Сагсан бөмбөгийн спортын мастер. “Тэнүүн-Өлзий Металл” багийн хамгаалан тоглогч Отгонбаярын Сайнбаяртай ярилцлаа.
-“Тэнүүн-Өлзий Металл” багийн хамгаалан тоглогчоор хэзээнээс тоглож эхэлсэн бэ. Энэ багт хэдэн онд нэгдсэн бэ?
-2018 оноос эхлэн энэ багтаа нэгдсэн.
-Багаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн үү? Эсвэл өөр спортоор хичээллэдэг байв уу?
-Анх наймдугаар ангидаа бүтэн нэг жил жудогоор хичээллэсэн. Нагац ах маань анх сагсан бөмбөг зааж өгсөн. Өглөө хүмүүс сэрэхээс өмнө надад хоёр алхамт зааж өгдөг байлаа. Бид хоёр зуны гурван сар үүрээр бэлтгэл хийсэн. Тэгээд Д.Лхагваа багшийн секцэд явж бэлтгэл сургуулилтад хамрагдсан. Оюутан болтлоо Д.Лхагваа багшийн удирдлагад тэмцээнүүдэд оролцсон. Их сургуульд ороод “Орчлон”-гийн А.Урангоо багшийн удирдлагад хичээллэсэн дээ.
-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлснээс хойш таны сэтгэлд хамгийн тод үлдсэн тэмцээн гэвэл ямар тэмцээнийг онцлох вэ?
-2019 оны 21 аймгийн лигийн тэмцээнээр манай баг шилдэг дөрөвт үлдсэн. Хүрэл медалийн төлөөх тоглолт дээр манай багийн легионер тоглогч гурваас баазер хийснээр манай баг хожиж, хүрэл медаль авсан. Тэр л хамгийн үнэ цэнэтэй хожил байсан даа. Анх лигт ороод авч байсан хожил учир мартагддаггүй.
-Оюутан байхдаа оюутны лигт тоглож байсан уу?
-“Орчлон” сургуулиас бүх улсын аварга, тэмцээнд оролцож байсан. Оюутны лигт тоглож байгаагүй. Л.Эрдэнэпүрэв багш дээр бэлтгэл хийж байгаад хичээл сургуулиа бодъё гээд больж байсан.
-Таны хувьд АНУ-д лигийн бус цагаар бэлтгэл хийж байсан юм билээ. Монголд бэлтгэл хийх, Америкт бэлтгэл хийх хоёр ялгаатай юу?
-Америкт сагс тоглох гэж очсон. Агаарын даралт, хоол хүнснээс эхлээд ялгаатай. Эхний хоёр гурван сар ачаалал их авдаг.
-Америкт очоод лигт тоглоно гэж боддог байсан уу?
-Би америкт очоод лигт орно гэж боддоггүй байсан юм. Сургуулийн хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийж, NBA-ийн тоглолт үздэг байлаа. Тэгээд л сагсны соёл, тамирчны сахилга бат зэргийг бүгдийг нь сурсан. Тухайн үед эндээ барахгүй бол Монголынхоо лигт тоглоно доо гэдэг шийдэлд хүрч байсан.
-Америк дахь Монголчуудын тэмцээн хэр болдог вэ? Монголд тоглодог байсан залуучууд тоглож байгаа харагддаг. Тэдгээр хүмүүстэй тоглох ямар байдаг вэ?
-Тэнд тоглодог залуучууд чөлөөт цагаараа байнга бэлтгэлээ хийдэг учир сайн тоглогч нар байдаг. Мөн чамгүй олон лигийн тоглогч бий. Тэмцээн болоход 15-20 автобус ирдэг. NBA-ийн аялан тоглолт шиг өргөн цар хүрээтэй болдог.
-Та тэнд хэр амжилттай тоглосон бэ?
-Хоёр удаа тухайн тэмцээнд оролцсон. Эхний тэмцээн дээр аваргын төлөө тоглохдоо гэмтэл аваад мөнгөн медаль авч байлаа. Чикагогийн 3х3, 5х5 тэмцээнүүдэд түрүүлдэг байсан.
-Америкт бэлтгэл хийхдээ дасгалжуулагчтай хийдэг байсан уу? Монгол дасгалжуулагчтай бэлтгэл хийхээс хэр ялгаатай вэ?
-Америк бол сагсан бөмбөгийн орон шүү дээ. Америкчууд практик, онол хоёр нь хоёулаа хосолдог. Тамирчдыг яаж гүйлгэх үү, юу идүүлэх үү, хэдэн цагт босгох уу, энэ хүнийг юун дээр ашиглах уу зэрэг нь системтэй байдаг. Энэ нь их таалагддаг. Тэр систем Монголын системд таардаггүй. Хоёр улсын сагсан бөмбөгийн соёл өөр учраас заримдаа уналт, сэргэлт гэдэг зүйлс тохиолддог.
