3X3 "U21" насны шигшээ багийн тамирчин, “Тэнүүн-Өлзий Металл” багийн холбон тоглогч Баярсайханы Энхсайхантай ярилцлаа. Тэрээр багаасаа сагсан бөмбөгтэй амьдралаа холбогдож, мөрөөдлөө биелүүлж яваа залуу тоглогч юм.
-Хэдэн настайдаа анх сагсан бөмбөгөөр хичээллэсэн бэ? Анхны багш нь хэн гэж хүн байв?
-Ерөнхий боловсролын “Ирээдүй цогцолбор” сургуулийн биеийн тамирын багш, сагсан бөмбөгийн дасгалжуулагч Д.Лхагва багшийн бэлтгэлд гуравдугаар ангиасаа эхэлж хичээллэсэн. Багш маань өсвөрийн улсын аваргад хүүхдүүдээ тогтмол бэлтгэдэг. Сургуулийн заалнаас миний анхны сагсан бөмбөгийн гараа эхэлсэн.
-“Тэнүүн-Өлзий Металл” багт тоглоод хэр удаж байна вэ?
-12 дугаар ангиасаа эхлээд гурван жил дээд лигт “Тэнүүн-Өлзий” багаас тоглосон. Багаасаа хэсэг завсарлага авч 3х3 төрлөөр тоглож байгаад эргээд багтаа тоглож байна.
-3х3, 5х5 төрлүүд холбон тоглогчын хувьд ямар ялгаатай юу?
-3х3 12 секунд довтолдог учир хурдан темптэй, ачаалалтай тоглодгоос гадна өндөр нуруутай тоглогчид тоглоход тохиромжтой. Харин 5х5-д холбон тоглогчын хувьд илүү үүрэгтэй.
-Өдөрт бэлтгэлдээ хэдэн цаг зарцуулж байна?
-Өдөрт 2-3 цаг заалны бэлтгэл хийдэг. Түүнээс гадна биеэ хөгжүүлэх зорилгоор фитнесээр хичээллэх, төмөр өргөх зэргээр тусдаа хичээллэдэг. Бэлтгэлээ таслахгүй байх нь маш чухал. Нэг бэлтгэлд очоогүй бол тоглолтонд нэг зүйл дутуу юм шиг мэдрэмж төрдөг. Нэг өдрийн бэлтгэл таславал үзүүлэх амжилтаас хасагдаж байдаг гэж манай сэтгэлзүйч Золзаяа эгч маань хэлдэг.
-Санаанаас гардаггүй тэмцээн бий юү? Хаанаас зохиогдсон ямар тэмцээн байв?
-ОХУ-д зохион байгуулагдсан Кес баскет тэмцээн санаанаас гардаггүй юм. Тухайн үедээ 13 настай хүүхэд ах нарыгаа дагаад тэмцээнд явж байлаа. Зооны тоглолтын үеэр нүдээ сэтлүүлсэнээ мартдаггүй юм. Жаахан байсан болохоор уйлж байснаа мартдаггүй юм. Тэр тэмцээнээс хүрэл медальтай эх орондоо ирсэн. Тийм ч учраас энэ медалиандаа хайртай.
-Гадаадын ямар тэмцээнүүдэд оролцож байв? Туршлага судлаад тоглолтоор явахад юу бодогдох юм?
-Хамгийн анх 2013, 2014 онд 5х5 төрлөөр АНУ-ын Охайо мужид зохиогдсон “Continental cup” тэмцээнд оролцсон. 19 настайдаа Австри явж тоглосон, 2015, 2016 онд ОХУ-руу “Кес Баскет”-аар явж байсан. Эргээд харж байхад шинжлэх ухаан талаасаа туршлага судлах ёстой юм байна гэж бодогдсон. Миний хувьд нуруу намтай тоглогч. Гэсэн хэдий ч гадны өндөр тоглогчидтой тоглоход хурд, хүчээр илүү байдаг. Манай улс шинжлэх ухааны судалгаа талаараа гадны улсаас дутмаг. Жишээлбэл гадаадын баг тамирчид тоглолтын дараа булчингаа амраахын тулд мөстэй усанд хэвтдэг ч юм уу. Харин бид бэлтгэлийн өмнө болон дараа сунгалтаа хийгээд л болчихдог
-Танай багаас хамгийн түшигтэй тоглогч нь хэн бэ?
-Ах нар маань бүгд л бие биендээ их түшигтэй байдаг. Багийн ахлагч Д.Дэлгэрням ах маань бэртэл гэмтлээс хол байгаарай, сайн унтаж амраад хоолоо сайн идээрэй, сайн тоглох тусам улам даруу байгаарай гэх мэт багынхандаа үргэлж анхаарал тавьдаг.
-Багадаа ямар мөрөөдөлтэй байсан бэ? Тэр мөрөөдлөө биелүүлсэн үү?
-Багадаа ядаж сэлгээнд нь суух юмсан гэж мөрөөддөг байсан. Харин хэд хэдэн тоглолтонд амжилт үзүүлэхийн хэрээр бодол маань тэлж талбайд гарч тоглохыг хүсдэг болсон. Энэ мөрөөдлүүд маань биелэсэн. Багадаа үздэг байсан тамирчидтайгаа нэг талбайд гарч эсрэг багаас тоглоход сайхан байлаа.
-“Тэнүүн-Өлзий Металл” багын 15 тоглогчоос гадна арын албанд хэчнээн хүн ажилладаг вэ?
-Талбайн тоглогчдоос гадна 25-27 хүн байдаг. Тэд маань байхгүй бол бидний амжилт байхгүй гэж боддог.
-Сагсан бөмбөгчдийн хамгийн их сонирхол татдаг тэмцээн бол яах аргагүй “Бүх оддыг тоглолт”. Энэ тэмцээнд орох бодол бий юу?
-Дотроо бодсон горьдлого байгаа.
-Гэрийхэн нь сагсан бөмбөг тоглохыг хэр дэмждэг вэ?
-Гэрийхэн маань бүгдээрээ маш сайн арыг минь дааж, дэмждэг. Аав минь воллейболын спортын мастер Баярсайхан гэж хүн байдаг. Тиймдээ ч тоглолт бүрийн ард ярилцаж, зөвлөдөг дасгалжуулагч минь болдог. Дээрээ нэг эгчтэй, эгчтэйгээ найзууд шиг өссөн болохоор намайг хамгийн сайн дэмждэг. Заримдаа ээж аав хоёроос илүү бүхий л үед хажууд байдаг.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Дээд лигийн тэмцээнд нь амжилт хүсье.
Т.Мөнхжаргал