“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам тун удахгүй эхэлнэ. Манай улсаас цанын спортоор хоёр тамирчин олимпд оролцох эрхээ аваад буй. Тэд бол эрэгтэй цаначин ОУХМ Б.Ачбадрах, эмэгтэй цаначин ОУХМ А.Энхтуул нар. Энэ удаа бид Монголын Үндэсний шигшээ багийн цаначин, ОУХМ Б.Ачбадрахыг уншигч Тантай уулзуулж байна. Б.Ачбадрах 2018 оны Пёнчаны өвлийн олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан билээ.
-Монгол Улсаа төлөөлөн хоёр дахь олимпдоо оролцох гэж байгаа Танд юуны өмнө баяр хүргэе.
-Баярлалаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батмөнхийн Ачбадрах гэдэг. Өвөрхангай аймагт төрж өссөн. Мөн арван жилээ аймагтаа төгссөн. Гүйлтийн цанын спортын тамирчин.
-Гүйлтийн цанын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ? Яагаад энэ спортыг сонирхох болов?
-2007 оноос эхэлж хичээллэсэн. Тухайн үед 13, 14 настай байсан гэхээр 15 жил энэ спортоор хичээллэж байна. Манай аймагт цанын спортоор хүмүүс их хичээллэдэг. Хажуу айлын ах цанаар хичээллэдэг байсан нь надад их нөлөөлсөн. Тэгээд л хүүхэд учир тэр ахыг дагаж гүйж, очиж гулгахыг нь хардаг байлаа. Сүүлдээ нэг цана аваад энэ спорт руу орсон доо.
-2018 оны өвлийн олимпод оролцох эрхээ хэрхэн авч байсан бэ?
-2018 онд Пёнчаны өвлийн олимп миний анхны олимп. Олимпод оролцох зорилго тавьсан учир уралдаан тэмцээнүүдэд их ордог байлаа. Тэгээд 2017 онд болсон Финландын Б зэрэглэлийн улсын аваргад гуравдугаар байрт орсон юм. Мөн 2017 оны намар Олон улсын цанын холбооноос зарлагдсан уралдаан тэмцээнүүдэд Финландад очиж оролцсон. Ийнхүү уралдаан тэмцээнүүддээ амжилттай оролцож тухайн өвлийн олимпын эрхээ авч байлаа.
-Бээжийнгийн олимпын бэлтгэлээ хаана хийсэн бэ?
-Швейцарьт бэлтгэлээ хийж байгаад саяхан Монголдоо ирсэн.
-Ямар хугацаанд бэлтгэлээ базаав?
-Бид зуны бэлтгэлээ Швейцарт эхэлсэн. Наймдугаар сараас эхлээд бэлтгэлээ хийсэн. Тэгээд есдүгээр сарын дундуур Монголдоо ирээд арваннэгдүгээр сард буцаад явсан. Ирж очин байсан гэх үү дээ.
-Монголд бэлтгэлээ хаана хийдэг юм бэ? Бэлтгэл хийх зориулалтын газар байдаг уу?
-Зуны нөхцөлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Oxy gym” фитнесс, Кино үйлдвэрт байдаг фитнесст бэлтгэлээ хийдэг. Харин уулын гүйлтийн бэлтгэлээ Зайсан, Их тэнгэрийн амд очиж хийдэг. Манайд бэлтгэл хийхэд боломжгүй зүйл байхгүй л дээ.
-Өвлийн хүйтэнд гадаа бэлтгэлээ хийхээс эхлээд хэцүү зүйлс их байдаг байх. Таны хувьд энэ спортын хэцүү зүйл нь юу вэ?
-Бүх спорт л хүн бүрт хүнд хэцүү санагддаг байх. Харин ингэж бэрхшээл гэж бодолгүйгээр аз жаргалтайгаар хүлээж авбал амжилтад хүрдэг гэж би боддог. Цанын спорт бол хүнийг эрүүл чийрэг, өв тэгш биеийн хөгжилтэй болгодог. Мөн спортоор хичээллэсэн хүний зан харилцаа маш өөр болдог доо. Хүлээцтэй, тэвчээртэй, багаар ажиллаж чаддаг гээд спортоор хичээллэдэг хүнд давуу тал болон байдаг.
-Таныг энэ спортод анх хөтлөн оруулсан багш тань хэн бэ. Анх ямар багшийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж байсан бэ?
