Одоо 3х3 төрөлдөө “Улаанбаатар ММС Энержи” багт тоглож байна.
-Танай баг одоо ямар бүрэлдэхүүнтэй тоглох вэ? Танилцуулвал.
-Шинэ улирал эхэлж байгаатай холбоотой клубээс шинэчлэлт хийж байгаа. Тиймээс одоогоор хэлж сайн мэдэхгүй байна.
-3х3-т тоглодог сагсчидаас асуудаг уламжлалт асуултаа асууя. 3х3 төрлөөр тоглох, 5х5 тоглоход ямар ялгаа байна вэ?
-Хэд хэдэн ялгаа байгаа. 3х3 бол мэдээж хагас талбайд тоглодог, хугацаа бага болхоор бүх зүйлийг хурдан хийх шаардлагатай учраас илүү таалагддаг. Харин 5х5 бол тамирчнаас илүү бяр хүч, багийн тоглолт гээд бас л сонирхолтой.
-Монголын дээд лигт тоглолоо. Хамгийн анх дээд лигт тоглох ямар байв. Мэдрэмжээсээ хуваалцаач?
-Мэдээж анхны дээд лигт тоглосон мэдрэмж маш гайхалтай байсан. Гэхдээ нэг их сандраагүй. Намайг сэтгэл хөдлөлгүй л гээд байдаг юм.
-Сэтгэл хөдлөлөө барьж чадна гэдэг тамирчин хүний хамгийн давуу тал биз дээ?
-Магадгүй.
-Сэтгэл хөдлөлөө яаж хянадаг вэ?
-Би өөрийгөө талбай дээр ганцаараа байна гэж төсөөлдөг. Хэн нэгэн үзэхгүй байгаа мэтээр дотроо төсөөлөх нь айдас сандралыг дарж өгдөг.
-Сагсан бөмбөг сонирхож эхлэхдээ Монголын лигээс ямар тоглогчийг дэмжиж, тоглолтыг нь илүү шимтэж үздэг байв?
-Сагсан бөмбөг сонирхож эхлэх үед Монголд тоглолтын үеэр тохдог ганцхан хүн байсан нь “Хасын хүлэгүүд” багын ахлагч Б.Билгүүн ах. Б.Билгүүн ахын тоглолтыг үзэх маш дуртай байсан.
-Дээд лиг дээр “Хасын хүлэгүүд” багтай тоглохдоо Б.Билгүүнийг хамгаалж тоглож байсан. Тоглолтыг нь үзэж өссөн, дэмждэг байсан тоглогчийнхоо эсрэг нэг талбайд тоглосон сэтгэгдэл ямар байв?
-Мэдээж гайхалтай, нэг талбайд тоглох мэдрэмж их гоё байсан. Тэр тоглолтод Б.Билгүүн ахыг хамгаалж таарсан. “Хасын хүлэгүүд” багтай тоглоход хүнд байсан. Миний хувьд яагаад ч юм мэдэхгүй тэр тоглолт нэг л болж өгөөгүй, сул тоглосон.
- NBA-гийн аль багийг дэмждэг вэ?
-NBA-гийн тоглолтыг байнга үздэг. “Милоуки бакс” багийг дэмждэг, ялангуяа Яннис Антетокунмпогийн тоглолтыг үзэх дуртай. Яннис 34 дугаартай тоглодог, би ч мөн 34 дугаартай тоглодог.
- Яагаад Яннисыг дэмжих болсон бэ?
-Манай найзууд, бас багийн ах нар маань ч гэсэн асуудаг л юм. Өөрөө шидэлтгүй, өөрийх нь дэмжиж байгаа хүн бас шидэлтгүй гээд. Надад Яннисын хөдөлмөрч зан нь маш их таалагддаг. Цагираг дээрээс довтлох тэмцээнд анхны жилдээ орж байсан туранхай залуу хэдхэн жилийн дотор ямар их өөрчлөгдсөн билээ дээ.
-Энэ жил “Багануур тулнууд” баг шинэ залуу тоглогчидтой, хүчтэй тоглолтууд үзүүлж байна. Яагаад энэ багт орж тоглох болов. Төрсөн нутгийн багаа бүрдүүлье гэж бодов уу?
-Мэдээж төрсөн нутгийн залуучуудаараа бүрдүүлэхийг хүссэн. Багануур дүүргээс гарсан үе үеийн шилдэг сагсчид бий. Сайн сагсчидтай газар яагаад баг байхгүй юм бол гэж боддог байсан. Тийм ч учраас энэ жил Багануур дүүргийн хүүхэд залуучуудыг нэгтгэж, энэ залуучууд сагс тоглож чаддаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон.
-“Багануур тулнууд” багийн ирээдүйн зорилго юу вэ. Нууц биш бол сонирхуулаач?
-Миний хувьд багаа дээд лигт удаан тогтвортой байгаасай, “Алдар-Танан гарьд” баг шиг нэр хүнд, алдартай баг байгаасай гэж боддог.
