“Боловсрол” телевизээр “Дятловын даваа” хэмээх ОХУ-ын уран сайхны кино гарч буй. Энэхүү киног бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд Дятловын давааны энэхүү ослын нууцыг өдгөө ч бүрэн тайлаагүй, янз бүрийн таамаглалууд дэвшүүлдэг. Туршлагатай аялагч, цаначин 23 настай Игорь Дятловоор ахлуулсан Уралын политехникийн сургуулийн арван оюутан 1959 оны нэгдүгээр сарын 27-нд цанын аяллаа эхлүүлсэн байдаг юм. Нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар аяллаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсноор багийн есөн гишүүн Уралын нурууны зүүн хойд хэсэгт орших Холят Сяхл уулыг зорьжээ. Холят Сяхл гэдэг нь нутгийн хэллэгээр Үхлийн уул гэсэн утгатай үг аж. Энэ уулыг зорьсон Дятловын багийн есөн гишүүн 1959 оны хоёрдугаар сарын 1-нээс холбоо тасарсан бөгөөд тэднийг эрэн хайх, аврах ажиллагаа эхлүүлснээс хэд хоногийн дараа хоёрдугаар сарын 26-нд Дятловын майхныг олсон юм. Майхан хоёр хуваагдсан байсан бөгөөд шинжилгээний явцад дотроос нь хутгаар зүссэн нь хожим тодорхой болсон юм. Майхны гаднаас есөн аялагчийн мөр олдсон бөгөөд тэдний зарим нь гуталтай, зарим нь оймстой, зарим нь бүр хөл нүцгэн гарсан нь мөрүүдийн шинжилгээгээр тодорхой байдаг.
Эрэн хайх, аврах багийнхан эхлээд таван аялагчийн цогцосыг олсон бөгөөд эдгээрээс ямар нэгэн гаднын нөлөөнд нас барсан гэх шинж тэмдэг илрээгүй гэдэг. Харин сүүлд олдсон дөрвөн аялагчийн цогцос маш их гэмтэл, бэртэл авсан байсан нь анхаарал татдаг. Автомашины ослын үед ч тийм хэмжээний гэмтэл авах боломжгүй гэж судлаачид үздэг бөгөөд энэ ууланд үрэгдсэн есөн аялагчийн үхлийн шалтгааныг өдгөө ч янз бүрээр тайлбарладаг. Цасны нуранги, харь гарагийнхан, алмаас, тагнуулуудын дайралт зэргээс осолдсон гэсэн олон янзын тайлбар байдаг ч энэ бүхний нэг нь ч баттай нотлогдоогүй юм. Дэлхийн тайлагдаагүй нууцуудын нэг болсон уг ослын талаархи уран сайхны кино Монголын үзэгчдэд хүрч байгаа энэ үед Игорь Дятловын багийнхны хамгийн сүүлд авахуулсан гэрэл зургуудыг уншигч Танд толилуулъя. Энэ зураг нь багийн гишүүн Юри Кривонишенкогийн “Зоркий” гэрэл зургийн аппаратад буусан юм.
Сэтгэгдэл (3)