Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын харцага Батсүхийн Зоригтбаатартай ярилцлаа.
-Харцага сайхан өвөлжиж байна уу?
-Сайхаан. Та сайхан өвөлжиж байна уу.
-Ойрд харагдсангүй. Сонин сайхан юутай байна?
-Хөдөө гадаа яваагүй. Д.Рагчаа гарьдын удирдлага дор “Бөх билэгт” дэвжээн дээрээ бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.
-“Монгол бахархалын өдрөөс хойш барилдаагүй байх аа?
-Тийм ээ. Түүнээс хойш хоёр барилдаан өнжөөд өнөөдөр (арванхоёрдугаар сарын 4) барилдаж байна.
-Өмнөх барилдаанд харцага О.Хангай таныг гурав дээр авлаа гэхэд гайхсан уу?
-Гурвын даваанд ам авах гээд очтол О.Хангай өөдөөс харж зогссоноо “чамайг авчихсан шүү” гэж байна. Амласанд нь юм санаагүй, бас гайхаагүй ээ. Үзэгчдээ баярлуулая гэж бодсон шиг байгаа юм. Харгүй сайхан барилдаад би унасан.
-Барилдааны үеэр түүнтэй үг сольж амжсан уу?
-Юугаа ярих вэ. Сайн барилдая гэхээс өөр зүйл бодоогүй. Ер нь барилдааны үеэр шаардлагагүй бол ярих цээртэй.
-Та хоёр нэлээн ширүүн үзлээ. Амлуулахад хор шар нэлээн хөдөлсөн биз?
-Нуулгүй хэлэхэд хор шар хөдөлсөн. Гэхдээ хэмжээ, хязгаартай байх ёстой. Гол нь давахын төлөө барилдана шүү дээ.
-Жин нэмсэн шиг байна?
-Монгол бахархалын өдрийн барилдаанаас хойш жин 1-2 кг–аар нэмэгдсэн. Одоо байгаа жин 104-105 кг орчим байна.
-Од тань гийсэн 2020 оны наадмаа эргэн дурсахгүй юу?
-Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам хорионы үеэр болсон шүү дээ. Хамгийн отгон наадам. Тавын даваанд Баянхонгор аймгийн харьяат, цэргийн арслан Г.Жамбалдоржтой тунаж, начин цол хүртсэн. Сайн арслантай тунаж барилдаанд цол авсан болохоор их урамшиж цааш барилдах эрч хүч авсан. Тунах ч сайхан, бахдалтай шүү. Тавын даваанд дөрвөн аймгийн арслан нугарлаа гэхийг сонссон. Тэгээд багш учраа бөхийн маань барилдааны арга барил, мэхний онцлогийг хэлж өгсөн.
-Харцага цолны даваанд бас тунасан. Дэвжээнд гарахын ингэж барилдана даа гэсэн хүнд хэлээгүй нууц байсан уу?
-Маш тайван байлаа. Чөлөөт бөхийн алдартай тамирчин Д.Хүдэрбулга ахтайгаа сайхан барилдсан. Тэр мэх барилдааны явцад санамсаргүй байдлаар орж ирсэн. Дэвжээнд гарахын өмнө багш хэлэхдээ “нягт хүн шүү. Хөдөлгөж барилдаарай” гэж захьсан. Бэлтгэл давгүй байсан болохоор сайн барилдлаа. Дараа нь Б.Пүрэвсайхан ахтай бас тунасан. Багш нар “хий гаргахгүй, өөрийнхөө барилдааныг илүү гаргаарай” гэж байсан.
-Наадмын урд шөнө нойр сайн авч чадсан уу?
-Санаснаас сайн амарч чадсан. Эрт унтсан, нэг мэдэхэд өглөө болчихсон байна билээ.
-Тэр жилийн наадмын өмнө улсын цол авах юм шиг төсөөлөл, зөн совин татаж байх юм уу?
-Их сонин. Манай галын бөхчүүд долдугаар сарын 10-ны өглөө бэлтгэлээс бууцгаасан. Нэлээн тулгаж байсан байгаа биз. Тэгээд бэлтгэлээс буухдаа би дээд зам, багш нар доод замыг сонгож явж байлаа. Тэгсэн би замын ухагдсан хэсгийг анзааралгүй машинтайгаа гулгаад ордог юм. Нүдгүй бороо орж байсан болохоор хальтиргаа гулгаа гэж их. Машинаа гаргаж дийлэхгүй байтал аварга багш (Дархан аварга Г.Өсөхбаяр) хүрч ирээд машинаараа чирж гаргасан. Тэгээд багш “За яах вэ. Барцадаа энд үлдээлээ. Энэ жил цол ахина аа”гэж хэлсэн. Тэр ерөөл биелэж, би харцага цол авлаа.
-Таныг бөхийн замд хөтөлсөн хүнийг дархан аварга Г.Өсөхбаярын дүү Г.Батбаярыг гэх юм билээ. Энэ хүнтэй ямар ерөөлөөр учирч байв?
-2012 он. Архангай аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн өсвөр үеийнхний тэмцээнд би их сайн барилдаж түрүүлсэн. Тэр үед Г.Батбаяр багшид шавь орсон. Энэ дашрамд надад тусалж дэмждэг Монголын ард түмэн, Батцэнгэл сумынхан, “Сокол”, “Хатант интернэшнл”, “Алдар” спорт хорооны удирдлагууд, хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье ээ.
-2022 оны зорилго гэвэл?
-Цар тахал намжиж, хорио цээр багасах байлгүй дээ. Барилдаан цаг тухай бүртээ болно гэж найдаж байна. Бэлтгэлээ сайн хийгээд ирэх жилийн наадамд сайн баридана даа. Зорьсон зорилго гэвэл түрүүлэхийн төлөө барилдана.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)