Монголчуудын цаг тооны тооллын талаар Зава Дамдин Ринбүчи, “Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуу нарын Eagle телевизид өгч байсан ярилцлагаас сийрүүллээ.
-Монголчууд цагаан сар дөхөөд ирэхээр цаг тооны тал дээр талцаж эхэлдэг. Зурхайч лам нар ч янз бүрээр тайлбарлах юм. Ер нь монголчуудын шинэлэх учиртай цаг хэзээ юм бэ?
Зава Дамдин Ринбүчи -Энэ их чухал асуулт. Зурхайч Л.Тэрбишийн гаргадаг Төгс баясгалантын зурхай буюу Төгс буянтын зурхайд эргэлзэх юм байхгүй. Төгс баясгалантын зурхайн түүх Чингис хаан Төвөдийг дайлаар эзлээд Чу мэргэн зарлиг болгож, зурхай зуруулснаас эхэлдэг. Чу мэргэн Кидан, Хүннүгийн үеэс эхлэн Монгол, Энэтхэг, Уйгур, Арабаар дамжин дэлхийд түгсэн түүхтэй. Сар, нарны тоолол бүгд Дорно дахин, Арабын орнуудаас дэлгэрсэн. Чингис хааны эзэлсэн орон бүр Чу мэргэний зурсан уг зурхайг дагах хууль гарсан байгаа юм. Тэндээс Сажа, Гармаагийн лам нар илүү сайн хөгжүүлж, Монголын Юань гүрний үед бүр илүү хөгжүүлжээ. Тэрнээс хойш шарын шашин Чу мэргэнийн зурхайг эш болгон авч, Төгс баясгалантын зурхайг уламжилжээ. Ер нь сарны тооллын зурхай их ойлгомжтой. Нарны тооллын зурхай жаахан хэцүү. Гэхдээ нийт дэлхий ертөнц нарны тооллын зурхайгаар 12 ордтой явж байна. V Далай ламын Гарнаг Зисүн буюу Хар, цагаан зурхайн номлолд Чингис хааны эл зарлигийн тухай бий. Хаврын эхэн сар яаж болж байгаа вэ гэдгийг монгол гэрээр хэмжиж болох хамгийн амархан аргыг өвгөн багш нар минь надад зааж өгсөн юм. Шинийн 15-ны дотор нарны тусгал ханын толгой дээр ирдэг байхгүй юу. Битүүний хувьд, сар битүүрч байгаа учраас битүүлнэ гэж ярьж байгаа юм. Мэдээж бас шинэ ондоо цатгалан сайхан орохын бэлгэдэл болгож битүүрдэг шүү дээ. Шинийн хоёрны сарыг харахад л мэдэгдэнэ дээ. Маргаад байх зүйл байхгүй. Төр түмэн нүдтэй. Нэг нүдээрээ харж байдаг шиг байгаа юм. Тийм учраас Л.Тэрбиш гуай руу дайрах ч явдалгүй. Шинжлэх ухааны академи Төгс баясгалантын зурхайг эсэргүүцдэггүй шиг байгаа юм. Төр ч энэ зурхайг дагаж байна. Биднийг бага байхад “Малчдын цаг тооны бичиг” гарч, цагаан сарыг “Малчны баяр” гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Гэтэл үнэндээ Чингис хааны зарлигаар тэмдэглэж ирсэн байна. Мэдээж тэрний өмнө бас л шинэлдэг байсан байх. Гэхдээ их хааны зарлиг гэдэг одоо ч гэсэн хэрэгжиж байгаа зүйл юм.