-Америкт бэлтгэл хийх хугацаандаа NCA, NBA-гийн тоглогч нартай хамт бэлтгэл хийх, нэг зааланд тоглох тохиолдол байсан уу?
-Байсан. Тэмцээнгүй, улирлын амралтын үеэр том заалнуудад NCA-гийн тамирчидтай уулзсан. Мөн NBA-ийн тамирчидтай хамт тоглож, зураг хөргөө даруулж байсан. Тэр хүмүүсээс урам авч, бүр их хөдөлмөрлөхийг хичээх болсон доо.
-Дээд лигт тоглох мэдрэмжээсээ хуваалцахгүй юу? Таны хувьд дээд лигт анхны жил тоглож байна шүү дээ.
- Ордонд нэрээ дуудуулаад тоглох хамгийн гоё мэдрэмж байсан. Тоглох бол яахав талбайд гараад тоглоно. Харин багадаа үздэг байсан хүмүүсийнхээ эсрэг нэрээ дуудуулаад талбайд гарах хамгийн гоё мэдрэмж юм билээ.
-Хувь тоглогчийн хувьд багийн бусад тамирчдаас өөрийнхөө ялгарах онцлогийг юу гэж харж байна вэ?
-Багийн ахлах дасгалжуулагч Б.Ганхүлэг миний үүргийг хэлсэн. Хамгаалалт дээр ажиллаж байгаа. Тухайлбал, багийн сайн тоглож байгаа тамирчныг 1х1 хамгаалах ч юм уу, бүтэн дагах ч юм уу тийм зүйл дээр ашиглана гэж хэлсэн байгаа.
-Таны давуу тал хамгаалах юм байна шүү дээ. Хамгаалалт гэдэг утга дээр танд байгалиас заяасан өгөгдөл байна уу? Эсвэл өөртөө суулгасан систем бий юу? Энэ тухай хуваалцахгүй юу?
- Би анх оноо авч дайрч тоглодог байсан. Харин дээд лигт тоглоод хамгаалж тоглох давуу талтайгаа ойлгосон. Тухайлбал, шилжилт хөдөлгөөн, биеийн бүтэц, хамгаалалт дээр сийрэг толгой ажилладаг ч гэдэг юм уу тийм давуу талтай юм билээ.
-Таны хувьд NBA-гийн тоглогчдоос үлгэр дууриалал авдаг, тоглолтыг нь үздэг тамирчин хэн бэ?
-Би өмнө нь 12 номертой тоглодог байсан. Сүүлийн дөрвөн жил 2 номертой тоглож байгаа. Кавай Леонардыг дэмждэг учир түүний номероор тоглох болсон. Тэр хүнийг л дагаж дуурайж, үлгэр дууриалал авдаг даа.
-Монголын лигээс тоглож үзэхийг хүсэж буй тоглогч бий юү?
-21 аймгийн лигээс тоглож байгаагүй хүн бол Б.Билгүүн ах. Б.Билгүүн ахтай тоглож үзэх бодолтой байгаа. Түүний эсрэг тоглохдоо бүх тоглолтыг нь үзээд анализ хийж, биеийн онцлогоо ашиглана гэж боддог.
-Дээд лигт Г.Билгүүн хамгийн сайн хамгаалдаг гэж яригдаж байгаа шүү дээ. Таны хувьд улирлын турш түүнтэй тоглож үзлээ. Түүний хамгаалалт таны хамгаалалтаас юугаараа илүү, мөн дутуу гэж бодож байна вэ?
- Г.Билгүүний хувьд сүүлийн хоёр жил лигийн аварга болсон шүү дээ. Туршлагаараа илүү байх гэж боддог. Өөр зүйл бодогдохгүй байна.
-“Тэнүүн-Өлзий Металл” багийг яагаад сонгож тоглох болсон юм бэ?
-Би Америкт байхдаа Д.Лхагваа багштай ярилцаад энэ багт тоглох болсон. Тухайлбал, 2018 онд Д.Буян-Өлзий гээд ах лигийн багтай болж байгаа гэнэ. Чи хүрээд ирээ гээд “Тэнүүн-Өлзий Металл” багт орох болсон. Мөн Д.Лхагваа багшийн ихэнх шавь нар энд багт бий. Энэ залуучууддаа хорогддог байх гэж боддог. Энэ завшааныг ашиглаад “Тэнүүн-Өлзий Металл” багийн эзэн Д.Буян-Өлзий ах, арын албаны бүх хүмүүс гээд тусалж дэмждэг хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Бид нар их давуу талтай. Заал, саун, фитнестэй. Миний хувьд яг америкт байгаа юм шиг л бэлтгэлээ хийж байгаа.