-Өвөрхангай аймагт Г.Баярдэлгэр багшийн удирдлагад анх бэлтгэлээ хийж эхэлсэн. Харин одоогоор зуны улиралд пара гүйлт тэмцээний дасгалжуулагч Ж.Дашдондов багшийн удирдлагад бэлтгэлээ хийдэг. Мөн энэ жилээс Швейцар багш Маркогийн удирдлагад бэлтгэлээ хийж байгаа.
-Олимпын дасгалжуулагч багшаар хэн явах вэ?
-Б.Энх-Амгалан багштай хамт явахаар бэлтгэлээ хийж байгаа.
-Өвлийн олимпод манайхан цагаан хуудсаар ордог гэдэг ойлголттой байдаг. Харин таны хувьд өөрөө босго оноогоо давж эрхээ авсан. Таны оноо хэд байсан бэ?
-98,94 оноо авч босго оноог давсан. Олимпын эрхээ хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцож авсан.
-Тухайлбал?
- Хоёр жилийн өмнө Германд болсон Дэлхийн аваргад Б зэрэглэлд наймдугаарт ороод олон улсын цанын холбооноос зарласан босго оноог давсан. Мөн энэ зун Швейцарт Олон улсын уралдаануудад орсон байгаа. Өвөл нь 14 хоног цасан дээр гараад анхны уралдаан болох Швейцарын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Ингэхдээ 98 оноо аваад дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авсан даа. Ийнхүү дэлхийн цомын тэмцээнд оролцоод 108 тамирчнаас 87-р байрт орсон. Дараа нь Австрид болсон тивийн тэмцээн, дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон. Хамгийн сүүлд Швейцарь улсад болсон марафон тэмцээнд оролцоод байна. Энэ тэмцээний элит төрөлд оролцоод гуравдугаар байрт шалгарсан. Олимпын эрхээ ч авсан.
-Та гэр бүлийнхнээ танилцуулна уу. Таны эхнэр, төрсөн дүү гээд цанын спортоор хичээллэдэг байсан юм билээ?
-Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань 2007 оноос анх цанын спортоор хичээллэж эхэлсэн. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан сайн цаначин. Мөн төрсөн дүү маань энэ спортоор хичээллэдэг. Өнгөрсөн онд ОХУ-д оюутны аварга шалгаруулах тэмээнд оролцсон. Харин одоо армийн хүн болоод ажиллагаанд явсан.
-Дүүгийн тань хувьд та нөлөөлсөн байх ?
-Тэгэлгүй яах вэ, нөлөөлсөн гэж боддог.
-Таны уралдаж байсан хамгийн хол зай хэдэн километрийн зай байсан бэ? Хэд хэдэн километрт уралддаг юм бэ?
-Манайд замын хамгийн урт нь 50 км байдаг. 50км-ээс доошоо 30 км, 20 км, 15 км, 10 км тэгээд 1500 м гэж бий. Хамгийн бага нь спринт уралдаан 1500 метрт уралддаг. Харин Олимпын гараанууд 1500 метрээс 50 км хүртэл уралддаг. Эрэгтэй уралдаан 1500 м, 15 км, 30 км, 50 км гэсэн зайтай байдаг.
-Олимпын бэлтгэлээ хангалттай хийж чадсан уу? Хэр сайн хангасан гэж бодож байна вэ?
-Энэ жил гадаадад Олон улсын зам талбай дээр бэлтгэлээ хийсэн учир чамгүй сайн хангаад ирсэн. Харин одоо Монголдоо Скай ресорт цанын бааз дээр бэлтгэлээ хийж эхэлж байна.
-Олимпын уралдаан хэдэнд болох юм бэ?
-Олимп хоёрдугаар сарын 5-нд эхэлнэ. Би хоёрдугаар сарын 8-нд уралдана. Мөн хоёрдугаар сарын 11-нд сонгомол зайнд уралдана.
-Ярилцсанд баярлалаа, Олимпын наадамд амжилттай оролцохыг хүсье.
-Баярлалаа, та бүхэнд. Мөн тусалж дэмждэг баг хамт олон, эмч, дасгалжуулагч, хилийн 0208 дугаар тусгай салбар, Биеийн тамир спортын холбоо, Монголын үндэсний олимпын хороо, Монголын ард иргэддээ бүгдэд нь баярлалаа гэж хэлье.
Д.Батчулуун