3Х3 сагсан бөмбөгийн “U-23” шигшээ багийн тамирчин, “Эрдэнэтийн Уурхайчид” багийн холбон тоглогч Ганцолмонгийн Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
- Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Эрдэнэт хотоос сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Анх Наранбаатар багшийн удирдлагад манай багийн Энхтайван ах бид хоёр хичээллэж байлаа. Мөн Ш.Сэдбазар багш, одоо манай багийн туслах зөвлөхөөр ажиллаж байгаа Б.Ганзориг багш, Ховд Шонхоруудын Б.Давааням багш, Дарханы Д.Гүржав багш, Багануурын Үүрээ багш зэрэг олон багш, дасгалжуулагчийн удирдлагад хичээллэж байсан. Эдгээр багш дасгалжуулагч нараасаа сурах зүйлээ сураад хөгжиж буй залуу тоглогч гэж өөрийгөө боддог. Одоо С.Тулга багшийн удирдлагад тоглож байна.
-Хэдэн онд төрсөн бэ?
-2000 оных.
-Танай үеийнхэн Дээд лигт олуулаа байгаа байх аа.
-Манай М.Өлзий-Орших, Б.Сүхбат бид хэд нэг үе. Баг бүрд манай үеийн тоглогч олон бий.
-Хэдэн настайгаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн бэ? Энэ спортоор хичээллэх болсон шалтгаан тань юу вэ?
-Би 13,14 настайгаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Эрдэнэтэд атаман болох, интернет тоглоом тоглох, сагс тоглох гэсэн гурван сонголт л байсан. Интернет тоглоом тоглохоор мөнгө их үрэгддэг. Тиймээс сүүлдээ гадаа сагс тоглодог болсон. Тухайн үед Наранбаатар багштайгаа танилцаад сагсан бөмбөгт дурласан. Дөнгөж тоглож эхэлж байхдаа их хожигдоно оо. Тэгээд “яагаад хожиж болдоггүй юм” гэх хор шар хөдлөөд хожихын төлөө хичээдэг болсон. Түүнээс үүдээд сагсан бөмбөгийн спорт руу гүнзгий орсон гэж боддог.
-Сагсан бөмбөгийн спортоос өөр спортоор хичээллэдэг байсан уу?
-Багадаа Цэнгээнт бүжгээр хичээллэдэг байсан. Мөн жүдогоор хичээллэдэг байлаа. Манайх бөхийн удамтай. Гэрийнхэн маань намайг бөх болгоно гэдэг байсан. Жүдогоор хэсэг хугацаанд хичээллэсэн, дараа нь сагсан бөмбөгөө хөөсөн дөө.
-Оюутан болоод аль сургуульд суралцсан бэ?
-Анх “Отгонтэнгэр” их сургуульд элсэн орсон. Харин одоо “Сити” их сургуульд Санхүү, менежментийн чиглэлээр суралцаж байгаа.
-Оюутны лигт хэдэн жил тоглосон бэ? Тухайн үеийн амжилтаасаа хуваалцаач?
-Оюутны лигт хоёр жил тоглосон. Нэг удаа Бүх оддын тоглолтын тоглогчоор сонгогдож байсан. Шилдэг наймд хоёр удаа үлдэж байлаа.
-3х3 төрлөөр хэдэн оноос хичээллэж эхэлсэн бэ?
-2017 он шиг санагдаж байна. М.Өлзий-орших, Г.Ихбаяр, С.Дугар-Эрдэнэ бид дөрөв нэг баг болоод U18-ын аварга шалгаруулах тэмцээнд 3х3 төрлөөр анх тоглож байсан. Тухайн үед систем гэж мэдэхгүй, яг л тоглодог шигээ тоглосон. Тэгэхэд ах нарыг хожоод С.Тулга багшийн нүдэнд өртсөн юм билээ. Тэр тоглолтын дараа С.Тулга багш бидэнтэй холбогдсоноор 3х3 төрлөөр тоглох болсон.
-3х3 төрлөөр хамгийн сэтгэлд үлдсэн тоглолт тань аль тоглолт байв? Сонирхогч миний хувьд Дэлхийн аварга дээр салтаагаараа гаргаж ороод цацдаг тоглолт хамгийн дурсамжтай санагддаг.
