Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн Омикрон хувилбараар халдварласан тохиолдол Өмнөд Африкаас гадна Израиль, Бельги, Хонконгт илрээд байсан юм. Маш хурдацтай тархдаг байж магадгүй гэж байгаа энэ хувилбар бямба гарагт Европын гурван оронд нэмж бүртгэгджээ. Тухайлбал Их Британи, Итали, Герман улсуудад Африкийн орнуудаас ирсэн зорчигчид Омикрон хувилбараар халдвар авсан нь нотлогдсон байна.
Их Британид хоёр тохиолдол бүртгэгдсэний дараа тус улсын Засгийн газар хорио цээрийн дэглэмээ чангатгаж, Африкийн дөрвөн улсыг агаарын тээврийн хоригтоо нэмжээ. Ингэснээр Ботсван, Эсватини, Лесото, Намиби, Өмнөд Африк, Зимбабве улсуудад агаарын тээврийн хориг тавиад байснаа Ангол, Малави, Мозамбик, Замби улсуудыг нэмжээ.
Өчигдрөөс эхлэн Их Британид ирж буй бүх зорчигчдоос PCR шинжилгээ авч, хариу баталгаажих хүртэл нь тусгаарлахаар болжээ. Хэрвээ Омикрон хувилбарын халдвар илэрвэл ойрын хавьтлын хүмүүсийг нь 10 хоног тусгаарлахаар болсон байна. Ингэхдээ вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран тусгаарлах ажээ. Мөн олон нийтийн газарт амны хаалт зүүх журмыг албажуулж, вакцины сэргээх тунд иргэдийг хамруулах ажлыг шуурхайлах арга хэмжээ авахаар болсноо Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Мозамбикаас Ром хотод ирсэн иргэнээс Омикрон хувилбарын вирус илэрснийг Италийн Засгийн газар өчигдөр мэдэгдлээ. Омикрон илэрсэн иргэний гэр бүлийн таван хүний шинжилгээний хариу эерэг гарч, Неаполь хотын ойролцоо тусгаарлагдаад байгааг Италийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас ирсэн хоёр зорчигчоос Омикрон хувилбар илэрсэн тухай Германы Макс фон Петтенкоферын микробиологийн хүрээлэнгээс өчигдөр мэдээлжээ.
Баасан гарагт Өмнөд Африкаас хоёр тусдаа нислэгээр ирсэн зорчигчдоос коронавирусийн халдварын нийт 61 тохиолдол илэрснийг Нидерландын Засгийн газар өчигдөр мэдээлсэн байна. Тэдгээрийн геномын шинжилгээний үр дүн өнөөдөр гарах бөгөөд Омикрон хувилбарын тохиолдол илрэх өндөр магадлалтай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
“Дэлхийн зарим хэсэгт вакцинжуулалтын хувь хэмжээ бага байгаа нь шинэ хувилбар бий болох гол нөхцөл болж байна. Дэлхий даяараа вакцинжуулалтад хамрагдах хүртэл тахлын аюул арилахгүй гэж ДЭМБ анхааруулсан нь ийм учиртай” гэж Империал Коллеж Лондоны профессор Питер Опеншоу ярьжээ.
Эх сурвалж: Associated Press
Сэтгэгдэл (6)