Д.Нямсамбуу -Монголчуудын цаг тооны түүх, зурхай миний мэргэжил биш. Гэхдээ цагаан сараа хэзээ тэмдэглэх талаарх маргаанд хариу өгье гэж бодлоо. Энэ маргаанд өгч буй хариулт маань буддын судлагдахуун эсвэл зурхайтай холбоогүй. Харин хамгийн энгийн түвшний одон орон судлалын ойлголтууд болон арифметикийн ухагдахуунд суурилах юм. Тэгэхээр цагаан сарыг нэгдүгээр сарын 27 эсвэл хоёрдугаар сарын 27-нд хийх эсэх нь өөрөө утгагүй маргаан юм. Өнөөдөр XXI зуун шүү дээ. Хүн төрөлхтний мэдлэг өндөр түвшинд хүрсэн энэ үед ийм маргаан дэгдээх нь бидний суурь мэдлэг, ерөнхий боловсрол, шинжлэх ухааны эргэцүүлэл сул байгааг харуулна. Цаашилбал үнэт зүйл, итгэл үнэмшил дундуур байгаагийн илрэл болов уу. Нэг жил 365 хоногтой. Дэлхий нарыг нэг бүтэн тойрох хугацааг жил гэж тооцдог. Харин хоног 24 цагт хуваагдана. Астрономийн утгаар бол, дэлхий тэнхлэгээрээ бүтэн нэг эргэх хугацаа. Тэгэхээр жил хэд хоногтой вэ гэдэг нь дэлхий нарыг тойрохдоо тэнхлэгээрээ хэд эргэдэг вэ гэсэн асуулт болж таарлаа. Бүдүүн тоймоор тайлбарлаж буйг ойлгоорой. Гэтэл дэлхийн нарыг нэг бүтэн тойрохдоо тэнхлэгээрээ яг 365 эсвэл 366 удаа эргэдэггүй байх нь ээ. Нарийн тооцвол бутархай тоо гарч ирдэг. Ойролцоогоор 365 хоног зургаан цаг эргэсэн байдаг. Гэтэл “бутархай өдөр” гэж байхгүй. Бид энэ шинэ жилийг 00:00 цагт тэмдэглээд, дараагийн шинэ жилийг 18:00 цагт тэмдэглэдэггүй. Шинэ өдөр эхлэх цагаар тооцож л тэмдэглэдэг. “Бутархай хүн” гэж үгүй. Нялх хүүхдийг ч хүн л гэж бүхлээр тооцдогтой адил хоногийг ч мөн тийн тоолно. Тэгэхээр бид хэчнээн 365 хоног гэж тоолсон ч цаана нь зургаан цаг үлддэг байх нь. Шинэ жилийг 00:00 цагт тэмдэглэсэн ч дэлхий яг шинээр эргэж эхлэх байрандаа ирэх хүртлээ зургаан цагийн зайд байдаг гэсэн үг. Тэгэхээр 366 хоногтой өндөр жил болохоос өмнөх гурван жилд энэ зургаан цагууд хуримтлагдаж, 18 цагийн зөрүү үүсгэнэ. Тиймээс л бутархай цагуудыг нийлүүлж, дөрвөн жил тутам 366 хоногтой жил таардаг учиртай.
Гэтэл өөр нэгэн асуудал бий. Дэлхий нарыг тойрохдоо нэг жил зургаан цаг бус, нэг жил таван цаг болох нь бий. Юрийн тооллоор дөрвөн жил тутам нэг өндөр жил тоолдог байсан ч өнөөх алдагдсан минутуудыг тоолдоггүй. Үүнээс болоод өнөөх алдагдсан минутууд нэмэгдсээр 400 жил тутам гурав хоногийн зөрүү гардаг. Энэ нь 1 200 жилийн дараа бараг 10 өдрийн зөрүү болжээ. Католик, ортодокс шашинтнууд Улаан өндөгний баяраа хаврын сүүлээр, өдөр шөнө тэнцэх үед тэмдэглэдэг байжээ. Гэтэл уг зөрүүнээс болж хаврын баяр нь зун руу улам ойртоод байж. Тэгмэгц 1552 онд аравдугаар сарын 4- ий маргааш нь аравдугаар сарын 15 болгосноор алдагдсан цагийг нөхсөн байдаг. Үүнийг Грегорын тоолол гэж нэрлэдэг. Энэ тооллоор дөрвөн жил тутам өндөр жил тэмдэглэдэг ч 100 дахь жил дээрээ өндөр жил тэмдэглэдэггүй. Ингэснээрээ асуудал шийдэгдэх үү гэвэл бас үгүй. Үүний цаана хэдэн секундын зөрүү гардаг. Тэр алдагдсан секундууд нийлж, 400 жилд нэг өдрийн зөрүү үүсдэг. Тэгэхээр ийм: Дөрвөн жил тутам 366 хоногтой нэг өндөр жил тэмдэглэнэ. Гэхдээ өндөр жилийг 24 удаа тэмдэглэсний дараа 25 дахь өндөр жилийг алгасна. Энэ нь 100 дахь жил дээр таарна. Гурван удаа өндөр жилийг алгассан хойно буюу 400 дахь жил дээрээ өндөр жилийг алгасалгүй тэмдэглэх ёстой. Юрийн тоолол, Грегорын тоолол хоёрын гол ялгаа энэ. Ингэснээр хэдэн мянган жилд ялгаа гарахаас биш, төдийлөн том зөрүү гарахгүй болж байгаа юм. Ийм учраас хятадуудын хэрэглэдэг шар зурхайд ч, монголчуудын барьдаг Төгс буянтын зурхайд ч нэг сарын зөрүү гарцаагүй гарч ирнэ. Харин тэр илүү сарыг хэрхэн нэмэх нь зурхай, цаг тоолол бүрт харилцан адилгүйд гол учир бий.
Сэтгэгдэл (41)