-Хамгийн эхний Азийн аварга дээр хүрэл медаль авсан үе хамгийн амттай байсан. Олон улсын анхны медаль учир бидэнд маш том урам зориг болсон. Тэр үед би бэртэлтэй байсан. Мөн 2018 онд Аргентины Хүүхдийн олимпод багаараа оролцсон. Тэр бол миний авч байсан хамгийн гоё мэдрэмж байсан.
-U23 шигшээ багийн 3х3 төрлийн багуудаас үзэгчдийн хайр, анхаарлыг татсан багийг танай баг гэж хардаг. Тэр тусмаа Г.Ган-Эрдэнэ тоглогчийн гаргаж буй сэтгэл хөдлөл, биеэ авч явж байгаа байдал таалагддаг. Таны сэтгэл хөдлөл тухайн үеийн байдлаасаа болж байна уу, эсвэл өмнө нь бэлддэг үү? Зарим тоглогч тэрхүү сэтгэл хөдлөлөө бэлддэг гэж ярьдаг юм билээ?
-Тухайн үеийн сэтгэл хөдлөлөө л гаргадаг. Дасгалжуулагч маань бидэнд тоглолтын өмнө, тоглолтоос гараад битгий сагсан бөмбөгийн тухай бод гэж хэлдэг. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй гаргаад , дараа нь бодохоор галзуу, галзуу үйлдэл хийсэн байдаг л даа.
-3х3 төрлөөр танай баг ямар зорилго тавьж байгаа вэ?
-Бид өнгөрсөн жил тааруу тоглосон. Энэ жил амжилтаа ахиулна гэсэн зорилготой байгаа. Мөн 23 насанд маш хүчтэй орж ирнэ гэж бодож байна.
-Ойрын үед 3х3 төрлөөр бэлтгэлээ хийж байгаа юу? Зөвхөн 5х5 төрлөөр хичээллэж байна уу?
-Тэмцээнийхээ завсар зайгаар 3х3 төрлийн бэлтгэлээ хийж байгаа. 3х3 төрлийн бэлтгэл Орчлон клубд явагддаг. Мөн фитнесийн заал танхимаар хангаж өгдөг. Бид нар лигийн тоглолттой байгаа учир өдөр бүр бэлтгэлээ хийж чадахгүй байгаа.
-Нэгдсэн дээд лигт тоглох анхны сэтгэл зүй ямар байсан бэ? Сэлгээнээс нэгдсэн лигт тоглосон шүү дээ.
-Би тоглолтын өмнө бэртэлтэй байсан. Эхний тоглолт дээр үндсэн бүрэлдэхүүнд гарахыг хүсч байсан, маш их сэтгэл хөдөлж байсан. Гэсэн ч бугуй бэртэлтэй байсан учир багтаа нэмэр болохыг л бодсон.
-Одоо бол багийн үндсэн гарааны холбогчоор тоглож байгаа шүү дээ. Шинэ дасгалжуулагчийн хувьд ямар арга барилтай байна вэ? Танай багийн тоглолтод хэрхэн нийцэж байна вэ?
-Шинэ дасгалжуулагч үнэхээр сайн байгаа. Сагсан бөмбөг бол тусдаа шинжлэх ухаан гэдэг шиг тусдаа системтэй. Хурдан гүйхдээ биш зөв хөдлөх, зөв байрлалыг эзлэх чухал. Үүнийг манай Монгол тоглогчид мэддэггүй. Би жилийн өмнө АНУ-д сагсан бөмбөгөөр суралцсан. Тэгэхэд сагсан бөмбөгийн спортыг мэддэг гэж бодтол үгүй байсан даа. Дахиад л сагсан бөмбөгийн спорттой тэгээс эхлэн танилцсан даа. Тэнд сурсан зүйлээ энд ирээд хэлэхээр залуу тоглогч гэдэг утгаараа хүлээж авах нь бага. Харин дасгалжуулагч маань биднийг нэгтгэж байгаа. Мөн миний сурсан зүйлийг дасгалжуулагч ашиглуулж байгаа болохоор өөрийгөө харуулах боломж олдож байгаа.
-АНУ-д Ш.Энхийн-Од та хоёр нэг сургуульд хамт тоглодог байсан шүү дээ. Тэнд тоглох боломж хэр вэ? Гадаадын тоглогчидтой өөрсдийгөө харьцуулаад тоглоход давуу тал, сул тал юу байна вэ?