-“Тэнүүн-Өлзий Металл” багийн энэ улирлын зорилго юу вэ?
-Манай дасгалжуулагч хэлэхдээ “Би оролцсон тэмцээн болгондоо аваргын төлөө тоглоно” гэж хэлдэг. Түүний үгнээс их урам авч байгаа. Бид ч мөн аваргын төлөө тоглох зорилготой тоглодог. Бид нар 15-уулаа. Манай дасгалжуулагч хэн нь хэрэгтэй үед хэрхэн ашиглахаа сайн мэддэг. Миний хувьд заримдаа хөзрийн тамга шиг л нуудаг тийм системтэй байгаад байгаа.
-Энэ дээд лигийн онцлог цэвэр төвийн тоглогч багатай лиг болж байна. Цэвэр төвийн тоглогч, 3х3 шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрнямтай хамт тоглох ямар байна вэ? Тэр хүнээс юуг нь суръя гэж боддог вэ?
- Дэк ахын хувийн сахилга бат маш их таалагддаг. Хэлж байгаа нь, бэлтгэлээ хийж байгаа нь гээд хэлсэн үг бүр нь үнэ цэнэтэй санагддаг. Үзэж өссөн хүнтэйгээ тоглох мэдрэмж гоё байсан. Бид хоёр нэг багт тоглоод дөрвөн жил болж байна. Эхний жил эвгүй байдаг байлаа. Одоо бол ах дүү, багийн хамрагч болсон. Хааяа загнуулна, урмын үг сонсоно.
-Таны хувьд Монголын дээд төвшний гэдэг тамирчдаас тоглоход хамгийн хэцүү санагддаг тамирчин хэн бэ?
-Б.Билгүүн ахтай тоглож үзээгүй учир энэ хүнтэй тоглохыг хүсэж байна.
-Таныг эсрэг багийнхаа хамгийн өндөр оноо авч буй хүмүүсийг хамгаалдаг тоглогч гэж хэлж болох уу?
-Тэр л миний үндсэн ажил болчхоод байгаа. Тухайн хүнээ суулгаж л байвал миний хийх зүйл болно. Үлдсэнийг нь манай багийнхан хийчихнэ. Мөн манай багийн хувьд сэлгээний тоглогчид бие биенийгээ нөхөөд авч явах бүрэн чадвартай тоглогчид бий.
-Энэ дээд лигийн онцлог нь 2022 оны Азийн наадамд оролцох байгаа. Таны хувьд өөрийнхөө амбицаар улсын шигшээд дуудагдах магадлалтай гэх бодол бий юу?
-Энэ талаар бодож байгаагүй юм байна. Лигийн тоглолт адал явдлаар дүүрэн байдаг. Тоглолтууддаа өөрийнхөө давуу талыг харуулна гэж бодож байна. Хамгаалалтаараа гараад ирвэл сайхан байна.
-Лигийн тамирчдыг харахад янз бүр байна л даа. О.Сэргэлэнгийг харахад атлетик, Д.Дэлгэрнямыг харахад унаган бяртай зэрэг. Харин О.Сайнаагийн бие физиологийн хувьд онцлог, ялгагдах зүйл юу байна вэ? Хүчний бэлтгэлээ зөвлөхтэй хийж байна уу?
-Би Монголд хувийн дасгалжуулагчтай байгаагүй. Биеийн атлетик чанарыг авч явж байгаа зүйл нь нөхөн сэргээлт байдаг. Заримдаа бясалгал, заримдаа йог хийдэг. Мөн хүчний бэлтгэл хийхээсээ илүү их гүйдэг. Ингэснээр жижиг булчингуудаа хөгжүүлж чаддаг. Ер нь бол америк хүн шиг л байдаг даа.
-Тантай адил дээд лигт орох сонирхолтой хүүхэд залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тамирчдад йог хийхийг зөвлөмөөр байна. Йог уян чанартай, гэмтэл бага авдаг. Залуу үеийн хүүхдүүд сагсаа тоглочхоод, сунгалтаа сайн хийгээд, нэмэлтээр йогт яваасай гэж хүсдэг. Йогт явах боломжгүй бол гэртээ йогийн матт аваад йог хийдэг байгаасай. Мөн би тоглохынхоо хажуугаар спортын шинжлэх ухааны бизнес салбар руу орж байгаа. Үүнийгээ цаашдаа хөгжүүлж үеийн залуучууд, ах, дүү нартаа үлгэр жишээ болж ажиллана гэж бодож байна. Миний амьдрал спорттой салшгүй холбоотой. Спорт шиг хөдөлмөрлөж, спорт шиг тэмцэж явдаг даа.
-Ярилцсанд баярлалаа. Дээд лигийн аварга болоорой гэж хүсье
-Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.
Д.Батчулуун