- Н.Ганбаатарын хувьд ирэх жилийн дээд лигт энэ багаасаа тоглох уу? Мэдээж багууд сайн тоглолт үзүүлэхийн тулд солилцоо явагддаг. Танд ирсэн санал бий юү?
-Одоогоор ирсэн ямар нэг санал ирээгүй. Гэхдээ би 3х3 төрөлд илүү сонирхолтой.
-Танай баг залуу тоглогчдоос бүрдсэн. Шийдвэрлэх үед сэтгэлзүйн хувьд хэр бэлтгэлтэй байсан бэ?
-Манай баг уг нь бүх багтай л эхний гурван үед яг хүч тэнцүү тоглоод байсан. Төгсгөл хийх тал дээр туршлага дутсан байх. Яг “Лэйкерс” шиг. Эхний гурван үе тачигнаад дуусчихна, харин дөрөвдүгээр үеийн тоглолтод төгсгөл хийх хүнгүй байгаа юм шиг санагддаг. Онооны зөрүү ойртох тусам сандардаг, туршлага дутсан юм болов уу гэж харсан. Бусдаар бол залуу хүмүүс нэгнийгээ илүү ойлгож, дэмжиж, мэдэрч байдаг даа.
- 3х3 төрлөөр ойрын хугацаанд тавьсан зорилго бий юү. Холын зорилго бол олимп байгаа байх?
-Шинэ улирал эхэлж байна. Ойрын хугацаандаа мэдээж бүх тоглолтдоо эхний гурван байрт, түрүүлэх хэмжээнд тоглоно гэж зорьсон. Олимпод оролцох бүрэн боломж бидэнд байна. Өөрийгөө аль ч байрлалд дажгүй сайн тоглочихно гэж хараад байгаа. Шидэлтээ л засчихвал.
-Өдрийн бэлтгэл сургуулилт яаж явж байна. Хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?
-Лиг эхэлсэн үед өдөрт дөрвөөс зургаан цагийн бэлтгэл хийдэг байсан. Одоо бол долоо хоногийн таван өдөр заалны хоёр цагийн бэлтгэл, нэг цаг фитнесийн бэлтгэл гээд гурван цаг бэлтгэлтэй байгаа.
-Ямар ажил эрхэлдэг вэ? Эсвэл тамирчны хувьд спортын бэлтгэлдээ орсон байгаа юу?
-Мэргэжлийн тамирчин гэдэг утгаараа бэлтгэл сургуулилтадаа анхаарч байгаа.
-Залуу тамирчдад хандаж бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийх, ачааллаа зөв зохицуулах талаар зөвлөгөө өгөөч.
-Тамирчин хүнд нойр, хоол хамгийн чухал. Тиймээс хоолоо сайн идэж, илчлэг ихтэй хоол идэх нь чухал. Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй санагддаг. Учир нь алдсан уураг, шингэнээ нэмэлтээр нөхөх нь зөв байх.
-3х3 шигшээ багийн тамирчидтай тоглоход хамгийн хэцүү нь хэн бэ? Багаараа олон улсын тэмцээнд явав уу?
-Манай Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням ах нар хамгаалалт сайтай учраас арай хэцүү байдаг. Туршлага болох үүднээс 2019 онд багийн ах нартайгаа Саудын Араб руу явсан. Тэнд тоглохгүйгээр олон улсын багуудтай бэлтгэл хийсэн. Өнгөрсөн хоёр жил халдварын улмаас олон улсын тоглолтоор яваагүй байгаа.
-3х3 төрлөөр аль улсын багийг хамгийн сайн байна гэж харж байна вэ?
-“Рига” баг.
-Олимпийн эрх олгох тэмцээнд хожигдлын дараа багийн уур амьсгал ямар байв? Хэрхэн багаа сэргээдэг вэ?
-Юунаас болов? Дараа нь яах вэ гэдэг тал дээр багаараа сайн ярилцахыг илүүд үздэг. 3х3 төрөл нэг онцлог нь дасгалжуулагч талбайд биш үзэгчдийн дунд байдаг учраас тухайн талбайд юу болох, яаж тоглохыг дөрвөн тамирчин хоорондоо л шийддэг.
-Н.Ганбаатар гэр бүл, найз охинтой юү?
-Одоогоор найз охин байхгүй ээ.
-Ярилцлагын төгсгөлд багийн тамирчдадаа эсвэл сагсан бөмбөг сонирхогчдод хандаж хэлэх үг байна уу?
-Баярлалаа. 3х3 сагсан бөмбөгийн багийг ивээн тэтгэж байгаа “Энержи ресурс” ХХК-ийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Мөн “Багануур тулнууд” багийн хожил, хожигдолтой хамтдаа байсан фанатууд, хөгжөөн дэмжигчдэдээ маш их баярлалаа.
Т.Мөнхжаргал