Японы нийслэл Токио хотын Шибуяад байдаг Хачико нохонй хөшөөний түүхийг мэдэхгүй хүн ховор байх. Хачикогийн эзэн профессор Үэно метрогоор ажилдаа явах үед түүний Хачико нэрт нохой нь метроны Шибуяа буудал дээр үдэн, ажлаас буухад нь тосдог байжээ. Гэсэн ч 1925 оны тавдугаар сарын 21-нд профессор Үэно ажил дээрээ нас баржээ. Үэног нас барсны дараа төрөл төрөгсөд нь нохойг Токиогийн зүүн хэсэгт аваачсан ч хотын нөгөө захад байдаг гэр рүүгээ Хачико байнга гүйчихдэг байжээ. Ингээд нохойг профессорын цэцэрлэгч байсан хүнд өгсөн байна. Гэсэн ч Хачико өглөө бүр хуучин гэрийнхээ гадаа очиж, дараа нь эзнийгээ үддэг байсан метроны өртөө рүү явдаг байлаа. Энэ тухай Японы “Ашахи Шимбүн” сонинд 1932 онд нийтлэгдсэнийг олж уншсан уран барималч Тэрү Андо Хачикогийн дүрс бүхий хүрэл баримлыг Шибуяа өртөөн дээр байрлуулсан юм. Үүнээс жилийн дараа буюу 1935 онд Хачико эзнээ хүлээдэг байсан Шибуяа өртөөн дээр нас барсан юм. Хачико 11 насласан бөгөөд үүнийхээ есөн жилийг эзнээ хүлээн өнгөрүүлсэн байна.
Хүн бүрийн мэддэг энэхүү түүхийг дахин сөхөх болсон шалтгаан нь ОХУ-ын баруун өмнөд Сибирийн Кемерово хотын яаралтай тусламжийн эмнэлгийн үүдийг зургаан сарын турш сахиж байгаа нохойтой холбоотой билээ.
Энэхүү нохойн эзэн нь ковидын халдвар аван энэ эмнэлэгт ирсэн бөгөөд өвчин хүндэрч амиа алдсан юм байна. Эзнээ даган эмнэлгийн үүдэнд ирсэн тэр цагаасаа хойш энэ нохой эзнээ зургаан сарын турш хүлээж байгаа юм. Хотын иргэд тус нохойг “Кемеровогийн Хачико” гэж нэрлэсэн бөгөөд, өдөр бүр хооллож халамжилж байгаа аж. Баруун Сибирийн энэ хотод өвлийн хамгийн хүйтэн өдрүүд энэ цаг үед давхцаж байгаа бөгөөд амьтан хамгаалах сайн дурын нийгэмлэгийнхэн нохойг авч явж асрах гэсэн боловч буцаад эмнэлгийн үүдэнд хүрээд ирсэн аж. Нас барсан эзнээ хүлээж байгаа Кемеровогийн нохойны талаарх мэдээлэл ОХУ-ын Россия 1 сувгаар гарснаас хойш нийгмийн сүлжээнд энэ нохойны түүх маш олон хандалт авч байгаа юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)