-Тэнд бүх зүйл нээлттэй. Сагсан бөмбөгийн спорт систем дээр явагддаг. АНУ-д систем дээр тохирохгүй бол хасагдана. Харин манай улсад систем дээр нийцэхгүй байсан ч тоглож болдог. Тэнд арай өөр төвшний сагсан бөмбөг байсан л даа. Жинхэнэ сагсан бөмбөг байсан. Манайх бүрэн хөгжиж амжаагүй байгаа. Хөгжлийн замдаа явж байгаа шүү дээ. Цаашдаа Ш.Энхийн-Од, Н.Батбаяр ах гээд тэд нар маань Монголдоо ирээд системд ороод явах байх гэж бодож байна.
-Цаашид 5х5 төрлөөр олон улсад гарч тоглох амбийц бий юү?
-Миний хувьд багийн бэлтгэлээс гадна хувийн бэлтгэлээ хийгээд явж байгаа. Цаашдын зорилгоо маш том тавьсан. Үүнийгээ хэлэх биш, цаг хугацаа болон хийж буй үйлдлээрээ харуулаад явна гэж боддог.
-Уурхайчид багийн хувьд Монголын сор болсон олон тамирчин бий. Энэ хүмүүстэй нэг баг болоод тоглоход ямар байна вэ?
-Ах нарынхаа тоглолтыг харж өссөн болохоор тоглолтыг мэддэг. Хамт тоглоход гоё байгаа. Аль болох хувийн амбийцаа дарж, багаараа тоглоход хоорондоо холбогдож чадаж байгаа. Сүүлийн тоглолтууд дээр харагдаж байгаа байх гэж бодож байна.
-Таны хувьд Монголын сагсчдаас үлгэр дууриалал авдаг хүн хэн бэ?
-Миний бахархал Г.Баттөр ахтай салшгүй холбоотой юм шиг санагддаг. Тэр хүний биеэ авч яваа байдал, хатуу ч гэсэн зөв үгийг хэлдэг нь таалагддаг. Мөн миний хувийн зан чанар, дайчин зан, сагсанд бүр дурласан байдал зэрэг нь төстэй санагддаг.
-“Этүгэн”-тэй тоглох үед хүндэлж явдаг хүнийхээ өмнөөс нэг байрлал дээр тоглоход ямар санагдаж байв? Сандарсан уу?
-Тэр мөчийн төлөө бэлтгэлээ хийдэг байсан. Тэр мөчид л бэлдэж байсан учраас сандраагүй. Хөгжилтэй санагдаж байсан.
-Эхээс хэдүүлээ вэ? Төрсөн дүү чинь “Завхан бродерс” багаас гарааны тоглогчоор тоглож байна. Дүүгийнхээ эсрэг тоглоход ямар байсан бэ?
-Эхээс гурвуулаа. Гурван эрэгтэй. Би айлын том. Хоёр дүү мань мөн сагсчин. Дүүгийнхээ эсрэг тоглосон тоглолтоос айж байсан. Дүүг маань надаар биш өөр хүнээр хамгаалуулсанд баярлаж байлаа. Учир нь дүү маань намайг багаасаа дагаж, хамт тоглож өссөн, миний хийдэг зүйлсийг мэдэх болохоор намайг сайн унших байхдаа гэж бэргэж байсан. Талбай дээр бол ах дүү байх нь хамаагүй, цэвэр өрсөлддөг. Бага дүү маань Эрдэнэтэд Наранбаатар багшийн удирдлага дор сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг.
-Хоёр хүү нь лигт сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байна. Үүнийг гэрийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ээж аав хоёр маань бүх арын албыг хариуцдаг. Тийм ч учраас бид гурав урагшаа хараад, ирээдүйнхээ төлөө айдасгүй алхаж чаддаг.
-Нэгдсэн дээд лигт “Уурхайчин” багийн зорилго юу вэ?
-Бид аваргын төлөө, багийнхаа төлөө тоглож байгаа. Талбай дээр байгаа минутдаа үр ашигтайгаар хөлсөө шавхан тоглохыг бид хичээж байгаа.
Бэлтгэл сургуулилтыг минь хангаж өгдөг “Орчлон” клуб, “Энержи Ресурс” ХХК гээд тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Итгэлийг нь алдахгүй хичээх болно.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
А.Болдбаатар